Урагшилдаггүй нийтийн тээвэр ухамсаргүй "туулайнууд"

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

Урагшилдаггүй нийтийн тээвэр ухамсаргүй "туулайнууд"

Урагшилдаггүй нийтийн тээвэр ухамсаргүй "туулайнууд"

Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрээд таван жилийн нүүр үзжээ. Эхэн үед иргэд шинэ үйлчилгээнд дасахгүй бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг байсан. Харин одоо картны хэрэглээ нэмэгдэж, иргэдийн ухамсар ч дээшилсэн болохыг жолооч нар хэлж буй. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 98 чиглэлд 934 автобус иргэдэд үйлчилж байгааг албаныхан мэдээллээ. Гэхдээ зарим жолооч нар бэлэн мөнгөөр үйлчилж, нийтийн тээврийн ачааллыг зорчигчид “туулайчлах” явдал буурахгүй байна.

Энэ он гараад нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ картаа уншуулж, мөнгөө төлөөгүй 1200 орчим иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ. Үүний 670 орчим нь зөвхөн есдүгээр сард илэрсэн зөрчил ажээ.

Өнгөрөгч Баасан гаригийн оройн 18.00 цагийн үед Спортын төв ордоны эсрэг талын автобусны буудлаас Хайлааст чиглэлийн нийтийн тээвэрт суулаа.  Сургууль, цэцэрлэг, ажил төрөл ид тардаг, хүмүүс гэртээ харихаар бужигнадаг, нийтийн тээврийн ачаалал нь хэтэрдэг оргил үе.

Уг автобусанд сууж буй 10 хүний зургаа нь карт уншуулсан бол гурав нь бэлэн мөнгө өгч байв. Харин нэг хүний үлдэгдэл мөнгө хүрэлцээгүйн улмаас картаа цэнэглүүлэхээр буусан юм. Зарим нь картаа уншуулах ч үгүй орчих юм.

"ИД АЧААЛЛЫН ҮЕД НЭМЭЛТ АВТОБУС ЯВУУЛАХ ШААРДЛАГАТАЙ"

Автобусны жолооч Т.Цэрэндаваа “Нэг үеэ бодоход иргэдийн ухамсар дээшилж, нийтийн тээврээр зорчихдоо карт ашигладаг болсон. Гэвч зарим хүмүүс картаа цэнэглэхгүй эсвэл үнэ төлбөргүй үйлчлүүлэх сонирхолтой байдаг. Ихэвчлэн өглөө ажил, сургуульдаа явах үеэр зорчигчид “Автобусны карт цэнэглэх цэг ажиллахгүй байна , цэнэглэж чадсангүй” гэж хэлдэг. Зарим нь “Ажил төрөлдөө яарч байна” гээд картаа уншуулалгүй явчихдаг. Зарим араас нь дуудаад байхад л чимээгүй гүрийгээд явдаг гэв.

Мөн "Замын түгжрэл ихтэй үед шугамын автобуснууд нэг талдаа гарч, зогчигчид 30-40 минут автобусны буудал дээр хүлээх үе гарна. Манай компанийн хувьд нэмэлт автобус явуулаагүй. Уг нь ажил эхлэх, тарах ачаалалтай цагаар шугамын автобусны тоог нэмэх шаардлагатай байдаг. Хайлаастын чиглэлд ажлын өдөр найман автобус явдаг” тухай хэлж байв.

Тус чиглэлд үйлчлүүлж явсан иргэн С.Туяа “Миний хувьд өдөр болгон сургуулийн хүүхэд зөөж, автобусаар явдаг. Би картаа саяхан сунгуулсан. Ихэвчлэн тав, 10 мянган төгрөгөөр картаа цэнэглэчихдэг. Заримдаа автобусны картаа цэнэглэж амжаагүй бол бэлэн мөнгөөр зорчдог” гэдгээ нуусангүй.

Энхтайвны өргөн чөлөө-Таван шар-Офицерын ордны чиглэл хамгийн ачаалалтай байдаг бол Дүнжингарав-Хүннү 2222-хороолол гээд гурван автобустай чиглэл хамгийн бага ачаалалтай байдаг ажээ.

“ӨДӨРТӨӨ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИРГЭДИЙН КАРТЫГ ЦЭНЭГЛЭДЭГ”

“Ер нь нийтийн тээврийн ачаалал их шүү дээ. Тэр дундаа ажил, сургууль эхлэх, тарах цагаар хүн суухын аргагүй байдаг. Улаанбаатар хотын иргэд олон машин унаж байхаар нийтийн тээврээ хөгжүүлвэл замын түгжрэл буурна гэж боддог. Нийтийн тээврийн үйлчилгээ нэвтэрснээр зорчигч болон тухайн автобусны компанид давуу талтай болсон. Үүний хажуугаар зарим хүмүүс автобусаар үнэгүй зорчих сонирхолтой байдаг. Ачаалалтай цагаар үйлчлүүлэхдээ картаа цэнэглэж амжаагүй бол дэргэдэх хүнийхээ картыг уншуулж, тэр хүндээ бэлэн мөнгийг нь өгч зөв байдлаар үйлчлүүлж болно шүү дээ. Зарим ухамсаргүй иргэдэд шаардлага тавихаар хүлээж авахгүй, хэрэлддэг. Тиймээс хүмүүст ухамсартайгаар нийтийн  тээврээр зорчихыг хүсье” хэмээн автобусаар үйлчлүүлж яваа Н.Батпүрэв хэлсэн юм.

Ард кино театрын буудалд байрлах U-Money карт цэнэглэх цэгээр 10 жилийн сурагчид үйлчлүүлж, автобусны картаа цэнэглүүлж байв. Тэд 1000, 2000 төгрөгөөр картаа цэнэглүүлж харагдана. “Иргэд нэг үеэ бодоход автобусны картаа тогтмол цэнэглүүлж, үйлчлүүлдэг болсон. Зуны улиралд амралт, зугаалгын цагаар хүмүүс картаа цэнэглүүлэх нь багасчихдаг. Бусад үед дажгүй ээ. Ихэнх иргэд 500, 1000, 2000, 5000 төгрөгөөр картаа цэнэглүүлдэг. Их мөнгөөр цэнэглүүлдэг хүн ховор доо. Бид автобусны карт цэнэглэх төхөөрөмжөө цэнэглэхдээ хувиасаа мөнгө төлж, нэг хувийн ашиг авдаг. Би сардаа энэ төхөөрөмжөө 10 сая төгрөгөөр цэнэглэхэд 100 мянган төгрөгийн ашиг авдаг гэсэн үг. Дэндүү бага хувийг өгч байна. Өдөртөө 500 мянган төгрөгөөр иргэдийн картыг цэнэглэдэг. Өглөө эрт автобус явж эхлэх үеэр 06.00 цагт ажиллаж, орой тарах хүртэл нь ажилладаг”-аа худалдагч эмэгтэй хэллээ.

Карт цэнэглэх цэгээр үйлчлүүлж буй Э.Аззаяа охин “Би автобусаар үйлчлүүлэхдээ дандаа хүүхдийн картаа цэнэглэж, ашигладаг. Заримдаа картаа цэнэглүүлэх гэхээр карт цэнэглэх цэг нь ажилладаггүй. Автобусаар явж байхад том хүмүүс картаа уншуулахгүй явах нь бий. Зарим нь хугацаа дууссан, мөнгөөр цэнэглээгүй картаа уншуулчихаад жолоочтой хэрэлддэг. Манай найзууд ч гэсэн мөнгөө төлөхгүй явчихдаг. Миний бодлоор ямар чиглэлийн автобус хаана явж байгааг хардаг аппликейшныг интернэт ашиглахгүй хэрэглэдэг бол илүү амар байдаг” талаар саналаа хуваалцлаа.

ЗОРЧИХ ХӨЛСӨӨ ТӨЛӨӨГҮЙ ИРГЭНИЙГ 10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОДОГ

Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтад “Зорчих хөлсөө төлөөгүй иргэнд 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулдаг. Харин жолооч бэлэн мөнгө авсан бол уг хуулийн 14.6.9  зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээг авдаг хуулийн заалттай. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Цэвээндорж мэдээлэхдээ “Сүүлийн үед иргэд нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих зөрчил их гарч байна. Тэр болгоныг таслан зогсоохоор хяналт шалгалтыг хийж, арга хэмжээ авдаг. Нийт 20 байцаагч сар бүрийн хуваарь гаргаж, удирдамжийн дагуу ажилладаг.

Шалгалтын үеэр жолооч болон зорчигч нарт хариуцлага тооцдог. Энэ он гараад нийтдээ 1200 орчим иргэнд торгууль ногдуулсан. Эдгээрээс зөвхөн есдүгээр сард л гэхэд 670 орчим зөрчил илэрсэн. Мөн 1000 орчим жолоочид торгууль ногдуулсан. Иргэд торгуулиа төлдөг  ч зарим цөөн иргэд торгуулиа төлөхгүй зугтаадаг. Тийм иргэдийг шүүхийн байгууллага руу шилжүүлж, торгуулийг нь барагдуулах ажлыг хийдэг юм. Иргэдийн зүгээс U-money карт цэнэглэх цэг ажиллаагүй, амжсангүй, картаа аваагүй, аль нэг дүнтэй давхар картаа уншуулсан гэж хэлдэг. Энэ бүх хариуцлагагүй явдлаас шалтгаалан нийтийн тээврийн орлого буурч байна” гэв.

“ИРГЭД ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДАЖ БАЙГАА БОЛ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ”

Дараагаар нь Нисэх чиглэлийн нийтийн тээвэрт суув. Автобусны буудал зогсч, хаалга онгойход хүмүүс дайрч эхэллээ. Зарим нь картаа уншуулж, зарим нь бэлэн мөнгө өгч, заримынх нь картны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэх аж.  “Ажил эхлэх, тарах цагаар иргэд аль болох картаа уншуулж зорчдог. Харин өдрийн цагаар нийтийн тээврийн ачаалал бага үед картаа уншуулахгүй үйлчлүүлэх тохиолдол гардаг.

Автобусны газруудад U-Money карт цэнэглэдэг газар их ховор. Ялангуяа гэр хорооллын захын буудал дээр байдаггүй. Хотын төв хэсгээр л ганц нэг харагддаг. Хүмүүс чинь өөрийнхөө картыг уншуулж үйлчлүүлэхээс бусдын өмнөөс картаа тэр болгон уншуулаад байдаггүй. Карт цэнэглэдэг газрууд нь ховор болохоор картан дахь мөнгөө гамнаад хүний өмнөөс уншуулахыг хүсдэггүй.

Зарим иргэд картаа уншуулахгүй сонссон ч сонсоогүй юм шиг шууд яваад орчихдог. Тэр болгоны араас гүйгээд, “Мөнгөө төлөөд яв ” гэж шаардах боломжгүй. Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог иргэдээс гадна янз бүрийн үнэмлэх үзүүлж явдаг зорчигчдын тоо нэмэгдэх болсон. Дунджаар нийт зорчигчдын 30 хувь нь ямар ч хамаагүй ажлын үнэмлэх үзүүлж, үнэ төлбөргүй автобусаар зорчдог. Автобусаар голдуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, сургуулийн насны сурагчид байдаг. Манай Нисэх чиглэлд орой, өглөөд дандаа ахмад настан, сургуулийн сурагчид үйлчлүүлдэг. Өглөө эрт жижиг суудлын машинууд автобустай адил үнээр тав, зургаагаар нь мөнгөтэй хүмүүст үйлчилдэг”. Хэн автобусанд чигчэлдэж, явахыг хүсэх вэ дээ” хэмээн “Автотерминал” компанийн жолооч Б.Алтансүх хэлж байв.

Зорчигч Б.Соёлмаа “Нисэх чиглэлийн автобусны ачааалал харьцангуй бага байдаг. Харин бага зэрэг хүйтэн санагддаг. Автобусаар явж байхад хүмүүс бэлэн мөнгөөр их үйлчлүүлэх юм.  Жолооч заримдаа тэр хүмүүст үйлчлэхгүй гээд буулгачихаар “Ажил, хичээлээсээ хоцрох гээд “Автобусанд суулгачих” гээд гуйдаг. Жолооч нь тэр хүнийг авах хэцүү, авахгүй байх хэцүү байдалд ордог. Заримдаа яарч сандарч байгаад картаа цэнэглэж чадахгүй тохиолдол ч гарна шүү дээ” гэв.

“Нийтийн тээврийн үйлчилгээ нэг талдаа сайжирсан. Нөгөө талдаа автобусаар үйлчлүүлж буй иргэд иргэнийхээ үүргийг бүрэн гүйцэт биелүүлж чадахгүй байгаад харамсдаг. Мөн “Зөвхөн картаар үйлчилнэ” гэчихээд жолооч нар бэлэн мөнгө авч байна. Үүнд хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Иргэд эрхээ эдэлж чадаж байгаа бол үүргээ биелүүлэх ёстой” гэдгийг зорчигч П.Ядамжав хэлсэн юм.

“Автобусаар зорчихдоо бэлэн мөнгө төлөхөөс илүү карт ашиглах нь амар санагддаг. Заримдаа автобусны картаа мартаж, үнэ төлбөргүй зорчих тохиолдол бий. Миний хувьд өдөр бүр нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Өдөрт сургуулиасаа тараад сургалтандаа явдаг” гэдгийг 12 дугаар ангийн сурагч С.Амарзаяа хэллээ.

“НИЙТИЙН ТЭЭВРИЙН ОРЛОГО 20-30 ХУВЬ БУУРСАН”

Нийслэлийн Нийтийн тээврйин үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “Нийтийн тээврийн орлого буурч, улсын төсөвт төвлөрөхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар 98 чиглэлд 934 автобус үйлчилдэг. Иргэд зүгээс мэдээлэл өгөхдөө “Жолооч нар бэлэн мөнгөөр үйлчилж байна” гэдэг гомдол саналыг ихээр өгдөг.  Манай байгууллагын 20 байцаагч өдөр болгон нийтийн тээврийн шугам, замыг шалгалт хийнэ. Нийт 934 автобусанд 20 байцаагч хүрч ажиллахгүй боломжгүй байдаг. Тиймээс энэ төрлийн зөрчлийг бүрэн хянах боломжгүй. Нийт зорчигчдын 50 орчим  хувь нь л мөнгө төлдөг. Бусад нь хөнгөлөлттэй юм уу, үнэ төлбөргүй зорчдог гэсэн үг. Нийтийн тээврийн газрын орлого өнгөрсөн жилтэй харьцуулахад 20-30 хувь буурсан” гэлээ.

Мөн тэрбээр “Өглөөний ачаалалтай цагуудад 13 цэгээс 28 автобус нэмэлтээр дундын цэгүүдээс богино эргэлтээр явж байгаа. Нийтийн тээврийг өглөө 06.00 цагаас явуулахад их хүндрэлтэй. Одоо нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нар өглөө гэрээсээ 04.30 цагт гарч, бааз дээрээ ирээд автобусаа шалгуулж, эмчийн үзлэгт ордог. Тэгээд өглөөний 06.00 цагаас баазаа гарч, тухайн автобусны буудлын эцсийн цэг дээр очиж зорчигчдоо авдаг. Дээр нь нэмээд одоо өглөөний 06.20,06.30, 6.40 цагууд гэж байгаа ч цагийг урагшуулахад мөнгө санхүүжилтын асуудлыг ярьж эхэлнэ. Жишээлбэл, нэг автобусанд 10 минут нэмэгдэхээр 934 автобусанд хэдэн цаг нэмэгдэх билээ. Шууд шийдвэрлэчихэж болох ажил биш л дээ. Нийтийн тээврийн парк шинэчлэл хийх талаар ярьж байна. Бараг 2014 оноос хойш парк шинэчлэл огт хийгээгүй. Эхнээсээ 11 цахилгаан автобус нэмэгдсэн” гэдгийг хэлж байв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж