Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09 цагт 01 минутад гишүүдийн 53,3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тус тус танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.4.4-т “Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг гадаад улс оронд сурталчлах, маркетингийн үйл ажиллагааг төрөөс дэмжиж, жуулчин хүлээн авах хүчин чадлыг сайжруулж, гадаад жуулчдын тоог нэмэгдүүлж, хил дээр олгодог цахим виз, визийн дэвшилтэт төрлүүдийг бий болгоно.” гэж заасан. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 161-д “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх хугацаа, иргэдээс бүрдүүлэх баримт бичиг, хүсэлтийг буцаах үндэслэл зэрэг асуудлаар журам батлах эрхийг эрх бүхий этгээдэд олгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу хуулийн төслийг боловсруулсныг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтыг тусгасан. Хуулийн төсөлд визийн ангиллыг хуулиар бус Засгийн газар тогтоох, ингэхдээ үндэсний аюулгүй байдлыг бататгах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих гэсэн эрх ашгийн эрэмбийг алдагдуулахгүй байх зарчмыг баримтлахыг эрх олгосон заалтад тусгасны зэрэгцээ дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн визийг хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгож болох эрх зүйн үндсийг төсөлд тусгасан болно. Энэ зорилгоор одоогийн хууль тогтоомжид тодорхой тусгаагүй, нэн тэргүүнд анхаарах шаардлагатай гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтуудад авч, зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудал, орон нутгийн байгууллагууд бүртгүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр тусгаж, үүрэгжүүлсэн хэмээн төсөлд тусгажээ.
Визийн төвийн тухай зохицуулалтыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмж тусгасан бөгөөд визийн төвийн байгуулах, ажиллах журмыг Засгийн газар, байрлах улс, хотыг Гадаадын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар, Монгол Улсыг зорих гадаад иргэдэд визийн үйлчилгээг шуурхай хүргэх, хилийн чанадад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэгт визийн төвийг байгуулах нь оновчтой шийдэл гэж төсөл санаачлагчид үзжээ.
Мөн Монгол Улсын шаардлага хангасан аялал жуулчлалын байгууллагын /туроператор/ шугамаар ирж буй тохиолдолд жуулчин ангиллын, 14 хүртэл хоногийн хугацаатай, нэг удаагийн визийг хилийн боомт дээр олгож болох, удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй хүн Монгол Улсаас гарах бүрдээ дахин “гарах-орох” зориулалтын визийг авч байгаа нь олон улсын жишигт нийцэхгүй бөгөөд гадаадын иргэдэд хүндрэл чирэгдэл болгодог учир “гарах-орох” гэсэн зориулалтын визийг халах зохицуулалт тусгасныг төслийн танилцуулгад дурдсан байна.
Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэн тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын долоон өдрийн дотор бүртгүүлдэг байгааг өөрчилж хилийн боомтоор орж ирэхэд гадаадын иргэнийг биеийн давхцахгүй өгөгдлөөр бүртгэх тухай болон гадаадын иргэнийг орон байр, сууцаар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 48 цагийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад цахимаар бүртгүүлдэг байхаар үүрэгжүүлж, оршин суугч гадаадын иргэнд бүртгэлийн дугаар олгох зэрэг гадаадын иргэний бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлэх талаарх зохицуулалтуудыг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн агаарын тээврийн зорчигчийн мэдээллийг урьдчилан хүлээн авч, төрийн эрх бүхий байгууллагууд мэдээлэл солилцон, анализ хийх замаар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тогтолцооны эрх зүйн үндсийг холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, гадаадын иргэний асуудлаар үүрэг хүлээж буй төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн нэг сан ашиглах, уг санд мэдээлэл нийлүүлэх, солилцох, ашиглах талаарх зохицуулалт, гадаадын иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд албадан гаргахаас чөлөөлдөг байх, зөрчил гаргасан гадаадын иргэнийг гэр бүлийн болон хувийн нөхцөл байдал, ар гэрийн гачигдал, хүний наймааны хохирогч болсон болон эрүүл мэнд зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас албадан гаргахаас чөлөөлдөг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Хууль зүйн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны хуралдаанаараа хуулийн уг төслийг хэлэлцсэн бөгөөд төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь гадаад иргэнтэй гэр бүл болж Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд виз олгоход хүндрэл үүсдэг тул энэ асуудлыг хуулийн төсөлд зохицуулсан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Монгол угсаатан хүмүүст хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, сунгах боломжтой эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт визийн асуудал хариуцсан ажилтанг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн томилохоор тусгасан нь сөрөг үр дагавар үүсгэх эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болно. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурджээ.
Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Хуулийн төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуул асууж, байр сууриа илэрхийллээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжийн дагуу холбогдох системийг нэвтрүүлэх гэж байгаа. Энэ нь агаарт хөөрөхөөс өмнө тухайн гадаадын иргэдийг монголд нэвтрэх боломжтой эсэхийг хянана. Хүний давхцахгүй өгөгдлийг ашиглан нэгдсэн бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр шинэ нисэх онгоцны буудалд технологийн дэвшлүүдийг суурилуулах ажил үргэлжилж байна. Газрын боомтуудад ч эдгээр технологийн дэвшлүүдийг нэвтрүүлж байгааг хариултдаа онцолсон. Түүнчлэн тэрбээр, визний хугацаа дууссан гадаадын иргэдийг албан гаргах ажиллагааг удахгүй хийнэ. Монголд визний хугацаа дуусангуут дохио өгдөг программ байхгүй тул Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газрын дундын программ нь хүн бүрийг нэг бүрчлэн гараар шүүж хугацаа дууссан иргэдийг илрүүлэх болдог. Сая бид ийм ажиллагааг зохион байгуулж, гадаадын маш олон иргэдийг удахгүй албадан гаргана гэж байлаа.
Гадаадын иргэдийн бүртгэлийн нэгдсэн сан байдаггүйгээс зөрчил гарч байгаа. Иймд хуулийн төслөөр хилээр орж ирэх гадаадын иргэнийг хүний давхцахгүй өгөгдлөөр бүртгэж, бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлснээр холбогдох төрийн байгууллагууд журмын дагуу ашиглах нээлттэй мэдээллийн сан үүснэ хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нэмэлт тайлбарыг өгөв.
Харин Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хариултдаа, Хилийн чанадад виз олгож байгаа дипломат төлөөлөгчийн газрууд манай улсын визийг ил тод наймаалж байгаа асуудал бий. Энэ талаар Гадаад харилцааны яам сүүлийн хоёр жил судалгаа хийгээд Үндэсний аюулгүй байдал, холбогдох байгууллагуудад мэдээлсэн. Хуулийн төсөлд тусгагдсан Визний төв нь хууль бус визний наймааг таслан зогсоох болон виз олгож байгаа албан тушаалтан тухайн визээр зорчсон гадаадын иргэнд тавих хяналтыг нэмэгдүүлнэ гэж байлаа.
Үг хэлсэн гишүүдийн олонх хэлэлцэж байгаа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, олон улсын бүх боомт дээр цахим гарцыг нээж өгөхийн зэрэгцээ үндэсний аюулгүй байдлаа хамгаалахад анхаарах шаардлагатайг байна. Зорчигчийн нэвтрэх системийн кибер аюулгүй орчныг бүрдүүлэх асуудалд салбарын яамны зүгээс анхаарч ажиллахыг хүсэв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “УИХ-аас Засгийн газарт гадаад байгаа консулын газарт мэргэжлийн хүн томилж ажиллуулах талаар тусгайлсан үүрэг өгөх, хилээр оруулж ирсэн 800 иргэн болон дипломат нэртэй хүмүүс тамхины наймаанд нэр холбогдоод байгаа асуудлаар чуулганы хуралдааныг хаалтттай явуулах цаг болсон талаар саналуудыг хэлж байлаа.
Ингээд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 67,4 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ
Хуралдаан Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр үргэлжлэв. Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулсан.
Манай орны хувьд хүний болон малын эмийн асуудлыг 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эмийн тухай хуулиар зохицуулж байсан нийт 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас 2006 онд эмнэлгийн хэрэгслийн асуудлыг уг хуулиар зохицуулахаар нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн нэрийг “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль” болгон өөрчилсөн нь зарчмын том шинэчлэл байсан. Өнөөдөр 46 эмийн үйлдвэр, 384 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 2000 эмийн сантай болсон байна. Өсөн тэлж байгаа энэ эм хангамжийн тогтолцооны хөгжлийг тооноос-чанарт шилжүүлэхийн тулд эрх зүйн орчны шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж хуулийн 25 хэсэг, заалтыг хэвээр үлдээж, 167 хэсэг, заалтыг өөрчлөн найруулж эсхүл хасаж, 163 хэсэг, заалтыг шинээр нэмж боловсруулснаар хуулийн 80 хувьд өөрчлөлт оруулж, нийт 6 бүлэг, 31 зүйлтэй байхаар боловсруулсан байна.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо төслийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд уг санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан. Хуулийн төсөл батлагдсанаар эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тодотгоод хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Б.Саранчимэг гишүүн танилцуулгадаа дурдсан.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс антибиотикийн зохисгүй хэрэглээг зогсоох, хилээр орж байгаа эмийн найрлага, чанарт лабораторийн шинжилгээ хийх, хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг сайжруулах талаар шинээр зохицуулалт хийсэн эсэхийг илүүтэй лавлаж байна. Түүнчлэн орон нутаг, сум, багийн эмнэлэгт зайлшгүй хэрэгцээтэй эмийн жагсаалтад байх хүүхдийн эмийн хангалтыг нийлүүлэхгүй байгаа шалтгаан, эмийн үнэ, хуурамч эм оруулж ирж байгааг зохицуулсныг лавлав. Мөн биологийн нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл мэндийг хамгаалах амин дэмийн хэрэглээ, зах зээлд таниулах зар сурталчилгааны асуудлыг хэрхэн зохицуулсан талаар сонирхож байв.
Монголд антибиотикийн хэрэглээ хяналтгүй байгаагаас антибиотикт тэсвэртэй нянгийн тархалт их байна. Иймд эмийн жорын системийг бүрэн цахимжуулж аль ч эмийн санд цахимаар очдог байх тогтолцоог бүрдүүлэх, үүнд хяналт тавьдаг эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулахаар төсөлд тусгасан. Ингэснээр эмчийн бичсэн жор цахим системд орсноор эмийн сангууд эмийг жоргүй олгох байдал бүрэн цэгцлэгдэнэ. Монгол Улсад эмийн чанар, найрлагыг тогтоох олон улсын түвшний лаборатори байхгүй. Хилээр оруулж ирж байгаа эмэнд Эрүүл мэндийн яамны хөгжлийн төвөөс чанар стандартын шаардлага хангасан лиценз олгодог. Цаашдаа хил дээр орж ирж байгаа эмийг хянадаг, өнгөний кодоор шалгаж хуурамч эсэхийг тогтоодог тоног төхөөрөмжтэй болох асуудлыг агентлагын үйл ажиллагааны хүрээнд шийднэ гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариултдаа онцолсон.
Мөн эмийн хяналт, шинжилгээний лаборатори Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяанд байсан, эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдахаар харьяаллыг шилжүүлнэ. Нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг шинэчлэн баталсан. Энэ дагуу баг, сум аль шатны тусламж үйлчилгээ үзүүлэхийг тодорхойлсон. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтын хүрээнд энэ жилийн 0-5 насны хүүхдийн томуу томуу төст өвчний 11 төрлийн эмэнд 2.5 тэрбум төгрөгийн тендер зарлаад нийлүүлэлт хийж байна хэмээн Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд нэмэлт хариултыг өгөв. Түүнчлэн тэрбээр, хуулийн төсөлд эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг амин дэм, эрдэс бодис, тэжээлийн бодис агуулсан хүний эрүүл мэндийн хэвийн үйл ажиллагааг дэмжих гэж тодорхойлж, уг бүтээгдэхүүнийг бүртгэх, худалдаалах үйл ажиллагааг хуулиар зохицуулсан бол төслийн 24.3.4-т зорчигчийн хувийн хэрэглээний эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн заалт оруулсан. Мөн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зар сурталчилгааг төслийн 16 дугаар зүйлээр тусгайлан зохицуулж, зах зээлд хэрхэн таниулахаас эхлээд зарим нөхцөлд сурталчилгаа хийхийг хориглосон зохицуулалтыг тусгасан гэж байлаа.
Ажлын хэсгийн зүгээс эмийн үнийн талаар ДЭМБ-ын аргачлалаар 2013, 2017 онд хоёр удаа судалгаа хийсэн. Өргөн хэрэглэгддэг 50 нэршлийн эмэнд судалгаа хийхэд эмийн үнэ 3-5 дахин нэмэгдсэн нь тогтоогдсоныг онцлоод монголд гурван эмийн нэг нь хуурамч гэдэг нь хууль бус гэсэн үг бөгөөд 2013 онд 15 хувь нь бүртгэлгүй 19 хувь нь стандартын бус байсан бол сүүлийн судалгаагаар энэ тоо багассан гэж тайлбарыг өгч байв.
Хуулийн төслийн талаарх асуулт хариулт өндөрлөснөөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан түр завсарлаж, чуулганы үдээс хойших хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ