"Жаст"-ын Ш.Батхүү улсад 140 тэрбум төгрөг төлнө

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

"Жаст"-ын Ш.Батхүү улсад 140 тэрбум төгрөг төлнө

"Жаст"-ын Ш.Батхүү улсад 140 тэрбум төгрөг төлнө

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас банкнаас 110 сая ам.долларын  зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох  Эрүүгийн хэрэг гараад аль хэдийн  11 жил болжээ. Өөрөөр хэлбэл, Өмнөд Африкийн “Стандарт” банк Монгол Улсын  Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд илгээсэн байдаг. Улмаар хууль хяналтынхан хэрэг үйлдэгдсэнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2013 оноос эхлэн  шалгасан байдаг. Өнгөрсөн  хугацаанд Ш.Батхүү нарын хэрэг хоёр ч удаа хэрэгсэхгүй болж, Өршөөлийн хуульд хамрагдаж нэг л урагшлахгүй байсан гэхэд буруудахүй болов уу?

Эцэст нь энэ оны наймдугаар сарын 6-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал товлогдсон ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсоор аравдугаар сарын 5-нд эхэлсэн юм.  Нийслэлийн прокурорын газраас,

  • “Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүг  залилах, эрх мэдлээ урвуулан  ашиглах, хуурамч бичиг баримт үйлдсэн, нотлох баримт хуурамчаар үйлдэх, мөнгө угаах гэмт хэрэгт,
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захиралаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэгт, 
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэгт,
  •  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг эрх мэдлийг урвуулан ашиглах  гэмт хэрэгт,
  • "Алтжин групп” -ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтан болон Э.Сүрэн нарыг  нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах мөн залилах гэмт хэрэгт  холбогдуулан тус, тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг.

Монголын шүүх “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох хэргийг  14 хоног шүүсний  эцэст шийдвэрээ аравдугаар сарын 22-ны өдөр гаргасан.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Батхүүд найман жил оноосон бол бусад таван хүний хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Тодруулбал,

Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг бусадтай бүлэглэн Төрийн банкинд 51.596.943.659.3 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

Шүүгдэгч Ч.Ганзориг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар, шүүгдэгч Б.Мөнхжаргал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар, шүүгдэгч Г.Амарбат “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Ш.Батхүүд давуу байдал бий болгох зорилгоор дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Шүүгдэгч Ш.Батхүү нь “Жаст групп”-ын Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” ХХК-ийн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнуудтай бүлэглэж хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор гэмт хэргийг зохион байгуулж, урьдчилан үгсэн тохирч “Стандарт” банктай хуурамч зээлийн гэрээ байгуулж их хэмжээний зээл авч, Лондоны арбитрын шүүхийн шийдвэрээр их хэмжээний хохирлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Хуурч, бодит байдлыг нууж бусдыг төөрөгдөлд оруулах замаар залилж “Шунхлай групп”-д их хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Улмаар шүүхээс  Ш.Батхүүгийн залилах гэмт хэрэгт хоёр жил, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт гурван жил, хуурамч бичиг баримт үйлдэх,ашиглах гэмт хэрэгт хоёр жил, мөнгө угаах гэмт хэрэгт нэг жил буюу нийт найман жил хорих ял оноосон байна. Мөн  Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэргээс гадна иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх талуудаас гаргасан эд хөрөнгийн маргаантай холбоотой нэхэмжлэлүүдийг хүлээн авч шийджээ. 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Ш.Батхүүгээс  нийт 140.011.117.267 төгрөгийг гаргуулж хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргуулж, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн "Стандарт" банкнаас зээлсэн өрийг нь дарсан талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлж байв.Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны долдугаар сарын 3-нд  “Авлигатай тэмцэх газар /АТГ/ Ш.Батхүүгийн 190 орчим тооны хөрөнгийг илрүүллээ. Нийт үнэлгээ нь 98 орчим тэрбум төгрөг болно. Эдгээр хөрөнгийг нээлтэй зарж “Эрдэнэт”-ийн Эрсдэлийн сангаас гаргасан зардлыг төлүүлж, хохирлыг нь барагдуулах арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн юм.Уг хөрөнгийн жагсаалтад “Алтжин” компанийн захирал Г.Алтанд худалдсан гэх Олон овоотын лицензээс эхлээд олон тооны шатахуун түгээх станц, газартайгаа, "Мах маркет", “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарын нэр дээр шилжүүлсэн байсан үл хөдлөх хөрөнгүүд ч багтсан юм.

АТГ-ЫНХНЫ ИЛРҮҮЛСЭН Ш.БАТХҮҮГИЙН ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж