УИХ-н чуулган хуралдаж байна
Posted by News.mn on Thursday, October 22, 2020
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг чөлөөллөө
УИХ-ын гишүүн Д.Сумъяазар нь бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Тодруулбал, чуулганы хуралдаанд оролцсон 44 гишүүнээс 31 нь дэмжиж, 70.4 хувийн дэмжлэг авлаа. Санал хураалтыг илээр явуулав. Мөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээсээ өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөнтэй холбогдуулж, тогтоол баталлаа.
УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөхийн өмнө УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:
Эхлээд чөлөөлөгдөөд дараа нь томилгооны асуудалдаа орж болоогүй юм уу. Хотын дарга болох нь доошоо явж байна уу, дээшээ яваад байна уу?
УИХ-ГИШҮҮН Д.СУМЪЯАБАЗАР:
Чөлөөлөгдөх процесс явж байна. Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн дагуу явж байна.
Дээшээ доошоо гэдэг дээр хүмүүс янз бүрийн байдлаар тайлбарлаад байгаа. УИХ бодлогын шийдвэр гаргадаг. Гадаад дотоод харилцаа, геофолитик гээд. Нийгэм эдийн засгийн чиглэлээр бодлогын шийдвэр гаргадаг.
НИТХ-д өмнө нь ажиллаж байсан хүний хувьд олон түмний дэмжлэг, намын дэмжлэг гэдэг зүйл байгаа. Шийдвэр гаргахад голлох нөлөө үзүүлсэн. МАН орон нутгийн сонгуулиар нийслэлд 75.5 хувийн амжилт үзүүлсэн. 45 суудлын 34-ыг нь авсан.
УИХ хууль тогтоох дээд байгууллага, хүндэтгэлтэй хандаж байгаа, УИХ-д сонгосон Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтойгоо илүү ойр ажиллана.
УИХ-ЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН:
Д.Сумъяазар гишүүнийг НИТХ-аас Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүслэн. Томилогдчихоод чөлөөлөгдөх нь гэж Доржханд гишүүн та хэллээ. Буруу мэдээлэлтэй байна. УИХ-аас өнөөдөр гишүүнийх нь бүрэн эрхээс чөлөөлчихвөл Ерөнхий сайд батламжлах ёстой. Бүх л зүйл улс төрийн хүрээнд явж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:
Ерөнхий сайд батламжлахгүй тохиолдолд яах вэ. эргээд УИХ-ын гишүүн болохоор ирэх үү?
УИХ-ЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН:
Улаанбаатар хотын намын хороо өчигдөр хуралдаад шийдвэрээ ирүүлсэн. Удирдах зөвлөл шийдвэрийг нь хэлэлцээд дэмжсэн учраас Ерөнхий сайд томилох үүрэгтэй л гэж бодож байна. Та Д.Сумъяабазар гишүүнд санаа зовж, асууж байх шиг байна. Үл ойлголцол болоод хуулийн хийдэл гарахгүй байх аа.
Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа чуулганаар Музейн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалд ямар асуудлууд туссан талаар УИХ-ын гишүүд Соёлын сайд С.Чулуунаас асуулт асуув. Мөн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаарх санал хураалтыг дараа долоо хоногт хийхээр болж, өнөөдрийн чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох сонголт хийсэн тул УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д ирүүлсэн байна. Энэхүү саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, хүсэлтийг хүлээн авчээ.
Иймээс яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
Н.Алтанхуяг: С.Чулуун аа, чи яахаараа түүх гуйвуулж суудаг юм бэ?
УИХ-аар Соёлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:
Соёлын яам 24 жилийн дараа байгуулагдлаа гэж яагаад түүх гуйвуулж суудаг юм, С.Чулуун аа. Чиний өмнө Ц.Оюунгэрэл Соёлын сайдаар ажилласан. 2012 онд бид Соёлын сайдтай байсан. Яагаад улайн цайм ийм худлаа юм яриад сууж байдаг юм. Хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Та нарын оруулж ирсэн хуулийн төсөл бол байгууллагын тухай хууль орж ирлээ. Хуучирсан үгширмэл байдлаар хандах юм бол соёлын бодлого явахгүй. Бид яаж хүүхдүүддээ хэл, соёл, зан заншлыг сонирхдог хэлбэрээр нь хүргэх вэ, шигтгэх вэ. Охидууд Солонгос охидын бүжгийн хамтлаг үзсээр хэлийг нь сурч байна. Энэний оронд Хү хамтлагийг яаж дэмжих вэ. Солонгос яаж ганнам стилийг дэмждэг юм. Ийм юм ярина шүү. Хэдэн он бэ.
Ерөнхий сайд байхад надтай н.Эрдэнэбаяр гэдэг залуу орж ирээд нэг зураг үзүүллээ. Энэ дотор Монгол хүүхэд байна уу хар гэлээ. Баахан Солонгосын хамтлаг байна, Монгол хүүхэд алга.
Өнөөдөр Монгол хүүхдийн үздэг контент, баатар алга. Үр хүүхэд дандаа гадаад контент үзүүлж байна.
Бид тухайн үед Соёлын яамыг ийм зорилгоор байгуулж байсан.
Орон нутагт 10 тэрбумаар боссон чуулга зэрэг том “сав”-нууд байгаа. Яаж зөв менежмент хийх вэ, яаж үр бүтээлтэй юм хийлгэх вэ гэдэг зүйлийг ярих ёстой. Соёл гэхээр ойр зуурын юм яриад байна. Хэл ёс заншил, шашин гээд агуулга баян. Зөвхөн хадгалж үлдэх тухай яриад яах юм бэ. Би Н.Энхболд гишүүнтэй санал нэг байна. Ийм хууль баталбал би хүүхдүүдээсээ ичнэ. Та нар соёлыг шинэлэгээр харж болдоггүй юм уу. Хү хамтлаг гарч ирээд Монголыг дэлхийд хүргэлээ шүү дээ.
Хандлагаа өөрчил, хэрэг алга. Хүүхдүүддээ контент хайгаад олохгүй байна. Маамуу гээд хөөрхөн контент босох гээд унаад босоод явж байна. Хөшөө дурсгал босоод явчихгүй.
СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН:
Би хэлсэн үгээ мэдэж байна, Соёлын яам 24 жилийн дараа дангаараа байгуулагдлаа гэж хэлсэн. Таны хэлсэн Соёлын яам спортын яамтай хамт байсан.
Монгол контент гэдэг бол соёлын том асуудлын доторх нэг хэсэг. Энэ төслийн дөрөвдүгээр бүлэг дээр тодорхой заасан. Соёлын холбогдолтой үйл ажиллагааг зөвхөн контентоор явуулахгүй, соёлынхоо суурь бүтцийг эрх зүйн хувьд шинэчилж, тэр эрх зүйн хэм хэмжээнд явуулна.
Соёлын хууль нь Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнээс гадна олон улсын конвенцид удирдагддаг онцлогтой хууль.
Тантай санал нэг байна. Хүүхдэд онцгой анхаарч байгаа. Маатуу, Бумбардайг санаачлагчтай бүгдтэй нь уулзсан. Нэгтгэж зангидсан, Монгол Улсыг сурталчилсан контент бүтээхэд анхаарч байна.
Хэл урлаг, шашин гэдэг соёл гэдэг том агуулга дотроо багтаж явдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГ:
Соёлын өвийн хулгай газар авлаа. Мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг байгууллагад соёлын байцаагч нарыг байлгах ёстой юм шиг. Соёлын мэдээллийн нэгдсэн сан алга?
СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН:
Соёлын өвийн хулгай маш их гарч байна. Соёлын өвийг зуслангийн байшиндаа тавьчихсан, дурсгалтай эд өлгийн зүйлээр байшингийнхаа довжоог хийсэн тохиолдол Хархоринд гарсан.
Ерөнхий сайд Соёлын өвийн хулгайтай тэмцэх чиглэлийг өгсөн. Экологийн цагдаагийн дэргэд Соёлын хулгайтай тэмцэх тасаг, хэлтэс байгуулах талаар Хууль зүйн яамтай ярилцаж байна. Соёлын өвийн эсрэг үйл ажиллагаанд хяналт тавих нэгж байгуулна.
Мэдээллийн сан байгаа, компьютерт ч байгаа. Цахим соёлын өв гэдэг хөтөлбөр хийж байгаа. 2022-2023 он гэхэд дуусна. Бүх Монголын газар нутаг дээр байгаа өв, соёл багтана. Мэдээллийг хаанаас ч авах боломжтой. Аялал жуулчлалд ч хэрэгтэй.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ:
Урлагийн гол бүтээл нь хулгайд алдагдсан, соёлын өв нь хулгайд алдагдсан. Тендерийн хуулиар хамгийн хямдыг нь авдаг.
Төсвөөс дахиад учир нь олдохгүй мөнгө тавьдаг. Төсөв өнөөдөр хэцүү байна. Хулгайд алдагдсан юм аа олж авч, үнэлгээг нь хийлгээч ээ?
СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН:
Шилдэг бүтээлийг улсын санд худалдан авсан асуудал 1990-ээд оноос хойш явсан. Төрөөс бодлогоор сайн бүтээлийг авч, улсын сан хөмрөгөө баяжуулдаг, тусгай журамтай. Дүрслэх урлагийн бүтээл, хөгжмийн бүтээлийг авдаг. Одоогоор хөрөнгө нь харьцангуй бага байгаа.
Нэг уран зураг авахад ард нийтээр хэлэлцүүлнэ гэж байхгүй, мэргэжлийн комисс хэлэлцэж шийддэг. Гэхдээ цаашдаа илүү олон хүнийг хамруулж, шийдэх ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН:
Соёлын хууль бол маш чухал хууль. 2019 оны наймдугаар сард өргөн баригдсан ч мэргэжлийн хүмүүс нь ажиллаж байгаа учраас Монгол Улсын бүхий л үндэсний салбарт хэрэгжих сайн хууль гаргах ёстой.
Хуулийн төсөлд “бусад соёл хүч түрэн газар авч байгаа төдийгүй уламжлалт соёлыг уусгаж байна” гэжээ. Түүнээс сэргийлсэн зохицуулалт алга байгаа тул анхаарах. Цахим сувгаар сайн, муу соёл түгэн дэлгэрч байна. Энэ асуудлыг Соёлын тухай хуульд заавал тусгах ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Соёлын яамны ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр өмнөх яам нэлээн зүйл хийсэн. Нэг удаагийн тэтгэмж авдаг болсон гээд. Энэ ажлыг цааш үргэлжлүүлж, хадгалж явах.
Анх бол Ерөнхий сайд иргэдээ Монгол ухаантай, өв уламжлалаа дээдэлсэн, зөв хүмүүжил төлөвшилтэй Монгол хүн болгон хөгжүүлэх асуудал чухал байна. Соён гэгээрүүлэх асуудалд онцгой анхаарна гээд Соёлын яам байгуулж байна гэсэн. Хуулийн төслийг харахаар энэ үзэл санаа харагдахгүй байна, оруулж өгмөөр байна. Монголын түүх, монгол ахуй, ёс заншил өв уламжлал соёлдоо орно. Монгол хүн бүр соёлын өв тээгч. Үр хүүхдээ хүмүүжүүлж байгаа асуудал ч өв тээгч. Гэтэл Соёлын байгууллагын тухай хууль л харагдаад байна.
Хойшоо үргэлжлүүлээд задлаад харахаар хүүхдийн соёл урлагийн цогцолбор байгуулах гэх мэт бүтэцтэй холбоотой асуудал яваад байна. Соён гэгээрүүлэх, зан заншлаа дээдэлдэг байх, зөв хүмүүжилтэй Монгол хүн болгон хөгжүүлэхэд анхаараарай.
Хуулийн төслийг харахаар соёлын үйл ажиллагааны чиглэлээр мэдлэг олгоно гэж байгаа. Тэр нь уран бүтээлчидтэй холбогдож байна. Хэвлэл мэдээллийн байгууллагаар соёлын өв уламжлалаа сурталчлах, ялангуяа МҮОНРТ-д тодорхой цагтай байх. Соёлын тухай, тодорхой цаг зааж оруулмаар байна. Сараа ч гэсэн TV-5-аараа цаг гаргаж өгөх хэрэгтэй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:
Нийгмийн тархи зүрхний чухал хуулийг хэлэлцэж байна. Нийгмээ соён гэгээрүүлэх, урлаг соёлоо сурталчлах, хамгаалах, түгээх маш өргөн агуулга бүхий хууль. УИХ-ын гишүүд их анхаарал хандуулж, санал бодлоо илэрхийлж байгаад талархаж байна. Ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ-ын чуулганаар засч залруулах зүйлийг хийгээд явах. Бидний бүрдсэн УИХ 20 гаруй жилийн дараа Соёлын яамыг дангаар нь байгуулсан. Өмнө нь хавсарга байсан.
Дэлхий дээр байгаа нүүдлийн соёл иргэншлийн гал голомт Монгол Улс мөн. Дэлхийн бүх улсууд Монголын үүх түүх уламжлалаас хулгай хийх нь хулгай хийж байна. Бид өөрсөддөө байгаа өв уламжлалаа түгээх, ойлгуулах асуудал хоцрогдож ирсэн.
УИХ-ын гишүүдийн нийгэмдээ иргэд сонгогчдынхоо өмнө хүлээдэг үүрэг бол нийгмээ соён гэгээрүүлэх. Тийм учраас хуулийг бүгдээрээ дэмжиж, ажлын хэсэг шат шатандаа сайжруулж батлах нь зөвөө гэж бодож байна.
Соёлын яам хэд хэдэн зүйл дээр анхаарах. Төрийн байгууллага, соёлыг түгээж байгаа хүмүүсийн хэмжээнд хардаг, илүү өргөн болгох ёстой.
Манлайллыг үзүүлж, яам байгуулсны, хуулийг нь баталсны үр дүнг бий болгох ёстой.
Хавсарга байдлаар явж ирсэнээс Монголын соёл олон юмаа гээсэн. Хөвсгөл, Архангайд байгаа олон өвийг иргэд хулгайгаар олборлоод гадаадад гаргахыг завдаад баригдсан. Өвөрхангайд ч бас ийм явдал болж байсан.
Төсөв мөнгөн дээрээ ч гар татахгүй таван төгрөгийг нь тавьж өгөөд анхаарах ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:
Хуулийн төслийг энэ чигээр нь дэмжих боломжгүй байна. Соёлын өвд монголчууд амбицтай, алсын хараатай бодлого хэрэгжүүлэх ёстой. Бидний бүтээсэн соёл бол дэлхийн хэмжээний. Монголчуудынхаа бүтээсэн энэ их соёл үүх түүхийг дэлхийд түгээх. С.Чулуунд их хүлээлт үүсгэж байна. Түүхээ, соёлоо, археологио мэддэг, сайн ч нэр, муу ч нэрийг дуулж байсан учраас олзуурхаж байгаа.
Соёлын байгууллага гэж юу байх вэ, соёлын үнэт зүйл гэж юу вэ гэдгийг тодорхойлох гээд сууж болохгүй.
Ийн гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад олонх нь дэмжив. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн юм.
УИХ-аар Соёлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Энэхүү хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Соёлын тухай хуулийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлж үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах, аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, уламжлалт зан заншил, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан үлдэх, иргэдийн соёлын мэдлэгийг дээшлүүлэх, боловсролын тогтолцоогоор дамжуулан эх оронч үзэлтэй, үндэсний бахархал, соёлын өв, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, монголчуудын үнэт зүйлсийн уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулсан иргэнийг төлөвшүүлэх шаардлага үүссэн гэж танилцуулгад дурджээ.
Дэлхий нийтийг хамарсан даяаршлын үйл явцын эрчимтэй нөлөө, үндэстэн дамнасан соёл хоорондын харилцааны идэвхтэй хөгжил, дэлхий дахины болон улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд болж байгаа хурдацтай өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлсээс хамаарч соёл, урлагийн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг 25 зүйлтэй бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Соёлын тухай хуулийн 70 шахам хувь нь өөрчлөгдөж, нэр томьёо, соёлын үйл ажиллагааны чиглэл шинэчлэгдэн, баримтлах зарчим, соёл судлал, соёлын боловсрол, үйлдвэрлэл, ажилтны үнэлэмж, мерчандайзын гэрээ, агентын зохицуулалт шинээр нэмж тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн соёл, урлагийн боловсрол дээшлэх, үндэсний соёл уламжлалаа дээдлэх, хөгжүүлэх дархлаа бий болж, соёлын үйл ажиллагаан дахь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо нэмэгдэж, соёлын үйлчилгээ, хүртээмж сайжирч, уран бүтээл хийх сэдэл бий болгох, соёл, урлагийн үйл ажиллагааны санхүүжилт нэмэгдэх, үндэсний соёлыг хадгапах, хамгаалах, судлах, соёлын олон улсын хамтын ажиллагааг дэмжих, соёл урлагийн салбарт мэргэжлийн болон шинжлэх ухааны судалгааг нэвтрүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хүүхдэд хандсан эмийн сурталчилгаа хийхийг хориглоно
УИХ-ын чуулган 2020.10.23
Posted by News.mn on Thursday, October 22, 2020
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:
Нэн чухал хууль орж ирж байна. Дэлхийн IT ын салбарын дараа ордог салбар. Чанартай эмийг АНУ, Япон зэрэг хэдхэн орон үйлдвэрлэдэг. Манайд орж ирж байгаа эм нь буурай орноос орж ирдэг. Мөн Энэтхэг, Хятадаас эм орж ирдэг.
Яагаад өөрсдөө эмийн стандарт гаргана гээд яриад яваа юм бэ. Гадаадаас эм оруулж ирж байгаа. Гадаадын хамгийн өндөр стандартыг бариад, энэ чиглэлийн эм оруулж ирээч.
Шинээр агентлаг байгуулах нь ээ. 80 хүний орон тоотой. Том агентлаг. Манай Батлан хамгаалах яам 78 хүний бүтэцтэй, түүнээс олон хүнтэй агентлаг байгуулагдах нь. Замбараагаа алдсан эмийн стандартыг бариулахын тулд хэрэгтэй байж болох юм. Гэхдээ гэрээлээд хийж болох байх.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай орон тоогоо давхцуулалгүй, бүтцээ гаргаарай. Захиргааны ажил хийдэг хүмүүсийн ажил цахимтайгаа холбогдож буурах ёстой шүү.
Нэг хүнд ногдох ДНБ өсөхөд эмийн хэрэглээ дагаад 8 хувиар өсдөг. Монгол Улс маш залуухан хүн амтай, энэ хүмүүсийн хэрэглээн дээр Монгол хүн болгон дээд стандартаар эм авах хууль оруулж ирэхийг хүсч байна.
Агентлаг байгуулж болно, олон улсын стандарт барьсан эмийн үйлчилгээ нэвтрүүлье.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, АЖЛЫН ХЭСЭГ:
Эмийн чанарыг зах зээлд нэвтрүүлэхээс өмнө хангах арга нь бүртгэл. Тухайн эмийн био шингэцийн судалгааг үндэслэж бүртгэнэ гэж зааж өгсөн.
Энэтхэг, Хятадын эмийг чанаргүй гэж хэлж болохгүй. Манай улсад хийгдэж чадахгүй байгаа ажил бол эм, эмийн хэрэгслийг эргүүлэн татах, тандан судлалт зэрэг хийгдэхгүй байгаа. Энэ хуульд дээрх ажлуудыг хийхээр зохицуулалт тусгасан.
Эм, эмийн хэрэгслийн тандан судалгааг орж ирсэн үеэс нь эхлүүлнэ. Мэргэжлийн хяналт дээр байгаа хүмүүс манай агентлаг руу орж ирнэ, давхардуулахгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГ:
Бид бүгдээрээ эмийн эрхшээлд амьдарч байна. Нэг өрхийн гишүүн хүндхэн өвдөхөд дампуурч байна.
Гурван эмийн нэг нь бүртгэлгүй байна гэж ярьж байна. Монгол хүн реклам зар сурталчилгаа дагаж эм хэрэглэж байна.
Реклам дагаж, сүлжээ дагаж байгаа бүтээгдэхүүнийг яах вэ. Зохицуулалт байна уу. Тураана, хавдрын эсрэг гэсэн эмийг яах вэ.
Хөдөөгүүр ажиллаж байхад малдаа битгий хэл хүндээ аваад хэрэгэлэх эмийн хэрэгцээ байдаггүй. Бэртэл гэмтэлд мал, хүнгүй хэрэглэдэг нэг тостой боллоо гэдэг.
Малд тарьсан вакцин хүнсний хэрэглээн дээр зөрчил үүсэх үү? Малын өвчлөлөөс сэргийлж, гадаадаас вакцин аваад малдаа хийдэг.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Н.ОЮУНХАНД:
Бид энэ хуулийн 16-гийн 19-т зар сруталчилгааны асуудлыг маш тодорхой оруулж өгсөн. Хүүхдэд хандсан эмийн сурталчилгаа явуулахыг хориглоно, эмийг нийгмийн сүлжээгээр сурталчлахыг хориглоно.
Эмч, эмнэлгийн мэргэжилтэн өөрөө сурталчилгаанд оролцох асуудлыг зааж өгсөн.
1998 оноос хойш Монгол Улс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар хүн малын өвчнийг зохицуулж ирсэн. Дэлхийн маш олон орон тухайлбал, ОХУ, Европын орнууд нэг зохицуулалтаар явдаг.
Дэлхий дахин 2016 оноос хойш хүн, мал, амьтны эрүүл мэнд гэдэг бол нэг ойлголт юм байна гэж үзэх болсон.
Үйлдвэрлэлд тавигдах шаардлага, эмийг үйлдвэрлэх технологи нь хүн малд яг адилхан. Гагцхүү тун хэмжээ нь өөр.
Малд хэрэглэж байгаа эмийн үлдэгдэл хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг.
УИХ-ЫН ГИШҮҮН П.АНУЖИН
Монгол төр хүнээ өвдөхөөс нь өмнө сэргийлэх бодлого байхгүй байсны улмаас эм хэрэглэхээс аргагүй болчихоод байна. Урьдчилж харж чадаагүйгээс өнөөдөр бид ийм зузаан төсөл хэлэлцээд сууж байна.
Тойргийн маань иргэн, асуулгаж байна. Эмйг Монгол заавартай болгож өгч болдоггүй юм уу. Монголд хийгдэж байгаа томуугийн вакцин чанар муутай байна гэсэн байна?.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Н.ОЮУНХАНД:
Монгол төр хүн амаа өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх бодлогыг хуульдаа тусгаж ирсэн. Энэ уламжлал Алсын хараа хөтөлбөрт ч багтсан.
Монгол Улсад орж ирж байгаа эмийг Монгол заавартай байх заалт оруулсан. Вакцины чанарын тухайд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрсөн вакцинаас худалдан авалт хийдэг. Хүүхдийн сангаар дамжуулаад хийдэг.
Харин хувийн хэвшлийнхэн өөрсдөө үнээ тогтоогоод вакцин хийдэг.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг өндөрлүүлээд байна. Чуулганы үдээс хойших хуралдааныг 14.00 цагаас үргэлжлүүлж, хуулийн төслөө үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
10 тэрбум төгрөгтэй тэнцэх хөнгөлөлттэй эм эзэндээ очдоггүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Уг төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгасан байна.
Мөн эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллага, эмч төлөөлөгч нарын эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгажээ. Энэ хүрээнд иргэд эм гэж төөрөгдөн хэрэглэдэг эрүүлжүүлнэ, тураана, таргалуулна гэсэн хэт дөвийлгөсөн зар сурталчилгаатай бүтээгдэхүүний зохицуулалт сайжирна.
Түүнчлэн, эмийн хангамж, хүртээмж, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхээр эмийн үнийн ил тод байдлыг хангах, гадаад, дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрт эмийн үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эмийг хүлээн авах эрх зүйн орчныг шинэчлэхээр тусгасан байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ:
Зайлшгүй хэрэгцээт эмийн жагсалт гаргахгүй бол хэдэн эмийн компанийн атганд орлоо.
Эмийн захилгаа арваннэгдүгээр сард авдаг. Тендер зарлахаар хойтон жилийнх нь дөрөв тавдугаар сард ирдэг. Гэхдээ монополь компанийн чанар муу эм орж ирдэг. Ийм шударга бус тогтолцоог байлгамааргүй байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН:
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэн гаргаж байна. Зайлшгүй шаардлагатай эм нь сумын, аймгийн гэж ангилагдаж гардаггүй. Тендерийн хугацаа хойшлогддог асуудал нь төсөв батлагдсанаас хойш зарлахаар хугацаа алддаг, оны эхэнд эм олддоггүй асуудал бий. Анхаарч ажиллая.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:
Өрхийн эрүүл мэнддээ зарцуулж буй төсвийн 60 хувийг эм эзэлж байна. Өглөө 06.00 цагт очиж дугаарладаг. Шинэ Засгийн газар байгуулагдаад эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлыг анхаарах.Эмийн хөнгөлөлтөд төр анхаарлаа хандуулж байгаа учраас хурдан үр дүнд хүрэх.
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орж байгаа эмийн 30 хувь нь эзэндээ хүрдэггүй. Жилд Эрүүл мэндийн даатгалаас 30 тэрбум төгрөг зарцуулдаг. Гэтэл 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хөнгөлөлттэй эм хүрэх ёстой эзэндээ очдоггүй.
2021 онд төсвийг хоёр дахин нэмэгдүүлж 60 тэрбум болголоо. Энэ хуулийн амин сүнс нь зөв тогтолцоог бүрдүүлэх.
Эмийн бие даасан агентлаг байгуулагдана, ард иргэдийн өмнө үүссэн асуудлыг шийдэх ёстой. Хүн амтай нь харьцуулахад маш олон эмийн сантай, маш олон компани эм үйлдвэрлэдэг хэрнээ 5 хувь нь шаардлага хангадаг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт байна. Хэн нэгний эрх ашгийг хамгаалдаг агентлаг болж болохгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН:
Иргэдийг цочроосон нэг асуудал яригдаад удлаа. 2013 онд манай эм дэлхийн зах зээлээс 5-6 дахин өндөр, гуравны нэг нь хуурамч гэдэг дүгнэлт гарсан. Тэрнээс хойш эм хэрэглэхээс санаа зовдог боллоо. Гаднаас авъя гэхээр хямд биш, үнэтэй байна. Аль эмийг үнэн чанартай гэх вэ. Иргэдэд ойлгомжтой болго. Гурван эмийн нэг нь хуурамч байхад дуугүй суугаад байж болохгүй.
Эмийг туршиж гаргадаг. Өвчтэй хүмүүс дээр эхэлж туршдаг. Эрүүл хүмүүс дээр турших нь хориотой учраас Монгол зэрэг буурай оронд туршдаг боллоо. Эм бүртгэлийн асуудал хатуу байх ёстой шүү дээ.
Хэрэглээний явцад шинээр нэвтэрч байгаа эмэнд хяналт тавих тогтолцоо сул байна. Гадаадад хэрэглэдэг эмийг хараад л шууд хэрэглээд байх уу?
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Н.ОЮУНХАНД:
Эмийн үнийн талаар манай улсад 2013, 2017 онд эмийн олон аргачлалаар судалгаа хийсэн. Тухайн үед буюу 2013 онд эмийн үнэ 5-6 дахин өндөр үнэтэй гэж гарсан. 2017 онд 3-5 дахин өндөр гэж гарсан. Судалгаанд хамрагдсан эмийн хувьд энэ үнэ гарсан. Нийт 50 эм судалгаанд хамрагдсан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсний дагуу сүүлийн гурван жил ерөнхий гэрээг хэрэглэснээр тендерийн үнэ 1х80 болж, үр дүн сайжирч байгаа.
Дотоодын эмийн үйлдвэрүүд олон улсын жишиг үнэтэй адил, түүнээс хямд үнэтэй ч байх тохиолдол бий. Үйлдвэрлэсэн өртгөөсөө шалтгаалаад эмийн үнэ өөр, өөр байдаг. Эмийн хуулинд үнийг зохицуулах шинэ арга оруулж ирсэн, эмийн үнэ дээр нэмэгдэх жишиг үнийг тогтоож байгаа.
Гурван эмийн нэг нь хуурамч гэдэг нь бүртгэлгүй гэж ойлгож болно.
Эмийг бүртгэхдээ зах зээлд гарсны дараа бүртгэдэг. Бусад улс орон зах зээлд нийлүүлэхээс өмнө бүртгэдэг.
Одоо энэ хуулийн төсөлд эм бүртгэхдээ экспортлогч оронд хэрэглэдэг үү гэдэг шаардлага тавьж байна.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:
Эрүүл мэндийн яамныхан товч бөгөөд тодорхой хариултыг тас, тас өгөөд яваач ээ.
Виз олгох асуудлыг журмаар зохицуулснаар тохируулга хийх боломжтой болно
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ:
Визний асуудал хөндөгдөхөд гадаад оюутны сурах асуудал мөн яригддаг. Гадаад оюутан нь Монголд ирээд суръя гэхэд виз нь маш хүнд сурталтай. Гадаад оюутанд олгодог С ангиллын визийг хөнгөвчлөх шаардлага байгаа. Хуулийн өөрчлөлтөөр хөнгөвчлөх заалт орж байгаа юу.
Ш.Раднаасэд гишүүн Монгол угсаатанд хөнгөлөлттэй виз олгох шаардлагатай гэсэн асуудлыг Байнгын хорооны хуралдааны үеэр хөндсөн. МУИС-д хазар үндэстэн сурдаг. Монголд сурдаг оюутныхаа тоог нэмэх сонирхолтой байдаг. Энэ асуудалд нааштай хандах заалт бий юу?
ХЗДХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БААСАНДОРЖ:
Визийг хуульчилсан учраас дэндүү хатуу зохицуулалттай байса. Одоо энэхүү хуулийн өөрчлөлтөөр визийг Засгийн газрын журмаар зохицуулах учраас уян хатан болно.
Монгол Улсад өнөөдөр 465 гадаад оюутан суралцаж байна. Covid-19 дэгдэхээс өмнө буюу 2019 онд 2300 гадаад оюутан Монголд суралцдаг байсан бол өнөөдөр 465 оюутан болсон.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Л.МӨНХТҮШИГ:
Хазар үндэстэнтэй холбоотой асуудлыг хаалттай хурадааны үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд ярилцсан нь зүйтэй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараар Монгол Улс дэлхийд сул байгаа. Хамгийн гол нь виз олгох эрхийг визний наймаа хийдэг хүмүүст тараагаад өгчихсөнөөс гэмт хэргийн шинж чанартай болж хувирсан. Хуулийн өөрчлөлтөөр энэ асуудлыг цэгцэлж чадах уу. Гол нь визний наймаа зогсох уу?
ХЗДХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БААСАНДОРЖ:
Визийн ангиллыг хуулиар зохицуулдаг байсныг Засгийн газрын журмаар зохицуулах нь олон улсын жишигт нийцэж байгаа. Хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохируулга хийх боломжтой болно, хяналтын систем сайжирна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Л.МӨНХТҮШИГ:
Хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газраас виз олгохдоо наймаалцаж байгаа асуудал бий. Хяналт шалгалт хийж, холбогдох байгууллагад асуудлыг хүргүүлсэн байгаа.
Визийн төвтэй болсноор хууль бус наймааг таслан зогсоох боломжтой болно.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН:
Хуулийн төслийг дэмжиж байгаа. Дэлхий нийт Араб зэрэг булангийн орноос хөрөнгө оруулалт татаад байхад манай улс эсрэгээрээ терроризм гэдэг үг наадаг. Гадаад улс орнуудын иргэд тэр дундаа булангийн орны иргэд Монголд ирэх болоход хэдэн төрлийн шалгуур тавьж байна вэ?
Хоёрт, гадаад орноос ирсэн хүмүүст хяналт тавиад байдаг хэрнээ гарсанд тавьдаг хяналт сул байна уу гэж харагддаг. Жишээлбэл, 800 Хятад мөнгө угааж байсан хэрэг нь энэнтэй л холбоотой.
Монголоос гарсан гадаадын хүмүүст хэн хяналт тавьдаг юм бэ.
Гурван улсын хил орчмын халуун рашаан, хилийн багана руу орж ирж зураг авахуулах зэрэг асуудал хуульд яаж туссан бэ?
АЖЛЫН ХЭСЭГ: Гадаадын иргэнд олгодог 30 хүртэл хоногийн визийг Консулын газар, хилээр нэвтрүүлэхдээ Хил хамгаалах ерөнхий газар, орж ирсний дараа нь Гадаадын иргэн харъяатын газар хяналт тавьдаг. Нэгдсэн мэдээллийн сангүй байгаа нь асуудал үүсгэж байгаа.
Энэ асуудлыг одоо хэлэлцэж байгаа хуулийн төслөөр цэгцэлнэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Аль нэг улсын нэрийг дурдах нь гадаад харилцааны асуудал хөндөгдөх учраас бичгээр хариу өгье.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:
Жуулчлалтай холботой асуудал дээр эргэж харах. Монголд ирдэг жуулчдын 40-50 хувь нь зхоион байгуулалттай групп жуулчин бол 50 хувь нь үүргэчтэй аялагч. Үүргэвчтэй аялаг чнь хөрөнгө оруулдаггүй, ихэнх нь хээрээр гэр хийгээд байгальд хоног төөрүүлээд явдаг. Ганц музей ч үзчихдэггүй.
Иймээс групп жуулчныг олноор татах бодлого хэрэгжүүүлэх, ийм хүмүүст тавих визийг хөнгөвчлөх.
Монгол Улсын иргэн гадаадын иргэдтэй гэр бүл болж байгаа асуудлыг ярих. Визийн хөнгөлөлт эдлүүлдэг асуудал байгаа. Цаашдаа анхаарч салбар хоорондын уялдаа холбоог боловсронгуй болгож цогцоор харах шаардлага байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:
Хил дээр ажилладаг байгууллагуудын уялдаа холбоо хуулийн төсөлд нарийн гараагүй байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь хөгжлийн том гарц. Тийм учраас хуулийг чамбай гаргах шаардлага байна. Монголчууд хар тамхи их зөөдөг боллоо. Өмнө нь 10 грамм тамхин дээр маш том скандал үүсдэг байсан бол одоо 60, 70 кг-аар нь авч яваад баригдаж байна. Томилгоог хийхэд маш няхуур хандах.
Цахимаар виз мэдүүлэхдээ эрсдлийг сайн тооцох.
30 хоногоос дээш хугацаагаар ирсэн бол долоо хоногт багтаагаад бүртгүүлэх хуультай. Бусад улс орон хил дээрээ бүртгэлийг шууд шийдээд явдаг. Хүнийг олон дахин явуулдаггүй, чирэгдэлгүй болгох.
Виз уян хатан болсноор урьдчилж мэдээлэл авах боломж байгаа учраас хуулиа сайжруулаад гаргах шаардлага байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 43 гишүүнээс 29 нь дэмжив.
Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
"800 хятадад хэн виз олгосон асуудлыг тодорхой болгож, хариуцлага тооцох ёстой"
Чуулганы хуралдаанаар Гадаадын иргэн, эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:
-Монгол Улсад байгаа гадаадын иргэд, тэр дундаа Хятад иргэдэд ямар хяналт тавьж байна вэ. Өнөөдөр Улаанбаатарт хэд хэдэн Чайна таун бий болж, Монгол хүнийг ч оруулахгүй байна. 100 айл орчимд юу болж байна вэ. Банкуудад орж ирж байгаа томоохон хадгаламж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хятад иргэд л хийж байна. Хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүст ямар хяналт тавьж байна вэ.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:
-Гадаадын иргэдийг албан гаргах ажиллагааг удахгүй хийнэ. 10 гаруй жил Монголд амьдарсан, цалин авдаггүй, байгууллагын жижүүр хийж байсан хүмүүсийг илрүүлсэн. Мөн Гадаадын иргэн харьяатын газар вьетнамын зарим иргэдэд хөрөнгө оруулагчийн виз олгосон байна лээ. Энэ чиглэлээр шалгалт хийж, холбогдох байгууллагад нь шалгуулж байгаа. Шинэ хуулиар нэгдсэн бүртгэлийн системтэй болж байгаа учраас бүх байгууллага дураараа виз олгодоггүй байх боломж бүрдэнэ.
АЖЛЫН ХЭСЭГ:
-Гадаадын иргэдийн үл хөдлөхийн бүртгэл мэдээлэл УБЕГ-т бүртгэлтэй байдаг. Шаардлагатай бол дэлгэрэнгүй мэдээллийг хувь гишүүнд өгөх боломжтой.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.СЭРГЭЛЭН:
-Монгол иргэдийг цахим гарцаар гардаг технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгвэл хүний оролцоо шаардлагагүй болно. Олон улсын бүх боомт дээр цахим гарцыг нээж өгөх ёстой. Технологийн хоцрогдлоос гарах цахим гарц бий болгоё гэж байгаа учраас энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ үндэсний аюулгүй байдлаа хадгалах ёстой. Зорчигчийн нэвтрэх систем рүү хакер хардлага их үйлдсэн. Үүнийг хамгаалах кибер аюулгүй орчныг бүрдүүлэх асуудал хурцаар тавигдана. Үүнд ХЗДХЯ анхааралдаа аваасай гэж хүсч байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Л.МӨНХТҮШИГ:
-30 хүртэл хоногийн визийг тусгай төлөөлөгчийн газрууд олгодог. Дипломат төлөөлөгчийн газар тусгай визийг хариуцдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАН:
-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Гадаадын иргэдийн бүртгэлд тавих хяналт ямар хэмжээнд байна. Манай иргэдийн гэр бүл болсон талаар судалгаа байдаг болов уу.
ХЗДХЯ-НЫ ТөӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БААСАНДОРЖ:
-Манай улс анх удаа биеийн давхцахгүй үйлдэл буюу хурууны хээгээр нь гадаадын иргэдийг бүртгэх бүртгэлтэй болж байгаа юм. Гадаадын иргэдийн нэгдсэн хяналт байдаггүй. Түүнээсээ болоод зөрчил гардаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Бидний олон жил шаардсан цахим виз, нэгдсэн бүртгэлийн систем зэрэг олон асуудлыг шийднэ. 800 хятад иргэний асуудал, тамхи зөөж байгаа асуудлаар чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл сонсмоор байна. Энэ 800 хүнд хэн виз олгосон бэ, тамхи хэн зөөж байна вэ. Дипломат төлөөлөгчид хийж байна уу эсвэл өөр байгууллагаас томилогдсон хүн нь хийгээд байна уу гэдгийг нэг талд нь гаргамаар байна. Консулын газруудыг нэг шалгаж, цаашид гадаад яамны мэргэжлийн шалгуурыг тавьж, томилдог байх шаардлагыг Засгийн газарт өгмөөр байна.
Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.10.23/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гадаадын иргэн, эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
Холбоотой мэдээ