Дональд Трамп дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

Дональд Трамп дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ?

Дональд Трамп дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ?

Ерөнхийлөгч Дональд Трамп зөвхөн улсын удирдагч төдий биш, дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэгээр нэрлэгддэг. Өнөөдөр дэлхий өмнө нь байснаасаа өөрчлөгдсөн бүхэнд Трамп их бага хэмжээгээр хамаатай гэдэг. Гэхдээ Трамп бодит байдал дээр дэлхийг чухам яаж өөрчилсөн талаар BBC агентлаг ийнхүү тоймлон хүргэсэн байна.


ДЭЛХИЙ АНУ-ЫГ ХЭРХЭН ХАРДАГ ВЭ?

Ерөнхийлөгч Дональд Трамп хэд хэдэн удаа “АНУ бол дэлхийн хамгийн агуу орон” хэмээн тунхагласан билээ. Гэвч Пью судалгааны төвийн зохион байгуулсан 13 улсыг оролцуулсан судалгаанаас харахад тэрбээр дээрх ухуулгаа гадаад улсуудад хангалттай хийгээгүй бололтой.

Үүнд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйлүүдийн нэг нь цар тахлын хямрал байсан юм. Тухайлбал, Америкчуудын ердөө 15 хувь нь АНУ цар тахлын үед зөв арга хэмжээ авсан хэмээн үздэг аж.

ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ

Трамп цаг уурын өөрчлөлтөд төдийлөн санаа зовдоггүй нэгэн гэж олон хүн боддог. Гэвч тэрбээр заримдаа энэ сэдвийг “Маш чухал, ноцтой сэдэв” хэмээдэг ч заримдаа “Энэ бол маш өртөг өндөртэй хууран мэхлэлт” гэж тодорхойлдог тул дотроо чухам юу гэж боддогийг нь мэдэх аргагүй юм. Гэхдээ Трамп ажлаа аваад хэдхэн сар болж байхдаа цаг уурын өөрчлөлтийг багасгах Парисын олон улсын хэлэлцээрээс гарахаа мэдэгдсэн билээ.

Тус хэлэлцээрт 200 улс нэгдэж, дэлхийн дулаарлыг тогтвортой тогтоон барих үүрэг хүлээсэн байдаг ба Трампын шийдвэр олон эрдэмтдийн дургүйг хүргэж байсан юм. Гэвч Трамп хожим Жо Байдентай халз мэтгэлцээн хийхдээ “Энэтхэг, Хятад зэрэг орнууд агаарыг маш ихээр бохирдуулж, дэлхийн дулаарлыг маш их дэвэргэж байхад АНУ ямар ч буруу зүйл хийгээгүйнхээ төлөө дэлхийн дулаарлыг барихын тулд асар их мөнгө зарцуулах нь шударга бус санагдсан юм” хэмээн дээрх шийдвэрээ тайлбарласан аж.

Чухамдаа АНУ бол БНХАУ-ын дараа орох дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч орон юм. Мөн эрдэмтэн судлаачдын таамаглаж буйгаар хэрвээ Трамп дахин сонгогдвол дэлхийн дулаарлыг тогтоон барих, хяналтандаа байлгах гэдэг ямар ч боломжгүй асуудал болох гэнэ. Трамп тухайн үедээ Парисын хэлэлцээрээс гарсан талаараа “Хэлэлцээрт хэрвээ хэвээрээ үлдсэн бол Америкийн онц хэрэгцээтэй үйлдвэрлэгчид ажлаа хийж чадахгүйд хүрэх байлаа” хэмээн тайлбарлаж байсан билээ. Тийнхүү Трамп өөрийн дураар нүүрс, газрын тос, байгалийн хий олборлох зардлыг багасгахын тулд бохирдлын тухай журмыг үгүй хийсэн юм. Ингэснээр АНУ-ын нүүрс, газрын тос, байгалийн хийн олборлотоос гарч буй бохирдлыг хянах боломжгүй болсон хэдий ч олборлотын өртгийг бууруулсан нь улсын сэргээгдэх эрчим хүчний төлөөх хичээл зүтгэлийг нэмэгдүүлсэн сайн талтай. Тухайлбал засгийн газрын тайлангаас харахад 2019 онд АНУ сэргээгдэх эрчим хүчний аргаар уламжлалт буюу нүүрс түлснээс илүү хэмжээний эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Энэ бол 130 гаруй жилийн түүхэнд байгаагүй амжилт юм. Трампын Парисын хэлэлцээрээс гарсан шийдвэр албан ёсоор арваннэгдүгээр сарын 4-нөөс буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаашнаас хэрэгжиж эхлэх юм. Гэхдээ хэрвээ Жо Байден ялалт байгуулбал түүний хамгийн түрүүнд хийх ажлуудын нэг нь Парисын хэлэлцээрт эргэн нэгдэх явдал хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм. Харин эсрэгээрээ АНУ Парисын гэрээнд нэгдэхээс татгалзсан хэвээр байвал бусад оронд муу үлгэр дуурайл болж, улмаар Бразиль Саудын Араб зэрэг орнууд цаг уурын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээгээ багасгаж болзошгүй юм.

ХИЛИЙН ХОРИО

Трамп Ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд хийсэн ажлуудын нэг нь цагаачлалын эсрэг арга хэмжээнүүд билээ. Тэрбээр эхний ээлжинд Исламын шашинт долоон оронд хилээ хааж, аялагчдыг нь улсдаа нэвтрүүлэхээс татгалзсан юм. Харин одоогийн байдлаар энэ тоо 13 болон өсчээ. Мөн АНУ-д амьдардаг гадаад хүний тоо 2019 оны байдлаар Обамагийн сүүлийн жил буюу 2016 оныхоос гурван хувиар илүү байжээ. Гэхдээ цагаачлалын асуудал ерөнхийдөө асар ихээр өөрчлөгдсөн юм.

Графикаас харахад Трампын засаглалын үед Мексик гаралтай цагаачдын тоо бусад улсыхтай харьцуулахад ганцаараа багасч, бусад орнуудых өмнөх жилүүдийнхээс багаар хэдий ч аажмаар нэмэгджээ. Хэрвээ Трампын цагаачлалын бодлогыг зургаар илэрхийлбэл яг л Мексикийн хил дагуулан барьсан шиг нь “том, гайхалтай, сүр хүчтэй хашаа” байх бололтой. Тэрбээр Мексикийн хилийн дагуу асар их хөрөнгөөр маш урт хашаа барьсан ч энэ нь мексикчүүдийн америкт очих гэсэн цөхрөнгөө барсан оролдлогуудыг огтхон зогсоогоогүй юм.

Тухайлбал, АНУ, Мексикийн хил дээр саатуулагдсан цагаачдын тоо 2019 онд 12 жилд байгаагүйгээр ихэссэн аж. Тэдний талаас илүү нь ихэвчлэн эх оронд нь хүчирхийлэл гарч, шинэ газар шинээр амьдрахаас аргагүй болсон Гватемал, Гондурас, Эль Сальвадорын гэр бүлүүд гэнэ.

Трамп эдгээр дүрвэгчдэд олдох боломжийг асар ихээр багасгасан юм. Тоо баримтаас харвал, 2016 онд нийт 85 мянган дүрвэгч Америкт ирсэн бол дараа жил нь энэ тоо 54 мянга болон багассан байна. Цаашлаад мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар 2021 онд америкт нэвтрэх дүрвэгчдийн тоо 15 мянга орчим байх нь 1980 оноос хойш бүртгэгдэж буй хамгийн бага тоо болж магадгүй аж.

ОЙРХИ ДОРНОД, ТӨГСӨШГҮЙ ДАЙН

2019 оны хоёрдугаар сард Трамп Сириэс цэргүүдээ татах шийдвэр гаргахдаа “Агуу үндэстэн төгсөшгүй дайнд тулалддаггүй юм” хэмээн хэлж байжээ. Гэхдээ Трамп арай ч бүх цэргээ татчихсангүй. Тэрбээр Сирий дэх газрын тосны уурхайнуудыг хамгаалуулах зорилгоор 500 цэргийг үлдээсэн юм. Трамп Ерөнхийлөгчийн суудалд сууснаасаа хойш Афганистан, Ирак, Сирид байрлаж байсан цэргүүдийнхээ тоог багасгасан хэдий ч аль ч орноос бүх цэргээ татсангүй.

Мэдээж ойрхи дорнодод цэргийн хүчнээс өөрөөр нөлөөлөх олон арга бий. Трамп 2018 онд АНУ-ын элчин сайдын яамыг Тель Авив хотоос Иерусалем хотруу нүүлгэснээр өмнөх Ерөнхийлөгчдийн эсэргүүцлийг дуусган Израилын эзэлсэн газар нутгуудыг төдийгүй Иерусалем хотыг нийслэл хот болсон гэдгийг хүлээн зөвшөрсөн юм. Мөн өнгөрсөн сард Арабын нэгдсэн Эмират, Бахрейн нар Израилтай хэлэлцээр байгуулж, хэвийн харилцаатай болсноо зарлахад Трамп “Ойрхи дорнодод шинэ наран мандаа” хэмээн тунхаглаж байжээ. Дээрх үйл явдал бол Трампын хамгийн үнэлүүштэй улс төрийн амжилтуудын нэг мөн. Учир нь Эмират, Бахрейн хоёр Персийн булангийн улсууд ийнхүү Израилыг 1948 онд тусгаар тогтнолоо зарласнаас нь хойш хүлээн зөвшөөрч буй гурав болон дөрөв дэх орнууд болсон аж.

ХУДАЛДААНЫ ГЭРЭЭНИЙ УРЛАГ

Трамп өөрийн хийгээгүй бусад гэрээнүүдийг “үзэн яддаг” бололтой. Учир нь тэрбээр ажлаа авсан эхний өдрөө Барак Обамагийн байгуулсан 12 худалдааны гэрээг “аймшиг” хэмээн тодоройлоод, шууд цуцалсан юм. Түүний цуцалсан гэрээнүүд ихэвчлэн Хятадад ашигтай байсан бөгөөд тэрбээр дээрх гэрээнүүдийг Ази, Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын нөлөөг хязгаарлах гэсэн Бээжингийн бодлого хэмээн дүгнэжээ. Гэвч тус гэрээнүүдийг цуцалсан нь Америк дотооддоо ажлын байруудыг ихээр цөөрөх шалтгаан хэмээн үзсэн шүүмжлэгчид олон байсан аж. Мөн Трамп хойд Америкийн Канад, Мексиктэй хийсэн чөлөөт худалдааны гэрээг “Хамгийн муу худалдааны гэрээ” хэмээгээд, шинэчлэн байгуулсан юм. Ийнхүү шинэчлэхдээ тэрбээр ихэнх заалтыг хэвээр нь үлдээсэн ч хөдөлмөрийн тухай болон автомашины эд ангиар хангах тухай заалтуудыг чангатгасан аж.

Трампын харсан хамгийн гол зүйл бол АНУ дэлхийтэй худалдаа хийснээр олж болох ашиг хонжоо байв. Үүний нэг жишээ нь хоорондын бараа бүтээгдэхүүнүүдэд хэдэн зуун тэрбум долларын татвар ноогдуулсан дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг болох Америк, Хятадын худалдааны дайн билээ. Хоёр улсын хоорондоо тогтоосон өндөр тариф АНУ-ын шар буурцгийн тариачид, технологийн болон автомашин үйлдвэрлэгчдийн толгойн өвчин болоод байсан юм. Бизнес эрхлэгчид өртгөө бууруулахын тулд үйлдвэрүүдээ Вьетнам, Камбож тэргүүтэй улсуудруу нүүлгэж байсан нь Хятадад ашигтай байсан гэнэ. Үр дүнд нь 2019 оны байдлаар хоёр улсын худалдаанаас хүлээсэн АНУ-ын алдагдал 2016 оныхоос мэдэгдэхүйц буурсан байна. Түүнээс гадна Трампын хятад бараанд ноогдуулсан татвараас компаниуд зайлсхийхийн хэрээр импорт ч буурчээ. Хэдий цар тахал 2020 оны чиг хандлагад маш ихээр нөлөөлж байгаа хэдий ч АНУ-ын экспорт импортоос давсан хэвээр байгаа аж.

 БНХАУ-ЫН ХАРИЛЦАА

Трамп 2016 оны арваннэгдүгээр сарын 3-нд твиттер дээрээ “Өнөөдөр Тайваны Ерөнхийлөгч надруу залгаж, Ерөнхийлөгч болсонд баяр хүргэлээ. Баярлалаа” хэмээн жиргэж байжээ. Энэ үйл явдал улс төрийн асар их ач холбогдолтой тул Википедиа сайт дээр зөвхөн дээрх жиргээний тухай бүтэн хуудас үүссэн байдаг гэнэ. Өмнөх өдөр нь буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 2-нд Трамп Тайваний Ерөнхийлөгчтэй шууд харьцаж олныг алмайруулжээ. Учир нь 1979 оноос хойш хоёр улсын албан ёсны харилцаа үгүй болоод байсан юм. Мөн тус үйл явдал Тайванийн тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрч, өөрсдийн нэгэн муж гэж үздэг Бээжингийн дургүйг хүргэх том шалтгаан болсон билээ.

Трампын дээрх зоригтой алхам геополитикийн хамгийн том өрсөлдөгчдийн дунд хийсэн анхны том ололт бөгөөд цаашдаа Хятадтай харилцах харилцааг муутгах үндэс болсон юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Трамп БНХАУ-ын өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгуудыг эзэмших нь хууль бус хэмээн үзэж, бараа бүтээгдэхүүнийхээ татварыг нэмж, тикток, Вичат зэрэг алдартай программуудын хэрэглээг дотооддоо хориглож, хуавэй компанийг хар жагсаалтандаа оруулсан нь Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлж байна хэмээн Бээжин бухимдаж буй.

Гэхдээ энэхүү хурцадмал байдал нэг талаасаа Трампын эхлүүлсэн “дайн” гэхээсээ илүү Хятадын өөрсдийнх нь үйл ажиллагаанаас болсон юм. Тухайлбал Ши Жиньпин 2013 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш Хонгконгийн эрх чөлөөг боож, Шинжаан Уйгурын иргэдийг бөөнөөр нь хорьж хүний эрхийг ноцтойгоор зөрчиж эхэлсэн билээ. Хэдий Трамп коронавирусийг “Хятад вирус” хэмээн тодорхойлж, олон улсын анхаарлыг Хятадад чиглүүлэхийг эрмэлзсээр дотоод дахь хяналтаа алдсан ч Ерөнхийлөгч солигдсоноор энэ асуудал шийдэгдэхгүй юм. Тухайлбал, Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден Ши Жиньпинийг “дээрэмчин” хэмээгээд “Яс, цусанд нь ардчиллын талаар ширхэг хэсэг ч байхгүй” гэж тодорхойлсон билээ.

ИРАНТАЙ ДАЙТАХ ШАХАВ

Трамп 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний үдэш твиттер дээрээ “АНУ-ын бүх эзэмшил, байгууламжид үрэгдсэн амь, учирсан хохиролд Иран бүрэн хариуцлага хүлээх ёстой. Тэд үүнийхээ төлөө маш их үнэ төлөх болно. Энэ бол сануулга биш, энэ бол заналхийлэл. Шинэ оны мэнд хүргэе!” Хэмээн жиргэж байлаа. Түүнээс хойш хэдхэн хоногийн дараа АНУ-ын арми Ираны хамгийн хүчирхэг генерал төдийгүй ойрхи Дорнодод цэргийн чухал нөлөө бүхий Касем Сулейманиг хороож дэлхийг гайхшруулсан юм. Харин Иран хариуд нь Ирак дахь АНУ-ын хоёр ч цэргийн хуаранруу арав гаруй баллистик пуужин харваж, 100 гаруй цэрэг шархдуулсан билээ. Тухайн үедээ шинжээчдээр зогсохгүй энгийн иргэд ч хоёр улсыг дайны ирмэгт ирлээ хэмээн үзэж байсан юм.

Хэдийгээр дайн болоогүй ч маш олон гэм зэмгүй иргэд дээрх зөрчилдөөний улмаас алтан амиа алдсан билээ. Жишээлбэл, пуужингийн довтолгооноос хэдхэн цагийн дараа Ираны арми Украины иргэний агаарын тээврийн онгоцыг андууран сөнөөж, зорчиж явсан 176 хүн бүгд нас барсан юм.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж