Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.10.24/ есөн хүнээс Covid-19-ын халдвар илэрсэн талаар мэдээллээ. Тэдний нэг нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн бол мөн нэг нь ОХУ-аас Алтанбулагийн боомтоор дамжин орж ирсэн нэг иргэн гэдэг мэдээлэл байна. Бусад долоо нь хаанаас ирсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 337 болж байна. Үүнээс 312 эдгэрсэн бол 25 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ эмчлүүлж байна.
Тодруулбал, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 11 хүний биеийн байдал хөнгөн, 14 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. ЭМЯ Covid-19 цар тахлын тархалтын талаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол одоо зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт 11.00 цагаас мэдээллээ хийдэг болсон билээ. Дашрамд дурдахад, Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн цагаас хойш эрүүл мэндийн салбарынхан өнөөдрийг хүртэл 84710 хүнд шинжилгээ хийсэн бол нийт 30382 хүн тусгаарлагджээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ