Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулаад буй. Энэ сарын 27-31-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр баруун болон говийн аймгуудын нутгаар цас орж эрс хүйтрэх төлөвтэй байна. Нэн ялангуяа тариалангийн бүс нутагт намрын ургац хураалт оройтож, гаднаас гурил импортолж болзошгүй байгаа юм. Энэ онд улаанбуудайн хэрэгцээг 100 хувь, төмсийг 140 хувь, хүнсний ногоог 60 хувиар тус тус хангана гэж тооцоолж байсан ч болц гүйцээгүй чанаргүй ургац их байгаа тул хэрэгцээгээ хангаж чадахгүй, гаднаас буудай импортолж авах нөхцөл үүссэн байна.
Энэ талаар ХХААХҮЯ-ны бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Есдүгээр сард тариалангийн бүс нутгаар үргэлжилсэн аадар бороо, хур тунадастай байсан нь ургац хураалт хойшлох, цаашлаад төлөвлөж байсан ургац хураалтын чанарт сөргөөр нөлөөлж зарим талбай тэжээл рүү шилжих зэрэг асуудал гарч байна.
Улаанбуудайн хувьд дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд тариалалт хийж байгаа. Наймдугаар сарын 25-ны ургац хураалтын урьдчилсан балансаар дотоодын хэрэгцээг хангахуйц хэмжээнд байгаа. Гэсэн ч ургац хураалтын дараа нь дүнг гаргана. Мэдээж хур тунадасны улмаас төлөвлөсөн балансаас доогуур гарах, улсын хэмжээнд 20 мянга орчим га талбай тэжээл рүү шилжих асуудал гарч байна. Ямартай ч ургац хураалтын дараа нь гурилын хэрэгцээний дүн тодорхой гарна” гэх тайлбар өгч байгаа юм.
Ургац хураалтын талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар үр тарианы ургац хураалт 70 хувьтай байгаа үргэлжилж байгаа аж. Мөн төмснөөс бусад хүнсний ногооны ургац хураалт 60 хувьтай буюу дуусах шатандаа байгаа гэнэ. Гэсэн ч намрын ургац хураалт оройтоход энэ жилийн хувьд тариалангийн бүс нутагт хур тунадас их орсны улмаас болц дутуу, чанаргүй, ургац авах асуудал тулгарч байгаа аж.
Өөрөөр хэлбэл, намрын налгар өдрүүдэд тариалалтын болц гүйцдэг байсан бол энэ жил тариалангийн бүс нутагт үргэлжилсэн аадар бороо, цасны улмаас ургацын болц дутуу, чанаргүй, ургац авах, зарим нь тэжээл рүү шилжиж буй асуудал гарч байгаа гэнэ. Ургац хураалт оройтоход ганцхан сар үргэлжилсэн аадар бороо нөлөөлөөгүй, олон хүчин зүйл шалтгаалжээ.
Тодруулбал,өнгөрсөн тавдугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц, таримлын соёололтод сөргөөр нөлөөлжээ. Мөн өнгөрсөн зуны гурван сар тариалангийн бүс нутгаар хур тунадас орж, үргэлжилсэн борооны улмаас таримлын болц оройтох, хяруунд өртөх болжээ. ХХААХҮЯ-ын ургац хураалтын урьдчилсан баланс мэдээгээр мөн дээрх эрсдэлийг тооцож гурил үйлдвэрлэлд нийлүүлэгдэх буудайн хэмжээг 20 хувиар бууруулан тооцжээ.
Энэ жил улсын хэмжээнд нийт 536.6 мянган га-д тариалалт хийсэн байна. Үүнийг задалбал, 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай тариалжээ. Мөн 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал тус тус тариалсан байна. ХХААХҮЯ-ны урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэж үзсэн байна. Гурилын балансаар, таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан гурил үйлдвэрлэлд нийлүүлэгдэх боломжтой 398.0 мянган тонн буудайн хэмжээг 20 хувь буюу 79.6 мянган тонноор бууруулж тооцжээ. Энэ нь гурил үйлдвэрлэлд 318.4 мянган тонн буудай нийлүүлэгдэнэ гэж үзсэн байна.
Б.ЦЭЦЭГ