ОХУ-ын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, ОХУ-ын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасан байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“…Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёл, аж үйлдвэр, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг бүх салбарт дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан тус сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг үнэлэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын ажиллагаа аравдугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Холбооны их сургуульд болж, шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа гардуулан өгөв.
Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуульд 1960 оноос эхлэн монгол оюутан суралцаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 3,000 гаруй монгол оюутан суралцан төгсөж, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, аж үйлдвэр, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин болж бэлтгэгджээ. Тус сургуулийн монгол төгсөгчдийн дунд явуулсан судалгаагаар Уралын Холбооны их сургуулийн төгсөгчдөөс Монгол Улсын гавьяат 22 ажилтан төрөн гарсан байна. Одоогоор тус сургуульд 50 гаруй монгол оюутан бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.
С.УНДАРМАА