Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын эдийн засгийн бодлогын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт аравдугаар сарын 23-нд боллоо. Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлэв. Тэрээр Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн чухлыг дурдаад, хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдэд америкийн талын оролцоо, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Америкийн зэх зээлд татваргүй гаргахад чиглэгдсэн Гуравдагч хөршийн худалдааны хуулийг АНУ-ын Конгрессоор батлагдах ажил хүлээгдэж байгаа талаар, мөн хоёр орны хооронд агаарын тээврийн харилцааг хөгжүүлж, шууд нислэг үйлдэх боломжтой талаар дэд сайд Б.Мөнхжин хэлсэн байна.
Америкийн талаас зөвлөлдөх уулзалтыг нээж Эдийн засаг, бизнесийн харилцаа хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Маниша Сингх үг хэллээ. Энэхүү Гуравдахь удаагийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтад Сангийн яам, ХЗДХЯ, Монгол Банк, ХХААХҮЯ зэрэг төрийн бусад байгууллагын төлөөллүүд оролцож, хамтын ажиллагааны талаараа байр сууриа илэрхийлж, танилцуулга хийлээ.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Холбоотой мэдээ