АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх сарын 3-ны өдөр болох юм. Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.10.24/ Флорида мужийн Палм-Бич хотод саналаа урьдчилан өгчээ. Палм-Бич хотод Ерөнхийлөгчийн өвлийн ордон Мар-а-Лаго байрладаг. Одоогоор тус улсад 57 сая хүн урьдчилсан байдлаар саналаа өгөөд байна.
Трамп саналаа өгснийхөө дараа “Би Трамп нэртэй залуугийн төлөө саналаа өглөө” хэмээн хэлжээ. Мөн тэрбээр өөрийн биеэр очиж саналаа өгөх нь мэйлээр саналаа өгснөөс баталгаатай гэдгийг дахин онцолсон байна.
Цар тахлын улмаас тус улсын олон мужид цахимаар санал авах журмыг хэрэгжүүлээд байгаа юм. Харин Трампын гол өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены хувьд бусдад халдвар тараах, халдвар авахаас сэргийлж цахим шуудангаар саналаа өгөхийг дэмжиж байгаа билээ.
Мөн Трампын хувьд цар тахлын хүнд үеүд ард хоцорсон учир улс эх орныхоо эдийн засгийг сэргээх зүйтэй гэж үзэж байгаа бол Байден эсрэгээрээ энэ өвөл цар тахал бүр ч аюултай түвшинд хүрч, АНУ-ыг харанхуй нөмөрч магадгүй тул сонор сэрэмжээ алдаж болохгүй гэж уриалж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ