АНУ-ын хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” байгууллага дэлхий дахинаа 1MDB-ийн хэрэг хэмээн нэрлэгдээд буй хамгийн дуулиантай авлига, хээл хахууль, мөнгө угаалт зэргийг багтаасан санхүүгийн гэмт хэрэгт холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тус компани нь буруугаа хүлээж Малайзын Засгийн газар болон бусад улсууд дахь зохицуулагч байгууллагуудад гурван тэрбум орчим ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон байна.
“Goldman Sachs”-ийн Малайз дахь охин компани АНУ-ын шүүх дээр Малайзын төрийн өмчийн “1MDB” баялгийн санд хөрөнгө босгох ажил авахын тулд нэг тэрбум гаруй ам.долларын хээл хахууль өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. АНУ-ын албан тушаалтнууд энэ нь “Goldman Sachs”-ийн "асар том авлигын схем"-ийн гол зангилаа гэж үзэж байна.
Тус хөрөнгө оруулалтын банк нь нийтдээ 5 тэрбум орчим ам.долларын торгууль төлөх ёстой бөгөөд энэ нь 2019 оны ашгийнх нь 2/3-тай тэнцэж байгаа юм. Энэхүү нөхөн төлбөрийг дэлхийн өнцөг булан бүрт тэр дундаа Их Британид үйл ажиллагаа явуулдаг зохицуулагч байгууллагуудын нэр хүндэд сөргөөр нөлөөлснийхөө төлөө төлөх ёстой.
“Goldman Sachs”-ийн зүгээс үүнийг “институтын буюу байгууллагын удирдлагын түвшинд алдаа гарсан” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тиймээс “Goldman Sachs”-ийн ТУЗ-өөс 1MDB-ийн хэрэг ид өрнөж байх үед тус компанийг удирдаж байсан, өдгөө тэтгэвэрт гарсан Ллойд Бланкфейн болон тухайн үеийн бусад удирдлагуудад олгосон 174 сая ам.долларын нөхөн олговрыг буцааж авахааа мэдэгджээ.
1MDB-ИЙН ХЭРЭГ ДЭХ “GOLDMAN SACHS”-ИЙН ОРОЛЦОО
Ерөнхийдөө тус банк нь “1MDB” санд 6.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт цуглуулахад 2012-2013 онд туслалцаа үзүүлснийхээ төлөө нэг тэрбум орчмын авлига авсан хэмээн буруутгагдаж байгаа. Энэндээ тус компани нь энэхүү хэрэгт ажилтнуудаа буруутгаж, удирдлагын түвшинд ийм хэрэг болсныг мэдээгүй гэж мэдэгдэж байсан ч пүрэв гаригт /2020.10.22/ шүүх хурлын үеэр бүх үнэнээ хүлээн зөвшөөрсөн байна.
Дээр дурдсан гурван тэрбум орчим ам.долларын нөхөн төлбөрийн 600 саяыг нь Малайзын Засгийн газарт АНУ, Их Британи, Хонконг, Сингапур дахь зохицуулагч байгууллагуудад ойролцоогоор 2.3 тэрбум ам.долларыг төлөхөөр тохиролцжээ.
Үүнээс ердөө гурван сарын өмнө тус банк нь авлигын хэрэгт холбогдож, Малайз дахь хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн хэмээн буруутгагдаж тус улсын Засгийн газарт 3.9 тэрбум ам.долларын төлбөр төлбөн байна. Ингэхдээ 2.5 тэрбумыг нь бэлнээр, 1.4 тэрбумыг нь бэлэн бусаар төлөхөөр болсон аж.
“1MDB” ХЭРЭГ ХЭРХЭН ЭХЭЛСЭН БЭ?
Уг хэрэгт зөвхөн Малайзын улс төрчид ч биш, холливудын одод, дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд холбоотойгоос гадна 2006 онд монгол орчуулагч эмэгтэйг хөнөөсөн хэрцгий аллага ч бас үүнд хамаатай.
Малайзын Ерөнхий сайдаар 2009-2018 оны хооронд ажиллаж байсан Нажиб Разак дээрх албан тушаалыг есөн жилийн турш хашихдаа төрийн өмчит хөрөнгө оруулалтын 1Malaysia Development Berhad /1MDB/ гэх санг 2009 онд үүсгэн байгуулсан байдаг.
Тэрбээр уг сангаар дамжуулан өөрийн хувийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэж буруутгагдаад байгаа ба тус компани нь санхүүгийн буруу захиран зарцуулалтаас болж асар их хэмжээний өрөнд ороод байгаа юм. Уг сан нь 2015 онд 11 тэрбум ам.долларын өртэй гарснаар “1MDB”-ийн хэргийг гүнзгийрүүлэн шалгах үндэс тавигдсан байна. Нажиб Разак нь төрийн эрхэнд байхдаа өөрийн бүх мөрөө цэвэрлэчихдэг байсан бөгөөд 2018 оны сонгуульд түүний нам ялагдсанаар энэ бүх бузар булай хэргүүд нь дахин сөхөгдөж эхэлсэн. Дэлхий дахинд “1MDB-ийн хэрэг” хэмээн нэрлэгдээд байгаа уг хэрэг нь тусгаар тогтносон Малайз улсыг хагас зуун жилийн турш удирдаж ирсэн эрх баригч намыг унагаах үндэс болсон.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ