“NEWS” агентлаг энэ долоо хоногт хийсэн ярилцлагуудаа багцлан хүргэж байна. Ярилцлагын зочдоор Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, жүжигчин Б.Болормаа, “Voice of mongolia” шоуны шилдэг оролцогчийн нэг Б.Өсөхбаяр нар оролцож, сонирхолтой яриа өрнүүллээ.
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяатай ярилцлаа.
-УИХ-ын сонгуулиас хойш та нэг хэсэг нам гүм байлаа. УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүн, Ардчилсан намын шинэчлэлийн талаар ярилцахаар урьсан юм. Ингэхэд та одоо хаана, юу хийж байна?
-УИХ-ын сонгуулийн дараа хэсэг хугацаанд амарлаа. Одоо хувийнхаа фирм дээр ажиллаж байна. Хууль, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгч, судалгаа хийн, зарим нэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Улстөрчийн хувьд өнгөрсөн дөрвөн жил дотор нь ажилласан парламентаас маань баталсан хууль тогтоомж, бодлого шийдвэрүүд ер нь ямар үр дагавар авчирч байна вэ гэдгийг эргэн харж, өмнөх Засгийн газруудын бодлого, үйл ажиллагаатай харьцуулах маягаар дүгнэлт өгөхийг хичээлээ. Эдийн засгийн бодлогын үр дүн нэлээд хоцрогдолтойгоор илэрдэг. Тухайн үед зөв гэж бодож хийсэн зүйлс төсөөлснөөс өөр үр дагавар авчрах, эсвэл хүссэн цагт биш ч ихээхэн хожуу илэрдэг. Сонирхолтой санагдсан тул судалгаагаа нэлээд өргөжүүлж, Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн гол гол өөрчлөлтийг Засгийн газруудын бүрэн эрхийн хугацаа дөрөв дөрвөн жилийн интервалтайгаар харьцуулах замаар өнгөрсөн 30 жилийн хугацааны алдаа оноог үнэлэх чиглэлээр судлаачидтай хамтран ажиллаж байна.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2362707/ линкээр орж уншина уу.
Төрийн албаны шалгалтын босго оноог хэвээр үлдээсэн
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхантай ярилцлаа.
-Ирэх сарын 4-ний өдрөөс зохион байгуулагдах төрийн албаны ерөнхий шалгалтад хэчнээн хүн бүртгүүлэв?
-Жилд хоёроос доошгүй удаа төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах журамтай. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төрийн албаны ерөнхий шалгалтыг улс орон даяар зохион байгуулсан. Энэ оны хоёрдугаар сар болон арванхоёрдугаар сард шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн боловч цар тахлын улмаас хойшлогдоод өдийг хүрсэн. Нэгдүгээр сард 8100 орчим иргэн бүртгүүлсэн байсан.
Тиймээс Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр өнгөрөгч есдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг нэг сарын хугацаанд зохион байгууллаа. Энэ жилийн ерөнхий шалгалтад өнгөрсөн нэгдүгээр сарын бүртгэлтэй нийлээд 16013 хүн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Бүртгэл хаагдсаны дараа бүртгэлээ хагас дутуу хийсэн, баталгаажуулах холбоосыг дараагүй зэрэг өөрсдийн хайхрамжгүйтэй холбоотой мэр сэр асуудал гарсан.
Иргэд аливаад цагийг нь тулгаж хийдэгтэй холбоотойгоор сүүлийн гурван өдөр серверт маш их ачаалал үүсгэсэн. Тэр байтугай бүртгэл хаагдах өдрийн 13 цаг 58 минутад гэхэд л маш олон иргэн бүртгүүлэх гээд илгээх товчоо дарчихсан байдаг. Гэтэл бүртгэлийн мэдээллээ бүртгэх системд илгээсэн хэрнээ тэр нь сүлжээний хурдаас шалтгаалан 14 цаг 05 минутад манай бүртгэлийн системд орж ирэх жишээний. Тиймээс Үндэсний дата төвөөс бид лавлаж, бүртгэлд хамруулах эсэхээ тогтоож шийдвэрлэлээ. Аравдугаар сарын 10-ны үеэр Говьсүмбэр аймагт гэхэд л тавхан иргэн бүртгүүлсэн байсан. Яг бүртгэл хаахад, энэ тоо 93 болж нэмэгдсэн.Өмнө нь бол 10 хоногийн хугацаанд л бүртгэдэг байсныг 30 хоног болгож сунгасан.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2362255/ линкээр орж уншина уу.
“Дундголын Дунжидмаадаа хайртай
Батсүхийн Болормааг “Мартагдашгүй танил” булангийнхаа зочноор урьж ярилцлаа.
Анх арван жилийн сургуулиа төгсдөг жил нь театраас уран бүтээлчид очиж, хуучнаар ЗХУ-д жүжигчний сургуульд сурах хүүхдүүдийг шалгаруулжээ. Тухайн үед Зургадугаар арван жилийн сургуулиас гурван сурагчийг сонгосны нэг нь Б.Болормаа байв. Тэрбээр энэ тухай дурсан ярихдаа “Манай ангиас үзэгчдийн сайн таних “Харц” нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Ургамал бид хоёрыг сонгосон бол нөгөө ангиудаас н.Цогт-Очир гэж хүүг сонгож байлаа. Бид Драмын театр дээр шалгалт өгч тэнцээд, 15-уулаа Эрхүүгийн бэлтгэлд очиж, тэндээсээ Москвагийн театр урлагийн дээд сургуульд явсан. Тэнд ЗХУ-ын ардын жүжигчин А.Д.Папанов гэдэг хүний удирдлага дор таван жил суралцаж төгсчээ. Одоо театрт ажиллаж байгаа уран бүтээлчдээс Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар байгаа” хэмээн дурсав.
Тэрбээр багаасаа л урлагийн хүн болохыг мөрөөддөг хүүхэд байжээ. Сургуулийн сурагч байхдаа дуу, бүжгийн дугуйланд хамрагдаж, ангийнхаа урлагийн үзлэгийг авч явдаг хүүхэд байсан тухайгаа хэлж байв. Тиймээс ч Москва руу сургуульд явуулах хүүхэд шалгаруулахад бөөн баяр болж, бараг хамгийн түрүүнд л очиж шалгуулсан гэдэг.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2363659/ линкээр орж уншаарай.
“Бид тав хүссэн үедээ хамеллон шиг хөрвөж чадна”
“Voice of mongolia” шоуны шилдэг таван оролцогч нэгдэн “R&N” хамтлагийг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулжээ. Хамтлагийн ахлагч Б.Өсөхбаяртай ярилцлаа.
-Шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсанд нь халуун баяр хүргэе.
-Баярлалаа. Юуны өмнө News.mn сайтын уншигчдад энэ өдрийг мэндийг хүргэе. Анхны клип гэдэг утгаараа бидний хувьд маш их хүлээлттэй, сандралтай байлаа. Youtube хуудсан доорх эерэг сэтгэгдлүүд бидэнд маш их урам зориг өгч байгаа. Дараагийн уран бүтээлдээ орсон байгаа.
-Та нар эхний удаа продюсер Б.Наранзунтай уулзаад хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд татгалзсан хариу авсан гэсэн. Эхний удаа татгалзахад нь шантралгүй явсны эцэст өнөөдрийн “R&N” хамтлаг мэндэлжээ. Ингэхэд хамтлагийн нэр их сонирхолтой санагдаад байна л даа.
-Бид дөрөвдүгээр сард хамтлагаа байгуулахдаа “The city” нэр өгсөн. “The city” нэрийн дор гаргасан “Хайрлаж болох уу” уран бүтээлээ хамгийн анх “Voice of Mongolia 2020” шоуны knock out шатанд дуулж байлаа. Дараа нь бид тавдугаар сард Б.Наранзун продюсертой уулзаад дуулалтаа шалгуулсан. Тухайн үед Б.Наранзун продюсер “The Wasabies” хамтлагийн хоёр дахь цомог дээр ажиллаж байсан учраас их завгүй байсан л даа.
“Ах нь одоохондоо эрэгтэй хамтлаг байгуулах талаар бодож үзээгүй байна. Гэхдээ та нар дуулахаа битгий орхиорой. Битгий шантраарай. Аливаа зүйлийг хийхдээ эсвэл хэн нэгэнтэй уулзахдаа хэзээ ч битгий үр дүнг нь шууд хүлээж очоорой. Үр дүн гэдэг өөрөө заавал туулж, өөрийн чинь чармайлтаар гарч ирдэг зүйл болохоос биш бусад хүчин зүйлээс хамаардаг юм биш” гэж хэлж байсан.
Бид хэдийгээр татгалзсан хариу авсан ч гэсэн хоолойн бэлтгэлээ хийсээр л байсан. Дараа нь зургадугаар сард продюсер Б.Наранзун ах бидний хамтран ажиллах саналыг дэмжсэн. Сонсоод үнэхээр итгэмээргүй санагдаж байсан шүү. Продюсер маань хамтлагийн нэрийг сонирхолтой байлгах үүднээс “R&N” нэр болгож өөрчилсөн. Хүн болгон чихэрлэг, гашуун, исгэлэн гээд өөр өөрийн амтанд дуртай байдаг. Хамтлагийн залуусын зан төлөв нь өөр өөрийн гэсэн онцлогтой учраас “Үзэм ба самарнууд” гэж өхөөрдөж нэрлэсэн. Нэрээ бүтнээр нь хэлэхэд урт байсан учраас “R&N” гэж товчилсон. Продакшны журмаар ажиллахаар бүх зүйл зохион байгуулалттай байдгаараа давуу талтай юм байна.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2363673/ линкээр орж унших боломжтой.
Холбоотой мэдээ