Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын анхдугаар чуулганаар өчигдөр /2020.10.23/ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэхийг дэмжсэн. Тэрбээр 18:30 цагт нийслэлийн Засаг даргын тамга тэмдгээ гардан авлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн ажил нэг өдөр, нэг цаг ч саатаж болохгүй хэмээн үзсэн учир түүнийг батламжилсан болохыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг даргын тамга тэмдэг, Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хамт гардуулан өгсөн.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Төрийн үйл хэрэг, залгамж чанар тасралтгүй явах ёстой. Улаанбаатар хотод өвөлжилтийн бэлтгэлээс авахуулаад хийж хэрэгжүүлэх ажил шил шилээ дараад хүлээж байгаа. Улаанбаатар хот бол эдийн засгийн 68 хувь, мөнгөний эргэлтийн 85 хувь, нийт хүн амын 50 хувь байдаг учир энэ их айлын ажил тасралтгүй явагдах учиртай. Цаашид нийслэлд тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хүрээнд нийслэл Засгийн газар, УИХ-тай нэг бие сэтгэлээр хамтарч ажиллана. Хотын хөгжил улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох болно” хэмээн онцоллоо.
Холбоотой мэдээ