Оюутан залуусыг дуудсан "Шулмын тогоо"

Хуучирсан мэдээ: 2020.10.23-нд нийтлэгдсэн

Оюутан залуусыг дуудсан "Шулмын тогоо"

Оюутан залуусыг дуудсан "Шулмын тогоо"

Этгээд имиж, сонирхолтой орчин, метро хотын хэв маягийг шингээсэн металл сонирхдог залуусын заавал зочилж үзэх газрын нэг бол “Шулмын тогоо” кофе шоп юм. Улаанбаатар хотод тэр бүр харагдаад байдаггүй орчныг бүтээхийг зорьсон энэхүү кафег бид сурвалжиллаа. Нээгдээд гурван долоо хоног болж байгаа тус кофе шоп дотоод засал нь бүрэн дуусаагүй байгаа ч оюутан, сурагчдын очих дуртай газрын нэг болж чаджээ.


МУИС-ийн хичээлийн III байрны замын эсрэг талд байрлах тус газар бусад кофе шопуудтай харьцуулахад тогтсон хэв маягийг өөрчилсөн нь сонирхол татлаа.  Нэрнээсээ эхлээд сонирхол татах өвөрмөц орчин залуусын анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд нэг нэгнээсээ сонсоод хайж ирсэн хүмүүс үүсгэн байгуулагч охины сэтгэгдлийг ихэд хөдөлгөж буйг түүний найзууд онцлов. “Шулмын тогоо” кофе шоп нь үндсэн заал болон тусгай үйлчлүүлэгчдийн өрөөнөөс бүрдэнэ. Мөн сонирхолтой орчинд зураг авхуулах боломжоор хангаж, нэг жижиг өрөөг улаан өнгөөр зохиомжлон, толь тавьж тусгайлан гаргасан нь залуусыг татах үйлчилгээний тав тухтай орчныг бүрдүүлж өгсөн гэдэг утгаараа онцлог аж.

Биднийг тус кофе шопд очиход үйлчлүүлж буй залуусын ихэнх нь хичээлээ хийж, өөрийн ойлгодог, мэдрэхийг хүсдэг тэрхүү орчиндоо тухлан сууж байгааг харахад жаргалтай байна хэмээн угтсан тус кофе шопын эзэн Ч.Хулан. Түүний хүсэл, сонирхол, бусдаас ялгардаг урлагийн мэдрэмж нь өөрийн бизнесээ ийн эхлүүлэх гараа болсон байна. Утга зохиол судлаач мэргэжилтэй түүний адал явдалд дуртай зан чанар нь тус кафег нээх зоримог алхмын эхлэл болжээ.

Ихэнх кофе шопууд ашиг олохын тулд байгуулагддаг. Тэгвэл Ч.Хулан ашиг олохыг зориогүй гэнэ. Хүмүүс кафед зөвхөн кофе ууж, амттан идэхээр ордог байдал,  хэвшмэл ойлголтыг Ч.Хулан өөрчлөх зорилготой гэнэ. Тэрбээр "Үйлчлүүлэгчид маань манай кофе шопын орчныг ашиглаж, тав тухыг мэдрэхээс гадна, чимээгүй орчинд өөрийнхөө хичээл, ажлыг хийх, ижил сонирхолтой хүмүүстэй танилцах, халуун дотно яриа өрнүүлэх боломжтой. Мөн металл төрлийг сонирхдог, гар урлал хийдэг хүмүүс бүтээлээ хийж, хөгжим тоглодог хүмүүс хөгжмөө тоглон, хананы зургийг ашиглаад гоё зураг авч ч болно. Ер нь бол тухайн хүн өөрийгөө хөгжүүлдэг, өөрийнхөөрөө байж болохоор, дараа нь дахин заавал ирэх газар байгаасай гэж хүсч байна" гэдгий онцолсон юм. Ингээд шинэхэн, содон бизнесээ эхлүүлээд удаагүй Ч.Хурантай ажлынх нь дундуур цөөн хором ярилцлсан юм.

“АШИГ ОЛОХЫГ БУС ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭДЭЭ АЗ ЖАРГАЛ, ТАЙВАН ОРЧИН БИЙ БОЛГОХЫГ ЗОРЬСОН”

-Яагаад сонирхолтой шийдэл бүхий кофе шоп нээх болов?

-Өмнө нь кофе шоптой болох бодол байсан. Гэхдээ яг ажил хэрэг болгоход хөл хорионы хугацаа их нөлөөлсөн гэж хэлж болно. Санаагаа гадны улс орны жишээ дээр тулгуурлаж олсон л доо. Тухайлбал, ОХУ-д газар доорх метал кафе гэж байдаг. Тэрхүү газрын тохижилт нь маш шинэлэг бөгөөд дэлхийд их алдартай, гайхалтай орчинг бүрдүүлсэн гэдэг утгаар нь олон хүн мэддэг. Тэгээд л би ч гэсэн яагаад ийм сонирхолтой шийдлийг Монголдоо бүрдүүлж болохгүй гэж бодсон. Учир нь би нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоосон үеэр найзтайгаа хамтарч онлайн дэлгүүр ажиллуулж, түүнээсээ олсон ашгаараа энэхүү кофе шопоо нээх эхний алхмыг хийсэн. Мэдээж үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм чинь дутуу зүйлс олон байсан учир зээл авсан. Миний хувьд аливаа хүн ер нь залуу байгаа дээрээ л өөрийгөө хөгжүүлж, сорьж үзэх нь зөв санагддаг. Манай кофе шоп хүнд төрлийн орчинг бүрдүүлсэн. Хүмүүсийн өдөр тутам үйлчлүүлдэг нэг хэвийн газартай харьцуулахад манайх харьцангуй шинэлэг газар. Хотын соёл, хэв маягийг бүрдүүлэхэд үйлчилгээний байгууллага их чухал. Бусдаас өөр, давтагдаагүй хэв маягтай орчинг эрж хайж байгаа залуусын сонирхлыг бид хүндэтгэх хэрэгтэй. Бусдаас өөр байна гэдэг буруу зүйл биш шүү дээ. Олонхийн дунд цөөнх гэж байдаг шиг нийгэмд олон төрлийн сонирхолтой хүмүүс оршин байдаг.

Гэхдээ массын сонирхлыг манай улсын иргэд илүүд үздэг. Хүн өөрийн ойлгохгүй, өөрөөсөө өөр зүйлийг шүүмжилж, үзэл бодлоо тулган шаарддаг. Харин бидний хувьд энгийн гэхээс илүү шийдэмгий, этгээд сонирхолтой залуусын үйлчлүүлдэг орчинг бий болгосон байгаа.

– Яагаад "Шулмын тогоо" гэж. Үйлчлүүлэгч хэр байна, насны хувьд?

– Би утга зохиолч мэргэжилтэй. Хүүхэд наснаасаа уран зохиолд тэр дундаа далдын шидтэй, өвөрмөц зохиолуудыг уншиж өссөн. Мөн хөгжим сонсож, мэдрэмжээ хэнээс ч нуухгүй бусдад тулгахгүй илэрхийлэх гол зүйл бол урлаг юм байна гэж ойлгосон. Тиймдээ ч “The witch’s brew” буюу “Шуламын тогоо” гэж нэрлэсэн. Гэхдээ хүмүүс нэрний утга учир тал дээр сөрөг үзэл бодолтой байгаа хандлага нэлээд ажиглагдсан. Утгын хувьд шинэлэг, сонирхолтой байх үүднээс мөн амьд хөгжим сонсдог залууст зориулж ийнхүү өгсөн. Амьд хөгжим сонсдог, метал төрлийг сонирхдог залуус гэхээр л заавал архи ууж, хар тамхи хэрэглэдэг гэж ойлгодог бүтэхгүй гарууд гэдэг хандлагыг өөрчлөхийг хүссэн учраас ийн нэрлэсэн байгаа.  Миний хувьд одоо үед хүмүүсийн ярьж байгаа яриа, хийж байгаа зүйл нь хэтэрхий хөнгөн буюу өнгөц санагддаг. Гурван долоо хоногийн өмнө кофе шопоо нээхэд хүлээж авсан хүмүүсийн сэтгэгдэл ч зарим нь миний урмыг хугалсан. Гэхдээ аливаа бизнесийг эхлүүлж байгаа хүн шантрахгүй байх нь чухал.

– Цаашдын зорилгоо хэрхэн тодорхойлж байна.

-Их сургуулийн орчинд дандаа залуусын гэгээлэг бодол санааны хэлхээс өрнөж байдаг. Тиймээс миний хувьд гараагаа мэргэжил эзэмшсэн сургуулийнхаа орчноос эхэлсэн. Харин цаашдын зорилго маань энэхүү кофе шопоо салбартай болгож, мөн өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах байгаа. Шинэ зүйлийг эрж хайж, эрэлхийлэн төвлөрч суух залууст таатай орон зайг бүрдүүлэх нь манай нийгэмд дутагдаж байгаа асуудал. Би яг л энэ эрэлт хэрэгцээг мэдэрч чадсандаа баяртай байна.

"ОРЧИН БОЛООД ХӨГЖМИЙН УРСГАЛ НЬ НАДАД МАШ ИХ ТААЛАГДСАН"

Тус кофе шопын үйлчлүүлэгч Н.Анужин:

– Миний хувьд кофе шопуудаар үйлчлүүлж, аль газрын кофе хамгийн амттай байгааг судлах сонирхолтой. Амттай кофе ууж, хичээлээ хийх зуршилтай болсон гэж ойлгож болно. Энэ газрын тухай сошиалаас олж мэдээд ирж, үйлчлүүлж байна. Орчин болоод хөгжмийн урсгал нь надад маш их таалагдсан. Улаанбаатарт ийм орчинтой газар ховор. Хэлэх саналын хувьд гэрлээ илүү бүдгэрүүлбэл, уур амьсгал нь бүр гайхалтай болох юм шиг санагдлаа.

Соёлын нэг хэсгийг залууст хүргэхийг зорьж байгаа түүний хүсэл олон хүний хандлагыг эергээр өөрчлөхөд нөлөөлөх боломжтой санагдав. Тус кофе шоп хотын төв хэсэгт байршиж байгаагаас гадна бусад газартай харьцуулахад үнийн хувьд хамгийн боломжийн ханштай байгаагаас гадна заавал бүтээгдэхүүнийг нь авах шаардлагыг үйлчлүүлэгчдэдээ тавихгүй байгаа нь үйлчлүүлж буй хүмүүст таатай сэтгэгдлийг төрүүлж байгаа харагдав. Цагийн хуваарийн хувьд 10:00-23:00 цагийн хооронд ажиллаж байгаа тус кофе шопын бүтээгдэхүүн 3500-6000 төгрөгийн үнэтэй аж. Мөн зөвхөн кофе ууж, орчинд нь тухлахаас гадна гар урлалын бүтээгдэхүүнийг ч залуус авах боломжтой байна.

Үйлчлүүлэгч Н.Данзан:

-Нэгдүгээрт нэр болоод бүрдүүлсэн хэв маяг нь таалагдаж байна. Оюутнууд бидний хувьд хичээл хийх боломжтой газар гэвэл номын сангаас өөр бараг байдаггүй. Гэхдээ номын санд сууж хичээлээ хийх нь миний хувьд уйтгартай санагддаг. Яг л над шиг залууст энэ газрын үйлчилгээ таалагдана гэж бодож байна. Үнийн хувьд боломжийн, хүн цөөнтэй нам гүм орчинтой байгаа нь хотод заавал байх ёстой газрын нэг хэлж болохоор байна.


Их сургуульд сурч байх хугацаандаа өөрийн сонирхолд нийцсэн тав тухтай орчныг хайгаад олдоггүй байх тохиолдол оюутнуудад олон тохиолддог. Заавал юм захиалж байж ширээн дээр суух боломжтой гэхчлэн ихэнх газрууд орчин үед ашиг олохыг чухалчлах болсон. Харин энэхүү кофе шопд залуус мөнгөөрөө кофе авахгүй байсан ч хүссэн цагаараа сууж үйлчлүүлэх боломжтой гэдэг утгаараа онцлог юм. Идэж, уух зүйлээс ашиг их олох нь бизнесийг маань үндсэн зорилго биш.

Гадаадын улс оронд металл төрлийг сонирхдог залууст зориулсан жижиг мухлаг, кафе гээд олон байдаг. Дуртай зүйлээ бизнес болгож, соёлыг түгээж байгаа маань л хамгийн сайхан нь гэж хэлэх тус газрын үүсгэн байгуулагч Ч.Хулангийн яриа анхаарлыг минь ихэд татсан юм. Металл төрлийг сонирхдог залуусын хийсэн гар урлал болоод хувцас зэргийг тэд өөрсдийн кафедаа худалдахаар байршуулсан нь мөн бусдаас ялгарч байв. Тиймээс амьд хөгжим сонсох дуртай хэн бүхний үйлчлүүлж үзэх газраар энэ кофе шопыг нэрлэж болох биз ээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж