БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 1950-1953 онд өмнөдийн цэргүүд АНУ-тай эвсэж, умард Солонгостой дайтахад цэргийн хүч, зэвсэг техникээр тусалсан БНХАУ-ын тусыг эргэн санагалзаж, дайнд амь үрэгдсэн хэдэн сая хятад цэрэгт хүндэтгэл үзүүлэн улсаа авч үлдэхэд тусалсанд нь талархал илэрхийлжээ. Ким Жон Ун өчигдөр/2020.10.22/ хятад цэргүүдийн оршуулгын газраар зочилж, тэдний оролцоог “Түүхэн агуу ялалт байгуулахад хамгийн том ач тус хүргэсэн” хэмээн тодорхойлжээ. “Импреалистуудын түрэмгийллийн эсрэг ариун дайнд оролцож, өөрсдөөс минь ч эрэлхэг зоригоор тулалдсан хятад цэргүүдийн улаан цусаар эх орны минь ширхэг чулуу бүр будагдан байлаа” хэмээн Ким Жон Ун үг хэлэхдээ онцолжээ.
Тэрбээр хятад цэргүүдэд хүндэтгэл үзүүлэхээс гадна Мао Аньины хөшөө болон булшинд цэцэг өргөн хүндэтгэсэн аж. Ким ийнхүү хятад цэргүүдийн оршуулгын газарт өөрийн биеэр зочилж, онцгой хүндэтгэл үзүүлсэн нь хоёр улсын харилцаа эргэн сэргэсний тэмдэг болж байгаа юм. Харьцуулж харвал таван жилийн өмнө гэхэд хоёр улсын харилцаа эрс муудаж, Ким Жон Ун Хятадын дарга Ши Жиньпинтэй ч уулзаж огт үзээгүй байлаа. Тухайн үед дайны 65 жилийн ой болж байсанд умард Солонгос төдийлөн анхаарал хандуулалгүй ёс төдийхнийг гүйцэтгээд өнгөрч байсан билээ. Харин түүнээс хойш хоёр орны удирдагч таван ч удаа уулзсан байна. Үнэн хэрэгтээ одоо ч хоёр Солонгосын дайн албан ёсоор эцэс болоогүй байгаа билээ. Тэд 1953 онд түр хугацаанд эвлэрэх гэрээ байгуулсан ч одоог хүртэл албан ёсоор энхийн гэрээ байгуулаагүй байгаа юм.
Солонгосын дайн бол АНУ болон БНХАУ-ын цэргүүд хоорондоо байлдсан эхний бөгөөд эцсийн тохиолдол байсан юм. Харин өдгөө Бээжин, Вашингтон хоёр үл ойлголцолтой байгаа энэ үед Бээжин дээрх үйл явдлын 70 жилийн ойг тэмдэглэж байгаа нь энэ юм.
Дээрх дайнд БНХАУ-ын удирдагч Мао Зэдуны ууган хүү Мао Аньин нар хүртэл амь үрэгдсэн гэдэг. Хоёр улсын харилцааг “Уруул, шүд хоёр шиг дотно” хэмээн илэрхийлдэг нь хоосон үг төдий биш юм. Хятад бол умард Солонгосын мөнхийн холбоотон төдийгүй эдийн засгийн дэмжигч билээ. Энэ харилцаа Пёньяныг цөмийн зэвсэг бүтээж эхэлснээс хойш тогтворгүй болоод байсан ч АНУ умард Солонгостой хэлэлцээ хийж эхэлснээс хойш Бээжин, Пёньяны харилцаа эргээд сэргэж байгаа юм.
Болсон явдлыг эргэн дурсвал, 1950 оны аравдугаар сард Мао Зэдун болон түүний коммунист нам Хятадын иргэний дайнд ялаад ердөө жил өнгөрч байхад АНУ-ын удирдсан НҮБ-ын цэргүүд өмнөд Солонгосын талд орж, Ким Ил Соны цэргүүдийг Хятадын хил хүртэл шахсан билээ.
Эх сурвалж: AFP.COM
Холбоотой мэдээ