АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нэр дэвшигчдийн хоёр дахь халз мэтгэлцээний үеэр Дональд Трамп Энэтхэг, Хятад, Оросын агаарыг бузар хэмээн хэлжээ.
Үүнд энэтхэгчүүд бухимдаж, зарим нь Ерөнхий сайд Нарендра Модиг энэ асуудалд анхаарал хандуулахыг уриалсан бол үлдсэн хэсэг нь нийслэл Дели хотын агаарын чанар дэлхийн хамгийн муу гэдгийг эрхгүй хүлээн зөвшөөрсөн байна. Ялангуяа сүүлийн хэдэн долоо хоног Дели хотын агаар огцом муудаж, ард иргэд амьсгалахад хүнд байгаа талаараа гомдоллох болсон юм.
Энэтхэгт утааны улирал эхэлж, агаар бохирдуулагч аюултай тоосонцор РМ2.5-ын хэмжээ нэг метр куб агаарт 180-300 болсон байна. Энэ нь ДЭМБ-ын тогтоосон аюулгүйн хэмжээнээс 12 дахин өндөр үзүүлэлт юм.
Ерөнхийлөгч Трамп халз мэтгэлцээн дээр “Хятадыг хар даа, ямар заваан гээч. Оросыг хар, Энэтхэгийг хар. Маш заваан. Тэдний агаар үнэхээр бузар. Эдгээр орнууд байгаль орчинд маш ихээр халтай амьдарч байхад дэлхийн дулаарлыг бууруулахын тулд АНУ хэдэн их наяд ам.доллар гаргана гэдэг бол маш шударга бус зүйл. Тиймээс би Парисын хэлэлцээрээс татгалзсан юм” хэмээн ярьжээ.
Хятад улс сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоо бууруулахыг хичээн ажиллаж, зарим талаар өндөр үр дүнд хүрч байгаа тул Трампын Хятадын тухай хэлсэн үг үнэнтэй нийцэхгүй байж болох ч Энэтхэгийн хувьд бол үнэхээр бодит байдал юм.
Тухайлбал, Энэтхэгийн хойд хэсгийн хотуудад ялангуяа өвөл, тэр дундаа арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар дуустал агаарын чанар ихээр мууддаг байна. Тариачид тариан талбайгаа цэвэрлэхийн тулд гал тавьдгаас гадна тээврийн хэрэгсэл ихтэй, үйлдвэрүүд их хэмжээгээр нүүрс түлдэг, баяр ёслолоор маш их салют буудуулдаг, салхи багатай зэрэг хүчин зүйлүүд хамаатай гэнэ. Нөхцөл байдал жилээс жилд улам муудаж байгаа ч агаарын чанарыг сайжруулах дорвитой ажил огт хийгдээгүй хэвээр байгаа юм.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ