Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 62 тойрогт явагдаж буй нэмэлт санал хураалтын 15:00 цагийн ирцийн мэдээгээр нэмэлт санал хураалт явагдаж буй 63 хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 25186 сонгогчийн 71.62 хувь нь санал хураалтад оролцоод байна.
19 аймгийн 61 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 17.96 хувь нь ирж саналаа өгчээ. Үүнээс Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 11-19-3-р хэсэг хамгийн өндөр ирцтэй буюу нэмж саналаа өгөх сонгогчдын 58.33 хувь нь саналаа өгчээ.
Харин Ховд аймгийн Дарви сумын 3-р багийн хэсгийн 92 сонгогч нэмэлт санал хураалтад оролцох ёстойгоос 15:00 цагийн байдлаар нэг ч сонгогч ирж саналаа өгөөгүй байна. Энэ талаар аймгийн сонгуулийн хороо "Ховдын Дарви суманд нэмэлт санал хураалтад оролцох нутагтаа байгаа сонгогч маш цөөхөн, нэлээд хэсэг нь оюутнууд юм" гэсэн мэдээллийг өглөө.
Дээр дурдсан 62 тойргийн саналаа өгөөгүй сонгогчийн тоо нь тухайн хэсгийн сонгогчийн тооноос хамааран харилцан адилгүй байгаа бөгөөд хамгийн цөөн сонгогч буюу нэмэлтээр ирж саналаа өгөх ёстой 14 сонгогчтой хэсэг, харин хамгийн олон буюу эхний санал хураалтад оролцоогүй 1,401 сонгогчтой хэсэг байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.