Ёс зүй хийгээд анти ёс зүй

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Ёс зүй хийгээд анти ёс зүй

Ёс зүй хийгээд анти ёс зүй

УИХ-ын гишүүн асан Мигэддоржийн Батчимэгийг өнгөрсөн Баасан гаригт хөдөөлүүллээ. 2012-2016 оны парламентад Ардчилсан намаас сонгогдон ажилласан тэрээр эрдэм мэдлэг, зан чанар, ёс зүй, зангарагийн хувьд улстөрч хүн ямар байх жишгийг харуулсан нэгэн байлаа. Хэрвээ монголчууд бид эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох хувь тохиох аваас тэр нь М.Батчимэг байх болно гэсэн итгэл найдварыг тэр олон эмэгтэйд төрүүлж чадсан. Сүүлийн хэдэн жил хүнд өвчинтэй тэмцсээр эцэст нь хорвоог харамсалтайгаар орхилоо.

Гэхдээ хүнд өвчнөөс өмнө түүнийг Монголын ёс зүйгүй улс төр, мөнгө, эрх мэдлийн араас үхэлдсэн улстөрчид, чадалтай нэгнийг хяхан хавчдаг тамын тогооны монголчууд аль эрт үхүүлсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь сүүлийн жилүүдэд түүнийг хэрхэн хэмэлж байсныг “Тайванийн тагнуулч” гэж нэрлэсэн улс төрийн бохир ажиллагаа харуулдаг. Энэ тухайгаа ч тэрээр тухайн үед ил захидлаар олон нийтэд хүргэж байсан.

/Тэрхүү захидлыг ЭНД дарж уншина уу/

Монголын нийгмийн төлөө ихийг хийж чадах байсан халуун сэтгэл, үнэн зүтгэлтэй, хангалттай мэдлэгтэй нэгнээ алдсан нь бидний азгүйнх. Харин бид ямаршуухан ёс зүйтэй хүмүүстэй үлдсэнийг өнгөрсөн долоо хоногийн хэд хэдэн үйл явдал харууллаа. Эдгээр нь зөвхөн нэг долоо хоногт өрнөсөн үйл явдал боловч нийгмийн болоод хувь хүний ёс зүй, зан суртахууны ялзралыг илтгэж байгаа юм.

УРВАЛТ

Аравдугаар сарын 15-нд явагдсан Орон нутгийн сонгуульд нийслэлийн Баянгол дүүрэгт АН-МАХН-ын эвслээс нэр дэвшин сонгогдсон Э.Магнайбаяр МАН руу урваж МАН-ын гишүүний үнэмлэхийг намын дарга У.Хүрэлсүхээс гардан авчээ. Э.Магнайбаяр нь МАХН-аас Баянгол дүүрэгт сонгогдсон ганц хүн нь байсан юм. Э.Магнайбаяр фэйсбүүк хуудастаа “Баянгол дүүргийнхээ 220 мянган иргэний эрх ашгийг бодож МАН-д элсэж байна. Цаг хугацаа бүхнийг шүүнэ! Дэвтэр дүүрэн захиа даалгаврыг хэрэгжүүлэх үүрэг даалгавар авсан. Үүнийгээ хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хүний хувьд амласнаа хэрэгжүүлэх боломж гэж харж байна” хэмээн сонголтоо тайлбарласан ч үнэндээ энэ бол сонголт биш эрх мэдлийн төлөөх урвалт юм. Урвасан, урвуулсан аль аль нь улс төрийн үзэл баримтлал, өөрийн гэсэн байр суурь, итгэл үнэмшил, ёс зүйн хувьд шидүүлсэн өндөг шиг л байлаа. Намынх нь нэрээр сонгогдоод өөр нам руу урвасанд нь уурссан хэсэг эмэгтэй Э.Магнайбаяр руу  өндөг шидэж, хөөрхий залуу дальдчин зогссон тэр дүр зураг олон зүйлийг өгүүлсэн. Өндөгөөр шидүүлэлгүй цэвэрхэн урвагсад захаас аван байна. Урвалтыг уучлахгүй байх, нэг урвасан хүн дахиад урвадаг гэсэн зарчмыг их эзэн Чингис хаан хатуу мөрддөг байсныг бид мэднэ. Урвалтаас урган гарах гарз хохирол нөхөгдөшгүй, үндэстнээ сүйрүүлэх хэмжээний гэдгийг өвөг дээдэс бидэнд сургамж болгон үлдээсэн.

ГЭМИЙГ ГЭСГЭЭХГҮЙ БАЙХ НҮГЭЛ

Эрх мэдлээ ашиглан ЖДҮДС-аас зээл авсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад шүүхээс ногдуулсан 2.6 жилийн хорих ялыг 40 сая төгрөгийн торгох ялаар сольсон нь олны дургүйцлийг төрүүллээ. 2016-2020 оны МАН-ын үнэмлэхүй олонх бүхий парламент эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж жирийн бизнес эрхлэгчдэд очих ёстой ЖДҮДС-гийн мөнгийг хуваан авсан нь ёс зүйтэй нийгэмд бол хувь улстөрчдийн хувьд дахин улс төрд орж ирэхгүй байх, улс төрийн хүчний хувьд эрх мэдлээ алдах хангалттай шалтгаан юм.

Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр тоглосон МАН бүр дахин үнэмлэхүй ялалт байгуулж, уг хэрэгт нэр холбогдсон зарим сэмхэн албан тушаалд очиж, шүүхээс ял авсан нь хоригдох ялаа торгуулиар солиулж дөнгөж байгаа нь эрх мэдэлтнүүд сүр хүчиндээ бардаж хуулийг уландаа гишгэсэн, иргэдийг басамжилсан тохуурхал юм.

ЭРХ МЭДЛИЙГ СОНГОГЧДЫН ИТГЭЛЭЭС ИЛҮҮД ҮЗЭВ

Монголын хүн амын тал хувь нь оршин суугаа Улаанбаатар хот өнгөрсөн Баасан гаригт шинэ Захирагчтай боллоо. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар гишүүний суудлаасаа татгалзан байж, хотын даргын албан тушаалд очлоо. Уг нь УИХ-ын гишүүн гэдэг бол Монгол улсын хамгийн дээд албан тушаал юм. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар үнэхээр нийслэлчүүд биднийхээ сайн сайхны төлөө эрхэм гишүүний суудлаа зольсон хэрэг биш. Нэгдүгээрт, нийслэл хот гэдэг бол том төсөв эргэлддэг газар, хоёрдугаарт, ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төр эхэлсэн хэрэг. Итгэл өгөх сонгосон сонгогчдын саналыг эрх мэдлийн төлөө золино гэдэг бол мөн л ёс зүйгүй үйлдэл.

МУУ ҮГ МОДОН УЛААТАЙ

Өмнөх засгийн үед Эрүүл мэндийн яамыг удирдаж байгаад шинэ төрийн өнгөн дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг толгойлох болж “мэргэшсэн сайд” гэсэн шинэ нэр томъёоны эзэн болсон Д.Сарангэрэл чуулганы хуралдаанд ёс зүйгүй гэдгээ нотлох мэдэгдэл хийсэн. Монголын эдийн засгийн гол салбар болгон хөгжүүлнэ, тэргүүлэх салбар болгоно гэж олон жил ярьж байгаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх стратегиа “Визний хяналтаа чангатгаад хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлбэл урд хөршийн мөнгөтэй иргэдийг сэгсрэх боломж байна, залуучуудын хэлдгээр” хэмээн тодорхойлсон нь олон хүний амыг ангайлгалаа. Үг гэдэг бол тухайн хүний толгойд соёолсон бодлын илэрхийлэл, төрийн сайд нь, тэр дундаа МАН-ын мэргэшсэн сайд нь ийм үгийг хууль тогтоох байгууллагын индэр дээрээс амнаас унагах нь ёс зүйн ямар түвшинд байгааг илтгэлээ.

Төрийн хүний амнаас гарч байгаа үг болгон ардаа хариуцлага дагуулж байдаг гэдгийг улстөрчид тоохоо байжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сард ГХЯ-нд ажиллах үеэрээ “Чөлөөт зах зээл байхгүй гэж ойлгож байгаа. Энэ бол миний баримталж байгаа бодлого шүү. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл л гэж байна” гэж хэлсэн үг одоо болтол араасаа тайлбар шаардсаар байна. “АмЧам” буюу Монгол дахь Америкийн Худалдааны танхим сар бүр ээлжит уулзалтаа хийж, уулзалтандаа төрийн түшээдийг урьж, эдийн засаг, санхүү, бизнесийн орчны талаар санал бодлыг нь сонсч ярилцдаг. Аравдугаар сарын уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцсон бөгөөд оролцогчид чухамхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ГХЯ-нд хэлсэн үгийн утга учрыг тайлбарлуулснаас харахад ёс зүй гэдэг бол зөвхөн үйлдэл биш гэдгийг ойлгож болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж