Улсын цирк 13 жилийн өмнө хувьчлагдсанаас хойш энэ урлагаас үлдсэн сүүлчийн цучил нь Циркийн сургууль болсон. Харамсалтай нь, циркчид түүхт 80 жилийнхээ ойг гудамжинд угтахад хүрчээ. Нэгэн үе дэлхийг шуугиулж байсан Монголын циркийн барилгыг 13 жилийн өмнө хувьчилснаас хойш бүхэл бүтэн урлагийн төрөл бодлого алдагдаж, залгамж халаа нь бэлтгэл хийх байргүй, төгссөн жүжигчид нь цалингүй, өөрсдийгөө ажлын байраар хангаж, тус бүрдээ студи, продакшн болж хуваагдан оршин тогтнохоос аргагүй болжээ.
Монголын циркчдийн гал голомт болсон хуучин циркийн барилга 2015 онд галд өртөж, улмаар МХЕГ-аас ашиглаж болохгүйг мэдэгдэж, акталжээ. Иймээс Консерваторийн бүжиг циркийн сургуулийн Циркийн тэнхимийн сурагчид майханд хийж байсан бэлтгэлээ гадаа хүйтэрсэн тул зогсоожээ. Дээр нь “Аса” циркийн барилгад засвар хийж, циркчид орох оронгүй болжээ. Төрөөс циркийн урлагийг хайхралгүй өнөөдрийг хүрсээр эцэст нь түүхт 80 жилийн ойгоороо энэхүү урлаг бөхөхөд хүрч байгааг циркчид хэлж байна.
Циркчид дэлхийд данслагдаж, эх орныхоо нэрийг гаднын улс орнуудад өндөрт өргөсөөр ирсэн ч төрдөө шоовдор хүүхдүүд шиг гадуурхагддаг тухай хэлж байв.
ДЭЛХИЙН ТАВЦАНД ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ОЛОН УДАА МАНДУУЛСАН Ч ТӨР ХАРААГҮЙ, СОНСООГҮЙ МЭТ Л ХАНДДАГ
Монгол циркийн хөгжлийн тэргүүн Н.ЭРДЭНЭ:
-Монголын циркчид 2010 оноос хойш дэлхийд амжилтаа бататгаж, бидний нэр хүнд өссөн. Жил бүр олон улсын циркчдийн 20 орчим тэмцээн болдог. Тэмцээний 80 орчим хувьд Монголын циркийн жүжигчид оролцож, тогтмол алт, мөнгө, хүрэл эхний гурван байрт жагсдаг.
Уран бүтээлчид дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөөд эх орондоо ирэх бүрт төрөөс нэг ч удаа баяр хүргэж угтаж байсан удаагүй. Төрөөс бидэнд ямар нэгэн дэмжлэг үзүүлдэггүй. Циркчид бэлтгэлээ өөрсдийн хөрөнгө мөнгөний бололцоогоор жижиг байр түрээсэлж бэлтгэлээ базаасаар өдийг хүрлээ.
Харин гаднынхны нүдээр биднийг төр нь дэмждэг учраас ийм амжилт үзүүлдэг гэж харагддаг. Гэтэл Монголд зах зээл байхгүй, бидэнд тоглох газар алга.
Олон нийт циркийн урлаг бөхсөн гэж үздэг боловч бидний хувьд циркийн урлаг бөхөөгүй. Өөрсдийн гэсэн орон байргүй ч сүүлийн арав гаруй жилийн хугацаанд олон улсад амжилтаа бататгаж, циркийн жүжигчид өндрөөр үнэлэгдэж ирлээ. Дэлхийн томоохон циркүүд Монголын циркчдийг өндрөөр үнэлдэг. Түүхт 80 жилийн ойгоо бид ямар байдалтай угтаж байгааг та бүхэн харж байна. Циркийн гал голомт нь болсон сургуулийн байр нь актлагдсан. “Аса” циркийн барилга нь засвартай.
Өнөөдөр 200 гаруй циркийн уран бүтээлч бэлтгэл хийх байргүй байна. Бидний зүгээс гал голомт минь болсон циркийн сургуулийн барилгын суурин дээр шинэ ордонтой болохыг хүсч байна. Төрөөс биднийг дэмжээсэй гэж хүсье.
ДЭЛХИЙД ДАНСТАЙ УРАН БҮТЭЭЛЧИД ТӨРДӨӨ ХАЯГДСАН
Циркийн найруулагч, уран бүтээлч Ю.ГЭРЭЛБААТАР:
-Циркийн урлаг Монголд орхигдож, циркчид төрдөө хаягдсан. Олон улсад амжилтаа бататгаж, дэлхийд данслагдсан уран бүтээлчдээ Монголын төр нь нохой шиг үзэж байна. Бид тийм үнэлэгдэхээргүй хүмүүс юм уу. Бид хэн ч биш юм уу. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд долоон удаа солигдоход бид төрийн ордны үүдэнд долоон удаа “цирк бол агуу урлаг” гэж тайлбарлаад ч тэдний хэн ч ойлгосонгүй. Төрд циркийн урлагийг ойлгох эрх баригчид алга.
Бид 13 жил итгэл найдвар тээн тэвчиж ирсэн ч одоо тэвчихгүй. Гэтэл биднийг дахиад жаахан тэвч хэмээж байна. Бидний итгэл найдвар тасарч байхад одоо юунаас айх юм бэ.
Циркийн жүжигчдийн 80 хувь нь Монголд амьдрах, уран бүтээлээ тоглох аргагүйд хүрч гадаадад гарч, олон улсын циркт харьяалагдаж байна. “Аса” циркийн барилгыг засварлаж байна. Харахад тансаг гоё болох байх, циркчид тоглолт хийх боломжгүй л болно. Циркийн даац, тоног хэрэгсэл бүгд байхгүй, аваад хаячихсан байхад бид яаж тоглолт хийх вэ. Хэрэв сургуулийн барилгын сууринд шинэ ордонтой болбол бидэнд хүсэх зүйл байхгүй. Бидний гал голомт тасрахгүй, сүүлчийн цучил унтрахгүй, энэ урлагийн төлөө бид илүү их хичээнэ, амжилтаа бататгана. Гагцхүү төрөөс биднийг тоох хэрэгтэй.
ЖҮЖИГЧИД ГАДААДЫН ЦИРКИЙГ СУРТАЛЧЛАХ ГЭЖ МОНГОЛДОО БЭЛТГЭГДЭЭГҮЙ
Мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Т.БУД:
-“Аса” циркийн барилгын засварын ажил бидэнтэй ямар ч харилцаа холбоогүй гэдгээ харуулж байна. Циркийн манежийг маань хуулчихлаа. Бид 13 жилийн хугацаанд түүхт алтан манеждаа итгэл өвөрлөсөөр ирсэн одоо найдвар алга. Бид эх дагины зуны өргөөнд циркийн сургуулийн байранд бэлтгэлээ базааж ирсэн ч актлагдсан. Ганц бэлтгэл хийдэг байр нь “Аса” циркийн дэргэд 15 сая төгрөг сард төлж, бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан бол одоо засвар хийгдлээ. Үүнээс бол циркийн сургуулийн хүүхдүүд мэргэжлийн бэлтгэл сургуулилт хийх боломжгүй боллоо. Энэ жил Соёлын яамтай болсноор бид эцэг эхтэй болсон хүүхдүүд шиг баярлаж байгаа ч бидний бэлтгэлээ базаах сургуулийн байрыг анхаарах хэрэгтэй. Бид циркийн урлагийг Монголдоо харуулах боломж бий.
Монголын циркийн урлаг циркчдийн итгэл найдвар дээр л тогтож байна. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд Монголын жүжигчид гадаадын циркийг төлөөлж, гадаадын жүжигчин болж байгаа нь Монголд циркийн өв соёл тасрахад хүрч байна.
Дэлхийд данслагдсан шилдэг уран бүтээлчид Монголдоо амьдрах үндэслэл алга гэдгийг л харуулж байна. Монголын циркчид гадаадын циркийг сурталчлах гэж эх орондоо бэлтгэгдээгүй шүү дээ.Циркчид Монголынхоо циркийн урлагийг гадаадад сурталчлахад төрөөс дэмжлэг хэрэгтэй байна. Ард түмэндээ циркийн урлагаа сурталчлах боломж нөхцөл байр нь алга. Төр циркийн урлагийг арай ч уландаа гишгэчихээгүй. Гэсэн ч бид айлын шоовдор хүүхдүүд шиг л хэцүүхэн байдалд байна.
80 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ЦИРКИЙН УРЛАГ МӨХЛИЙН ИРМЭГТ БАЙНА
Монголын залуу циркчдийн холбооны тэргүүн А.ЭНХТӨР:
-Монгол Улсад байх ёстой урлагийн тоонд цирк зүй ёсоор багтана. Бидний хөрш ОХУ-д Монголд байдаг шиг 45 суурин цирктэй атал нэгийг нь ч хувьчлаагүй. Харин Монгол Улс ганцхан циркээ хувьчилчихлаа. Наян жилийн түүхтэй циркийн урлагийг битгий мөхөөгөөч. Энэ агуу урлагийг бид үргэлжлүүлэхийг хүсч байна.
Олон улсад циркийн урлаг оршин тогтнож байхад Монголд устаж үгүй болохын ирмэгт байна. Өнөөдөр “Аса” циркт засвар хийх нэрийдлээр хана, тааз, шалны татлагыг үгүй хийж, циркчид тоглох ямар ч боломжгүй болгож байна. Магадгүй маш чамин тансаг болох байх. Гаднаас нь харахад цирк боловч уран бүтээлчид тоглолт хийх боломжгүй болгож байгаад бид эгдүүцэж байгаа юм.
Циркийн боловсон хүчин ажлын байргүй болж байгаагаас биш бидэнд байр эргүүлэн авах эсэх нь огт хамаагүй. Би 1997 оноос хойш циркийн жүжигчнээр ажиллаж байна. Монгол хүн учраас эзэмшсэн мэргэжлээрээ ард түмэндээ уран бүтээлээ хүргэх үүрэгтэй. Гэр бүлээрээ эх орондоо амьдрах эрхтэй. Хэрэв бүгд л амь амиа бодоод гадаад руу дүрвэвэл Монголд хэн юу хийж бүтээх вэ. Циркийн урлаг уналтад орлоо гээд хаяж болохгүй.
МОНГОЛЫН ЦИРКЧИД ЗАСГИЙН ГАЗАР, СОЁЛЫН ЯАМД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ
Монгол Улсад циркийн урлаг үүсэж, хөгжөөд 79 жил, Циркийн сургууль байгуулагдаад 80 жил болж байна. Циркийн уран бүтээлчдийн зүгээс гал голомт нь болсон хуучин циркийн суурин дээр шинэ ордон барьж өгөхийг Засгийн газраас хүсч буйгаа өнөөдөр /2020.10.23/ мэдэгдлээрээ дамжуулан шаардсан билээ. Тэд Засгийн газар, Соёлын яаманд дараах шаардлагыг хүргүүлж байгаа юм.
Монгол Улсын Консерваторийн хашаанд байгаа газар дээр, хийлгэсэн зураг төслийн дагуу Циркийн сургуулийн барилгыг яаралтай барьж өгөх, циркчдийн соёлын өв болсон хуучин циркийн барилгыг шинэчлэн ордон барьж өгнө үү. Түүнчлэн засварласныхаа дараа Монголын үндэсний цирк ямар бодлого баримтлан, хэрхэн ажиллах талаар албан ёсоор тайлбар авахыг хүсч, албан бичиг хүргүүлж байгаа аж.
Энэ шаардлагууд амин чухал учраас Засгийн газар хүлээн авч, дэмжинэ гэдэгт итгэж байгаа аж. Хэрэв үгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ ч илэрхийлсэн юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ