“News” агентлаг өнгөрөгч долоо хоногт Монгол Улсад өрнөсөн онцлох дөрвөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээв
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн Пүрэв гаригт (2020.10.22) Ардчилсан намын Сүхбаатар дүүргийн 3-р хорооны гишүүнчлэлээ сэргээснээ зарласан. Тэрбээр 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа АН-ын дүрмийн дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан юм.
ФАТФ-ын саарал жагсаалтаас Монгол Улсыг гарав
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ-ын ажлын хэсгийн хуралдаан аравдугаар сарын 21-23-нд болж, Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргалаа. ФАТФ 2019 оны аравдугаар сард Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоо, хяналт, эрх зүйн орчин муутай хэмээн дүгнэж, саарал жагсаалтад оруулан, нэн даруй хэрэгжүүлэх ёстой үүрэг даалгавруудыг өгсөн юм.
Түүнээс хойш Монгол Улсын Их Хурлаас холбогдох хуулиудыг баталж, өнгөрсөн хугацаанд гурван ч удаагийн шалгалтад орсон. Хамгийн сүүлд ФАТФ-ын ажлын хэсгийн газар дээрх шалгалт аравдугаар сарын эхээр Монголд ирж, өгсөн үүрэг даалгавруудын хэрэгжилт ямар шатанд явааг шалгасан юм.
Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээс татгалзаж, хотын дарга болов
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын анхдугаар чуулганаар Баасан гаригт /2020.10.23/ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Д.Сумъяабазарыг нэрийг дэвшүүлэн батламжилсан. Ийнхүү тэрбээр нийслэлийн Засаг даргын тамга тэмдгээ гардан авч, албан үүрэгтээ орсон юм. Д.Сумъяабазар нь УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзаж, Улаанбаатар хотын дарга болсон анхны хүн боллоо.
УИХ-ын гишүүн агсан М.Батчимэгийг сүүлчийн замд нь үдэв
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн агсан М.Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ. Талийгаачтай аравдугаар сарын 23-ны өдөр буюу Баасан гаригийн 06.00-07.00 цагт Соёлын төв өргөөнд салах ёс гүйцэтгэсэн юм.
Холбоотой мэдээ