Төрийн албаны алдаа, оноо

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

Төрийн албаны алдаа, оноо

Төрийн албаны алдаа, оноо

Төрийн албаны шинэ хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Уг хуулийн өөрчлөлтөөр төрийн албыг тогтвортой, хариуцлагатай, чадвартай болгоход чиглэгдсэн. Ингэхдээ төрийн албыг тогтвортой байлгахын тулд мерит (шатлан дэвших) зарчмаар зөвхөн тухайн байгууллага дотроосоо томилгоо хийхээр хуульчилсан. Ийн гаднаас дурын хэн нэгэн орж ирэх боломжийг хааснаар төрийн алба тогтвортой болно гэж хууль санаачлагчид үзэж буй.

Хуулийн хамгийн чухал зохицуулалт болох төрийн албан хаагчийг хууль бус үндэслэлээр ажлаас халсан нь Төрийн албаны зөвлөл, эсвэл Захиргааны хэргийн шүүхээр тогтоогдвол тухайн хүний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг буруу шийдвэр гаргасан албан тушаалтан  хувиасаа төлнө гэж хуульчилсан нь  төрийн албыг хариуцлагажуулах үндэс нь болсон.

Хуулийн хэрэгжилтийг өнөөдөр дүгнэж хэлэхэд эртдэх ч энэ салбарт хамгийн их яригддаг төрийн албан хаагчдын ёс зүйн асуудал тодорхой хэмжээнд сайжирч буйг улстөрчид болон иргэд хэлж буй.

Нийт төрийн албан хаагчдад хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагын үүднээс УИХ “Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо”-г өргөтгөж “Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо” байгуулсан. Өнөөдөр төрийн албанд нийт 198 мянга орчим албан хаагч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор сургууль, цэцэрлэг эмнэлэг нэмэгдснийг дагаад мөн төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн.

 2019 байдлаар  төрийн захиргааны 316, төрийн үйлчилгээний  321 албан хаагч, нийт 637 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасныг байгууллагын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авчээ.

Нийт бүртгэгдсэн 637 ёс зүйн зөрчлийн 17 зөрчлийг төрийн захиргааны удирдах албан тушаалтан, 299 зөрчлийг төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан, 321 зөрчлийг төрийн үйлчилгээний албан хаагч гаргасан мэдээ байна. Ёс зүйн зөрчил гаргасан нийт албан хаагчдын 500 нь буюу 78,5 хувь нь аймаг, нийслэлд байна.

Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчдын тоо 2016 онд 193 байсан бол 2017 онд 334, 2018 онд 394 болж өссөн бол 2019 онд бага зэрэг буурчээ.

Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид нийт төрийн албан хаагчдын дөнгөж 0,3 хувийг эзэлж байгаа байгааг онцлох нь зүйтэй. "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг шиг цөөн тооны ёс зүйгүй,  төрийн албан хаагчдаар салбарыг бүхэлд нь дүгнэх нь учир дутагдалтай.  Төрийн алба цахимжих суурь тавигдаж төрийн 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг боллоо.  Төрийн үйлчилгээнүүд цахимжих хэрээр хүний оролцоо багасаж, хүнд суртал арилна.

Төрийн албаны зөвлөл ерөнхий шалгалтаа цахим руу шилжүүлснээс гадна цаашдаа “Хур” системтэй холбогдож хурууных нь хээгээр бүртгэх, төрийн албаны шалгалтад тэнцсэн хүн нөөцийн санд бүртгэгдсэн мэдээллээ ТҮЦ машинаас авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Цааш цаашдаа аль болох төрийн албаны үйлчилгээнд хүний оролцоог багасах бодлогыг барьж буй.

Түүнчлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт:

  • I үе шат (2021-2030): Чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх үе.
  • Цахим мэдээллийн нэгдсэн сан, дэд бүтэц бий болж хөгжинө. Цахим хэлбэрт шилжсэнээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээ шат дамжлагагүй, шуурхай болно.
  • Төрийн байгууллага хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжирч, захиргааны зардал бууран, үйлчилгээний үр дүн сайжирна.
  •  Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ.
  • Сонгуулийн үр дүнгээс үл хамааран төрийн албан хаагч тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж, төрийн албаны шатлан дэвшүүлэх тогтолцоо боловсронгуй болсон байна.
  • Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоо бүрдэж, ёс зүйтэй төрийн алба төлөвшинө гэж тусгасан.

Өөрөөр хэлбэл, төрийн албаны хууль, бодлого чамбайрч, цаг үеэ дагасан шинэчлэлтүүд хийгдэж байгаа ч зарим улстөрчдийн оролцоо байсаар байгаа нь төрийн албыг унагаах үндэс болж байгааг нуух юун. УИХ-ын гишүүд өөрсдөө хуулиа баталж, "Дагаж мөрд" гэж Төрийн албаны зөвлөлдөө чиглэлд өгдөг атлаа хамгийн их хуулиа зөрчдөг нь Засгийн газар юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Ковидын хуулийг далимдуулж сонгон шалгаруулалтгүйгээр хэд хэдэн албан тушаалтныг Засгийн газраас томилсон. Энэ мэт төрийн албыг муухай харагдуулах, нэр хүндийг нь унагаах ажлыг улстөрчид өөрсдөө хийдэг гэсэн үг. Тухайлбал, Сангийн яаманд МУИС, Санхүү, эдийн засгийн сургууль, дэлхийн хамгийн сайн сургуулийн хамгийн сайн төгсөгчид ордог тогтолцоо бол ойлгомжтой шударга тогтолцоо. Харин нэр нь огт дуулдаагүй 10 оюутантай сургууль төгсөөд хаанаас юм бүү мэд ордог бол шударга бус тогтолцоо. Иймд төрийн албанд ордог шалгуурыг ойлгомжтой тухайн салбартаа мэргэшсэн гэж тодорхой болгож хуульчлах нь асар чухал байгааг УИХ-ын гишүүн Н.Учрал хөндөж байна. Эрүүл мэндийн салбарт 15 жил ажилласан мундаг төрийн албан хаагч гээд л Батлан хамгаалах яамны газрын даргад томилчихдог. Эсвэл Эрүүл мэндийн яаманд хамт ажиллаж байсан нөхөр нь Батлан хамгаалахын яаманд улс төрийн томилгоогоор очингуутаа бусдыгаа татчихдаг. Тухайн хүн төрийн албаны чадвар, чадамж муутайдаа биш тухайн салбараа мэдэхгүйгээс төрийн албаны нэр хүндийг бүхэлд нь унагааж байгааг хэлж байна. Улс төрийн томилгоо төрийн албанд оролцдогын жишээ юм.

"ТӨРИЙН АЛБАНЫ БОСГЫГ ТОГТООХДОО ТУХАЙН САЛБАРТАА МЭРГЭШСЭН ГЭЖ ХУУЛЬЧИЛБАЛ САЛБАРЫН ХҮН НЬ САЛБАРТАА БАЙНА"

Энэ тухай УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ “Тухайн ажилтны зэрэг ахих асуудлыг зөвхөн ажилласан жилээр нь тооцдогийг болих хэрэгтэй.  Тухайн ажил, мэргэжилдээ хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг чадвараа дээшлүүлсэн, үр бүтээлтэй ажилласан байдлыг нь харгалзан үздэг тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай. Өнөөдөр  манайд төрийн албаны мерит зарчим гэдгээр  ХХААХҮ-ийн яаманд 10 жил ажиллахдаа газрын дарга хүртлээ дэвшсэн хүнийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилох боломжтой. Төрийн албаны нэр хүнд унаж байгаа шалтгаан нь улстөрчид төрийн албанд нөлөөлөлдөгтэй шууд холбоотой. Жишээ нь иргэн А гэдэг хүн БХБ-ын сайдаар очлоо гэхэд тухайн А-тай өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүс нь дагаад БХБЯ-нд оччихдог. Төрийн албаны шалгуурыг нь хангачхаж байгаа учраас. Энэ нь  байх ёстой хүнийг зохих байранд нь байлгахгүй байна гэсэн үг.

Төрийн албаны босгыг тогтоохдоо тухайн салбартаа мэргэшсэн гэж хуульчилбал салбарын хүн нь салбартаа байна. Боловсролын салбарын хүн энэ салбартаа л ажиллана гэсэн үг. Тэгэхгүйгээр өнөөдрийнх шиг бүхнийг чаддаг юм шиг Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар дуртай яам, тамгын газартаа очиж байна. Зам тээврийн салбарын хүн маргааш нь Эрүүл мэндийн яаманд очдог байж болохгүй. Одоогийн хуульд төрд ажилласан туршлагатай гэдэг зарчмыг л дагаж байгаа болохоос биш тухайн салбарт ажилласан байдлаар хандахгүй байна. Уг нь үүнийг ажлын байрны тодорхойлолтоор заана гэсэн атлаа ажлын байрны тодорхойлолтыг дуртай нь өөрчилдөг. Хуулийг өөрчлөж болохгүй учраас захиалсан тухайн газар нь тухайн ажлын байрны тодорхойлолтыг өөрчилчихдөг. Тэгэхээр хуульдаа тухайн салбартаа мэргэшсэн байх гэж зааж өгч байж дээрх байдал засагдана” гэсэн юм.

 Тиймээс Төрийн албаны шинэчлэл болоод хуулийн хэрэгжилтийн талаар зарим гишүүдийн байр суурийг тодрууллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН: ТӨРИЙН АЛБА ТОГТВОРТОЙ БОЛЖ, ХУУЛЬ БУС ХАЛАА, СЭЛГЭЭ  БАГАССАН

-Төрийн албаны шинэчилсэн хуулиар төрийн албан хаагчийг хууль бусаар халвал тухайн халах шийдвэрийг гаргасан эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлбөрийг төлүүлдэг болсон. Ингэснээр төрийн алба тогтвортой болж, хууль бус халгаа сэлгээ харьцангүй багассан. Аль ч нам гарснаас үл хамаарч төрийн алба тогтвортой байх ёстой. Би аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажиллах хугацаандаа аль намынх гэхээсээ илүүтэй ажлаа хийх чадвартай хүмүүсийг ажиллуулж байсан. Хөдөө орон нутагт улстөржил их байдаг гэдэгтэй би хувьдаа санал нийлэхгүй. Дорноговь аймгийн хувьд эсрэгээрээ төрийн албанд ажиллах хүн олдоггүй. Тухайлбал, малын их эмч, байгаль орчны байцаагч, төрийн үйлчилгээний ажилчид ч дутагдалтай байгаа нь бүтээн байгуулалтын ажлуудад илүүтэй оролцохыг илүүд үздэг. Тиймээс төрийн албаны нөөцийг нөхөх тал дээр бусад аймгуудтай хамтарч ажиллах шаардлага гарч байна. Энэ жил гэхэд Эрдэнэт, Дархан, Сүхбаатар аймгуудаас 50 гаруй багш нарыг татан авч ажиллуулж байна. Ховд, Баянхонгор аймгаас хүртэл малын эмч нарыг татан авсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН: ТӨРИЙН ОЛОН ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМД ШИЛЖСЭН НЬ ДУНД ХУГАЦААНДАА ХЭМНЭЛТ ГАРАХ БАЙХ

-УИХ-ын сонгуулийн үр дүнгээр аль ч улс төрийн хүчин ялсан бай үүнээс үл хамаарч төрийн алба тогтвортой байх нь хамгийн чухал. Хөгжилтэй орнуудад төрийн алба нь тогтвортой, мэргэшсэн, туршлагатай хүмүүс  ажилладаг. Манайд эсрэгээрээ шинэ сайд томилогдох бүрт халгаа сэлгээ болдог. Одоогоор төрийн олон үйлчилгээ цахимд шилжсэн нь дунд хугацаандаа хэмнэлт гарах байх гэж найдаж байна. Цахимаар төрийн үйлчилгээг авдаг болсноор тодорхой хэмжээгээр төрийн албан хаагчдыг тоог буруулах нь зөв.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ: ТӨРИЙН БҮХ ШАТАНД ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ 

-Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төрийн албаны бүх шатны ёс зүйн хорооны асуудлыг удирдлага, арга зүйн талаас нь хариуцаж ажиллах үүрэг ногддог.  Энэ талаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Төрийн албаны шинэ хуулийг дагаж мөрдөөд хоёр жил өнгөрлөө. Энэ хууль урьдах хуулиас зарчмын хувьд цоо шинэ хууль болсон. Манайхны нэг дутагдал нь хуулийг батлаад л амьдрал дээр хэрэгжүүлэх тал дээр бүрэн анхаардаггүйгээс хуулиа шүүмжилж эхэлдэг. Төрийн бүх шатны албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг өндөр түвшинд авч үзэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёсзүйг дээшлүүлэхэд чухал заалтууд орсон. Мөн урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050" баримт бичигт төрийн албаны ёс зүйг дээшлүүлэх чиглэлд тодорхой зорилт болгон тусгагдсан. УИХ-ын намрын чуулганаар Төрийн албаны Ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байна. Одоогоор манай улсад улс төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын чиглэлээр ямар нэг хуулийн зохицуулалт алга. Мөн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагууд, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудал орхигдсон байдаг. Энэ асуудлуудыг цогцоор нь шийдэхийн тулд хууль гаргах шаардлагатай байгаа юм. 25-аас дээш албан хаагчтай төрийн албанд Ёс зүйн зөвлөл ажиллах ёстой. Улсын хэмжээнд нийт 600 гаруй Ёс зүйн зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдгээр зөвлөлүүдийн дүрэм журмыг нийтлэг үзэл баримтлалд оруулах шаардлага бий болж байна. Төрийн бүх шатанд ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ: МЕРИТ ЗАРЧМЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ГЭЖ ТОМЬЁОЛОХ ХЭРЭГТЭЙ

-Төрийн албаны шинэ хуулиар нарийн мэргэжил эзэмшсэн, олон салбарт шинэчлэл хийх гэсэн шаардлагатай мэргэжилтнүүдэд хаалт болсон хууль гарлаа гэдгийг би тухайн үед ч хэлж байсан. Мерит гэдэг нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх байдал юм. Өнөөдөр чадварт суурилсан мэргэжилтнүүд хэрэгтэй байна. Дэлхийн томоохон компаниуд ажилтан авахдаа чадвар нь юу вэ гэдгийг л хамгийн түрүүнд хардаг болохоос биш манайх шиг тухайн байгууллагад гурван жил мэргэжилтэн хийсэн үү эсвэл гурван жил ахлах мэргэжилтэн хийсэн эсэхийг нь чухалчилдаггүй. Ийм хатуурхсан заалт болох мерит зарчим гэдэг үгийг үзэл баримтлалынх нь хувьд тайлбарлахдаа тухайн байрандаа шатлан дэвших зарчим гээд тайлбарлачихсан.

Бүх салбарт цахим шилжилт, технологи явагдах хэрээр ажилтнаас хэлний мэдлэг, мэдлэг боловсрол шаардана. Мөн тухайн салбараар мэргэшсэн байхаас гадна  салбарынхаа орчин үеийн чиг хандлагыг мэдэрч байна уу гэдэг том чадварыг энэ шинэчлэлтээр сорьж, шаардаж байна. Гэтэл Төрийн албаны шинэ хуулиар зөвхөн төрийн захиргааны алба хаагчдад зориулсан заалт оруулчихсан. Энэ салбарт тодорхой шинэчлэл хийе гэхээр тээг болж байна гэсэн үг. Гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшээд, хувийн аль нэг секторт ажиллаж байсан туршлагатай залуучууд төрийн албанд орох гэхээр хаалт болдог. Цаашдаа хуулиар нь нарийн мэргэжлүүдийг тодорхой болгох шаардлагатай. Ингэхгүйгээр төрийн албаны шинэчлэл хийе гэхээр хүний нөөцийн чадамж дутаж байна. Өнөөдөр төрийн албанд ажиллаж буй хүмүүсийг үгүйсгэж байгаа юм биш. Цаашид бүх салбарт цахим шилжилт хийгдэнэ. Тухайлбал, парламентын цахим технологийг нэвтрүүлж, цаасгүй парламент болох эхлэлээ тавьсан. Засгийн газраас төрийн 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болголоо. Төрийн цахим харилцааны тухай, Мэдээллийн өгөгдөл хамгааллын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.  Эдгээр хуулиуд батлагдвал бидэнд мэдээлэл, технологийн нарийн мэргэжлийн ажилтнуудын хэрэгцээ их болно. Хуулийн гүйцэтгэл төрийн байгууллагуудад л явагдана. Төрийн байгууллага бүр нэг хэлээр ярьдаг, үзэл баримтлал, зорилго нь нэг болохгүйгээр урагшлахгүй. Гадаад, дотоодод нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудыг төрд ажиллуулах гэхээр Төрийн албаны хуулиар тогтоосон босгыг нь давдаггүй. Уг нь ийм залуучууд төрийн албанд шинэчлэл хийхийг зорьдог болохоос биш дарга, цэрэг болох гэсэн амбиц байдаггүй юм. Зөв залуучууд эх орныхоо төлөө сэтгэл гаргая гэж байгаа бол ашиглах л ёстой. Үүнийг би ч биш төрийн алба хаагчид өөрсдөө ч хэлдэг. Энэ бүхнийг өөрчилье гэвэл Төрийн албаны хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. "Төрийн албаны зөвлөл өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг хийж, үр дүнд хүрсэн сайн тал бий. Тухайлбал, төрийн албаны нэгдсэн санг цахимжуулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулсан. Цахим шилжилтийг үр дүнтэй хийснээр төрийн албаны шалгалтыг аваад шууд дүнг нь тэр даруй олон нийтэд танилцуулдаг болсон. Технологид суурилсан шалгалтыг авснаар төрийн албыг шударга, ил тод, нээлттэй болгоход тодорхой хувь нэмэр оруулж байгаа нь сайшаалтай".

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙГ ОНЦГОЙ ӨНДӨР ТҮВШИНД АВААЧИХ ЁСТОЙ

-Эрх баригч намын том улстөрчид төрийн албыг өөрийнхөө албан тушаал, эрх мэдлийн хэрэгсэл болгож байгаа нь хамгийн том алдаа. Төрийн алба тусгаар тогтносон, бие даасан байх ёстой. Намын улс төрийн ялалт, ялагдлаас үл хамаарч хоморголон халагддаггүй байх ёстой. Өнөөдөр төрийн албанд зүтгэж байгаа хүн Монгол Улсын төрд итгэж ажиллахгүй байна. Тэд өнөөдөр өөрийг нь томилсон улстөрчдөд итгэж, тэдний далайлтаар ажиллаж байна. Үүнээс үүдэж өнөөдөр төрийн албаны нэр хүнд унасан. Төрийн албаны өөрийнх нь бие даасан байдлыг хангахын тулд Төрийн албаны зөвлөлийг онцгой өндөр түвшинд аваачих ёстой. Улс төрийн албан тушаалтнууд төрийн албаар тоглосныхоо төлөө ямар ч хариуцлага үүрдэггүй. Үүнээс гарахын тулд Төрийн албаны зөвлөлийн хуульд бие даасан тусгай байдлыг нь баталгаажуулах явдал хамгийн чухал. Эрх баригч намын ийм их давлагаан дундуур төрдөө, ард түмэндээ итгээд ажиллаж байгаа хэсэг бүлэг төрийн албан хаагчдын сайхан сэтгэлийн нуруун дээр төрийн алба явж байгаа. Тэр хүмүүсийн ноён хуруу нь хугарахаас өмнө төрийн албанд мерит зарчмыг чандлан баримтлуулах хэрэгтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж