Трамп, Байден нарын мэтгэлцээний онцлох сэдвүүд

Хуучирсан мэдээ: 2020.10.23-нд нийтлэгдсэн

Трамп, Байден нарын мэтгэлцээний онцлох сэдвүүд

Трамп, Байден нарын мэтгэлцээний онцлох сэдвүүд

НЭМЭЛТ:

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатны халз мэтгэлцээн амжилттай болж өнгөрлөө. Мэтгэлцээний үеэр одоогийн Ерөнхийлөгч, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нийт 41 минут 16 секунд буюу өрсөлдөгчөөсөө гурван минутаар илүү ярьсан байна.

Энэ удаагийн мэтгэлцээн өмнөх мэтгэлцээнийг бодвол харьцангуй тайван, зохион байгуулалт сайтай боллоо гэж дүгнэж байна. Өнөөдрийн мэтгэлцээний гол сэдэв нь мэдээж дэлхий дахины тулгамдсан асуудал болоод буй коронавирусийн цар тахал байлаа. Трампын хувьд мэтгэлцээний гол сэдэв нь АНУ-ын гадаад бодлого байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан ч тус улсын ард иргэдээс авсан санал асуулга дээр үндэслэн Covid-19-тэй тэмцэх асуудлыг мэтгэлцээний үеэр илүү хөндсөн юм.

Дональд Трампын хувьд тус улс цар тахлын оргил үеийг давсан, одоо эдийн засгаа сэргээх цаг нь болсон гэж үзэж буй бол Байден үүнийг няцааж, АНУ эрх баригчдын муу менежментээс болж цар тахалд 200 мянган хүнээ алдсан, энэ он дуусахад дахиад ч олон мянган хүнээ алдах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна. Мөн энэ олон мянган хүний амь насны хариуцлагыг хүлээх ёстой хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх ёсгүй хэмээн Трампыг буруутгав. “Дональд Трамп хариуд нь би бүх хариуцлагыг хүлээнэ. Тахал дэгдсэнд би буруугүй. Жо Байден та ч буруугүй. Харин Хятад улс үүнд буруутай” хэмээн хариулжээ.

Харин гадаад бодлогын асуудал дээр Байден Трампыг Хойд Солонгосын “толгойг хэтэрхий илдэг”, Ким Жон Унтай сайн харилцаатай байгаа гэж хэдэн жил ярьсан, өөр үр дүн гарсан зүйл байсангүй хэмээн ярьсан байна. Трамп үүний хариуд “Дайн боллоо гэж бодъё. Хойд Солонгост хангалттай их цөмийн зэвсэг байгаа. Харин би Ким удирдагчтай маш сайн харилцаатай байгаа. Тэр ч бас адилхан бодож байгаа гэж найдаж байна. Тиймээс л дайнгүй байгаа юм. Обамагаас Ерөнхийлөгчийн албыг хүлээн авахад Хойд Солонгостой харилцах харилцаа шавар шалбааг шиг л байсан” хэмээн хариулжээ.

Дараагийн онцлох сэдэв бол дүрвэгч, цагаачдын асуудал байв. Байден Трампыг АНУ-ын хил дээр байгаа дүрвэгчдийг үр хүүхдүүдээс нь тусгаарлах бодлого баримталж буйг буруутгав. Трамп өөрийн засаг захиргааны бодлогыг тайлбарлаж, салж хагацсан гэр бүлүүдээс уучлалт гуйхын оронд “Обамагийн үеэс л хууль бус дүрвэгчдийг тусгаарлах хуаранг барьж эхэлсэн. Тэгээд ч тэнд маш цэвэрхэн, хүүхдүүдэд маш сайн аннхаарал халамж тавьдаг” хэмээн сайрхаж эхэлжээ. Трампын энэ хариулт Байдены хувьд бэлэг болж “Энэ бол гэмт хэрэг. Олон зуун хүүхдүүдийг гэр бүл, эцэг эхээс нь хүчээр салгаж буй явдал бол АНУ-ын баримталдаг бүхий л үнэт зүйлтэй харшлах шийдвэр” хэмээн хариулсан байна.

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СҮҮЛИЙН МЭТГЭЛЦЭЭН 3 ЦАГ ҮРГЭЛЖЛЭВ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатны мэтгэлцээн өнөөдөр /2020.10.23/ эхэллээ. Сонгуулийн санал хураалт ирэх сарын 3-нд болох бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден, эрх баригч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нарын хувьд үндэсний хэмжээний үзэгчдийн өмнө гарах сүүлийн боломж болж байна. Мэтгэлцээн Теннесси мужийн Нашвилл хот дахь “Belmont” их сургуульд болж байгаа бөгөөд гурван цаг үргэлжилнэ.

“NBC” сувгийн сэтгүүлч Кристен Велкер мэтгэлцээнийг удирдаж байгаа ба  “Коронавирусийн цар тахалтай тэмцэх”, “АНУ-ын айл өрх, гэр бүлүүд”, “Уур амьсгалын өөрчлөлт”, “Үндэсний аюулгүй байдал”, “Манлайлал” гэх үндсэн зургаан сэдвийн дагуу мэтгэлцэнэ.

Өмнөх мэтгэлцээний үеэр Дональд Трамп, Жо Байден нар нэг нэгнийхээ үгийг таслах, нэгэн рүүгээ дайрч давшлах гэх мэт үйлдэл их гаргасан. Тиймээс энэ удаагийн халз мэтгэлцээнийг микрофоны дууг хаах горимтойгоор зохион байгуулж байгаа гэнэ. Энэхүү шинэ журмын дагуу нэр дэвшигчид дээрх зургаан сэдвээр тус тус 15 минутын хугацаанд мэтгэлцэх ба сэдэв бүрийн нээлтийн үгийг тасалдуулахгүйн тулд эхний хоёр минутын хугацаанд өрсөлдөгчийнх нь микрофоныг хааж байгаа юм.

Мэтгэлцээн үргэжилсээр байгаа ба Жо Байден Трампыг коронавирусийн цар тахлын эсрэг хангалттай сайн ажиллаагүй хэмээн буруутгасан бол Трамп өрсөлдөгчийнхөө хүүгийн гадаад дахь бизнесийн ашиг сонирхлыг буруутган мэтгэлцэв. Трампын хувьд Байденыг дэд Ерөнхийлөгч байх үед түүний хүү Хантер Байден Хятадын бизнесмэнээс их хэмжээний хөрөнгө оруулалт авсан явдлыг сөхсөн. Харин Байден үүний хариуд Трампын Хятад дахь банкны данс илэрсэн, эх орондоо бус Хятадад илүү их татвар төлсөн гэж буруутгажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж