Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар өнөөдөр /2020.10.23/ Хотын даргад Д.Сумъяабазарыг 71.33 хувиар томилуулах саналыг баталсан юм. Энэ үеэр эрх баригч нам болон сөрөг хүчний намын төлөөлөгчдийн байр суурийг авлаа.
НИТХ дэх Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа:
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ анхдугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдааны үеэр Ардчилсан намын бүлгээс Үндсэн хуулиас намын тогтоол, шийдвэр нь дээгүүр юм байна. Хотын даргад нэр дэвшиж байгаа бол Улсын их хурлын гишүүнээсээ татгалзаач ээ. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд “Улсын их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн эсвэл хуулиар тогтоосон эрх үүргээс бусад зүйлийг хийж болохгүй” гэж зохицуулсан. Энэ хуулийн зохицуулалтаа мөрдөж ажиллаач гэдэг горимын санал тавьсан. Эрх баригч нам олонхоороо түрүү барьж, баталлаа. Улсын их хурал холбогдох Байнгын хороодоор хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг бүрэн эрхээс нь татгалзсан тохиолдолд хотын даргын албыг хийх боломжтой. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар энэ асуудал эцсийн байдлаар батлагдах ёстой. Гэтэл УИХ-ын шийдвэрээс болж, дахин хуралдах нөхцөл үүссэн.
Хоёрдугаарт, нийслэлийн Сонгуулийн хорооноос асуулт асуухад “Намын дотоод асуудал” гэдэг хаалттай тайлбар хэлж байна. Эндээс дүгнэж хэлэхэд, НИТХ-ын анхдугаар хуралдаанаар эрх баригч намаас нээлттэй мэдээлэл өгч чадсангүй. Хэт олонхоороо түрүү барьж байна. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд аливаа асуудлыг далд хэлбэрээр хийдэг. Жишээлбэл, цар тахлын үеэр иргэдийн хандивын мөнгийг өөрсдөдөө шагнал болгож өгсөн тогтоол дөрөвдүгээр сард гарсан. Гэтэл энэ тухай найм, есдүгээр сард мэдэж, олон нийтэд цацагдсан. Мөн хотын даргад нэр дэвшигч Д.Сумъяабазар 50 хоногийн өмнө хотын даргад нэр дэвших сонирхолгүй байсан бол одоо намын шийдвэрийг хүндэтгээд энд зогсч байна гэдгээ хэллээ. Ардчилсан намын өрөг хүчний хувьд ирэх дөрвөн жил хотын даргын шийдвэр нам руугаа чиглэсэн байх болов уу гэсэн хардлага байна гэдгийг хэлж байв.
Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:
-Би хууль зөрчиж, нэр дэвшсэн асуудал огт байхгүй. Нэр дэвших процесс явж байгаа. Ерөнхий сайдад өнөөдөр албан ёсоор анхдугаар хуралдаанаар баталсан саналаа хүргүүлэх байх. Ирэх долоо хоногтоо хотын даргыг батламжлах асуудал яригдаж байх гэж бодож байна. Би Улсын их хурлын даргад өргөдлөө хүлээлгэн өгөхөөр уулзалтын цаг авсан. Хоёрдугаарт, хотын даргаар томилогдвол хамгийн түрүүн замын түгжрэлийг шийдэхийн төлөө ажиллана. Хотын түгжрэлийн асуудлыг тийм амар шийдвэрлэхгүй нь тодорхой. Энэ асуудлыг Улсын их хурлын түвшинд холбогдох хууль эрх зүйн талаас зохицуулалт хийнэ. Засгийн газрын түвшинд ямар чиглэл өгч ажиллахаас гадна нийслэл, орон нутагтай хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэнэ.
Би 2008 онд МАН-ын Сонгинохайрхан дүүрэгт үүрийн дарга хийж байсан. Өнгөрөгч 2012 онд тус дүүрэгт Ардчилсан намын хорооны дарга, 2013-2017 онд нийслэлийн МАН-ын нарийн бичгийн дарга, 2018 оноос нийслэлийн МАН-ын хороог удирдаж байгаа. Тэгэхээр МАН-ын зарчим, дүрэм, журам чухал. Мөн ажлын туршлага, хувь хүний ёс суртахуун зэрэг олон зүйлийг харгалзан үзсэн байх. Нийслэлийн намын хороог ахалж байгаагийн хувьд хариуцлагаа бүрэн дүүрэн хариуцахаас гадна сонгуульд ялсан нийслэл дэх намын дарга өөрөө Засаг дарга байх ёстой гэдэг зарчмын асуудал тавигдсан. Хэвлэлд 50-иад хоногийн өмнө ярилцлага өгөхдөө хувь хүний байр сууриа илэрхийлсэн. Ийм нөхцөл байдал үүснэ гэж бодоогүй байсан” гэлээ.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ