АН амьд үлдэж байж МОНГОЛ АМЬД ҮЛДЭНЭ

Хуучирсан мэдээ: 2020.10.23-нд нийтлэгдсэн

АН амьд үлдэж байж МОНГОЛ АМЬД ҮЛДЭНЭ

АН амьд үлдэж байж МОНГОЛ АМЬД ҮЛДЭНЭ

“Ардчилсан нам одоо сэргэ, ухаан сийл, зориг гарга. Монгол гэрийг хоёр багана босгодог шиг, Монголын төрийг хоёр том нам авч явна.  Нэг том баганатай бид байж үзсэн. Бүтээгүй. Ачааг хамт үүрэлц. МАН бүү хөөр. Хүнд жилүүд айсуй. Ардын тань амьдрал хэцүү байгаа шүү. Чадалтай нь өгөөмөр, өрөвч байдаг”. Энэ бол Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баярын УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа үнэмлэхүй ялагдал хүлээсэн Ардчилсан намд өгсөн зөвлөгөө.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг нь эс тооцвол УИХ-ын хоёр, орон нутгийн хоёр сонгуульд дараалан үнэмлэхүй ялагдал хүлээсэн Ардчилсан нам уг нь ардчиллын автор нь юм. Ардчиллын үнэт зүйлс, үзэл санааг тээгчийн хувьд Ардчилсан намыг дэмждэг, амьд байгаасай гэж хүсдэг олон хүн бий. Даанч, гишүүдийнх нь дотоод хагарал, лидерүүдийнх нь зөрчил Ардчилсан намыг улам хүчгүйдүүлж, Ардын намд улам хүч нэмж байна.

УИХ-д бүлэгтэй, найман аймагт ялалт байгуулсан хэдий ч Ардчилсан нам өмнө нь ийм арчаагүй үхээнц байгаагүй юм. Адаглаад л гудамжинд гараад жагсахад Ардчилсан намтай хамт байдаг дэмжигчидтэй байлаа.

Гэвч, өнгөрсөн дөрвөн жил намдаа шинэчлэл хийсэн гэх Ардчилсан намд үнэндээ шинэчлэгдэх, олон нийтийн нам болох, үнэт зүйлээ эрэмбэлэх, үзэл бодлоо тойрч нэгдэх эрмэлзлэл байсангүй.  

Залуус нь  ах нарынхаа араас ноцож, хаа нэгхэн олон нийтийн сүлжээнд Ардын намыг муулж жиргэхээс өөрөөр ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө яаж тэмцсэн юм бэ. Ядаж л намынх нь гишүүдэд хэрэг тохоод толгой дараалан ачиж байхад тэд гудамжинд гарахаас ч айсан шүү дээ. МАН-ын залуус гадагшаа ноцож байхад АН-ын залуус дотогшоо хуцаж суусан. Ийм учраас л тэд дахин дөрвөн жил гудамжинд лааз өшиглөх болсон юм шүү дээ.

Монголын гурван сая иргэн Ардчилсан намыг үзэн ядаж, ардчиллын эсрэг үзэлтэн болчихсон гэж бодохгүй байна. Хүний эрх, эрх чөлөөнд хайртай хүмүүс нь ихэнх нь гэдэгт ч эргэлзэхгүй байгаа.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Монгол Улс даяар нэгэн зэрэг явагдсан орон нутгийн сонгуулийн дүнгээр Ардчилсан нам нийслэлд ганцхан дүүрэг авч, хөдөөд найман аймагт ялсан. Гэхдээ, энэ найман аймгийн ялалт бол Ардчилсан намын сайных биш, Ардын нам хоёр хуваагдсан Хөвсгөл, Увс, Булган зэрэг аймагт сөрөг хүчин ялалт байгуулсан юм.

УИХ-ын 2020 оны сонгуулиар нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хоёр сая гаруй хүнээс нэг сая 475 мянга нь саналаа өгсөн нь нийт сонгогчдын 73.6 хувь нь болсон. Үүний 40 хувь нь МАН-ыг дэмжсэнээр У.Хүрэлсүхийн баг УИХ-д 62 суудалтай болсон.

Товчхондоо нийт сонгогчийн дөрөвний нэгийн дэмжлэгтэйгээр МАН төрийн эрх мэдлийг авчээ. Тэгэхээр ардчиллыг дэмждэг нь дарангуйлагчийг хүсдэгээсээ илүү олон гэсэн үг. Анти ардчилагчид Монголд маш цөөхөн гэсэн үг.

Ерөнхийлөгчийн сүүлийн гурван удаагийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан нь сонгогчдын 50-аас дээш хувь нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө сонголтоо хийсэн болохын гол нотолгоо.

Гэвч, өнөөдөр Ардчилсан нам лидерийн хомсдолд оржээ. Цувж яваа барууд л АН-д байхаас цуглаж суух шаазгайнууд алга болсон байна. Өнгөрсөн хоёр удаагийн сонгуулиар тугаа бариад, намынхаа бодлого, мөрийн хөтөлбөрийг сурталчлаад сонгогчидтойгоо уулзахаасаа Ардчилсан намынхан ичдэг болсон байна. У.Хүрэлсүх тэнд намынхаа гишүүдийг дэмжээд явж байхад С.Эрдэнэ “ичээнээсээ” гараагүй. С.Эрдэнэ өөрөө болгоомжилсон уу, эсвэл нэр дэвшигчид нь түүнээс ичсэн үү, хэлэхэд хэцүү. Гэхдээ энэ бол АН-ын хувьд эмгэнэл. Ардчилсан намд тойрч нэгдэх лидер, үнэт зүйл үгүй болсны дохио.

Дөрвөн жилийн өмнө лидер төрүүлэх гэж С.Эрдэнийг намын бүх гишүүдийн санал хураалтаар сонгож байсан ч тэд С.Эрдэнэ дээрээ нэгдэж чадаагүй нь Ардчилсан намын ялагдлын эхлэл байлаа. Гэтэл, тогоогоо цууртал хоёр хуваагдсан МАН-ынхан У.Хүрэлсүх дээрээ нэгдээд дараалсан сонгуульд ялалт байгуулчихлаа.

Ардчилсан нам сул дорой байх тусмаа МАН-д ашигтай бол эсрэгээрээ Монгол Улсад хортой юм. Монголд улс төрийн олон намуудтай ч институцийн хувьд төлөвшсөн нь МАН, АН хоёр. ХҮН хэдийгээр өнгөрсөн сонгуулиудад чамлахааргүй амжилт үзүүлсэн ч институцийн хэмжээнд бүү хэл компанийн хэмжээнд төлөвшөөгүй нам. Гуравдагчийн орон зайг нөхнө гэдэг дэндүү эртэдсэн дүгнэлт болно.

Харамсалтай нь, Ардчилсан нам институцийн чадамжаа алдах тусам Монголын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул нүүрлэнэ. Иймээс ардчилагчид дотоод зөрчил, амбицаа дараад үнэт зүйлээ эрэмбэлж, үзэл бодол дээрээ тойрч нэгдэх цаг болж. Улс төрийн зах зээлд эрэлттэй, хүчтэй нам хэвээрээ үлдэх эсэхээ Ардчилсан нам өнөөдөр шийдэх шаардлагатай байна.

Хэрэвзээ, яг энэ чигээрээ Ардчилсан нам доошоо живсээр байх юм бол Монголын тусгаар тогтнол хамтдаа живнэ. Ардчилсан нам амьд үлдэж байж Монгол амьд үлдэнэ. Ардчилсан нам амьд үлдэхийн тулд ардчиллын лидерүүдийн амбиц, эрх ашиг ганцхан цэг дээр, ардчиллын туган дор нэгдэх ёстой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ТэнэглэлТэнэглэл
44
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж