Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос Цэцдийн зөвлөлийн хурлыг маргааш буюу аравдугаар сарын 24-ний Бямба гаригт хуралдуулахаар тов гаргасан билээ. Энэхүү цэцдийн зөвлөлийн хуралд аймгуудын үндэсний бөхийн холбооны тэргүүн, удирдлагууд, үе үеийн бөхчүүд, бөхийн засуул, зүтгэлтнүүд, жаяг дэгийн багийнхан оролцох болно.
Энэ удаагийн Цэцдийн зөвлөлийн хурлаар МҮБХ-ны ээлжит 7-р Их Эе хурлын товыг тогтоон зарлах болон тус Их Эе хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулах тухай тус тус хэлэлцэнэ.
Өнгөрөгч есдүгээр сарын 5-ны өдөр Цэцдийн зөвлөл хуралдаж МҮБХ-ны Их Эе хурлыг есдүгээр сарын 19-ны өдөр товлосон боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан билээ. Өмнөх Монгол бөхийн өргөөнд явагдсан хуралд Цэцдийн зөвлөлийн 47 гишүүн оролцож, Их Эеийн товоо гаргаж, ажлын хэсгээ 11 бүрэлдэхүүнтэй сонгон баталсан ч тусыг эс олсон.
Ийнхүү Цэцдийн зөвлөлийн шинэ товыг зарлах хүртэл Монголын үндэсний бөхийн холбоо болон бөхийн эргэн тойронд их зүйл болж өнгөрөв. Эхлээд үндэсний бөхийн салбар хороо аравдугаар сарын 5-ны өдөр мэдэгдэл хийж, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг танилцуулсан. Тус хорооноос улсын харцага цол хүртсэн Б.Бат-Оршихын 4407678 дугаартай дээжээс WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт-2020”-д орсон S1.1 бүлгийн треболон, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн ацетазоламид буюу шээс хөөх эм, улсын арслан Р.Пүрэвдагвын 4407679 дугаартай дээжээс S1.1 бүлгийн 19-норандростерон, дростанолон болон S4 бүлгийн тамоксифен гэх бодис, үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурийн 4406049 дугаартай дээжээс S4 бүлгийн триметазидин гэх бодис тус тус илэрснийг зарлав. Үүний дараа бөх сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан “Бүх цэргийн наадам-2020”, 91 дэх удаагийн сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан, намрын нээлтэнд зориулсан АПУ ХК-ны нэрэмжит "Богдхан хайрханы хишиг" улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан тус тус зохион байгуулагдсан.
Он дуустал болох барилдааны хуваариа гаргасан Монголын Үндэсний Бөхийн Холбооноос аравдугаар сарын 13-нд Авилгатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа болон Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц нарт допингийн асуудлаар дараах хүсэлтүүдийг хүргүүлсэн. Уг хүсэлтэд Авилгатай тэмцэх газарт шалгагдаж буй 2009-2018 онуудад Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн 38 нь зөрчил гаргасан, түүнд холбогдуулж нэр бүхий албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээллийн талаар болон Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцаас 2020 оны арванхоёр, 2021 оны нэг, хоёрдугаар саруудад улс, аймаг, сумын цолтой бөхчүүдээс допингийн шинжилгээ авахыг хүсэв. Харин саяхан Монголын үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр хүндэтгэх шалтгааны улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргаж, түүний энэхүү хүсэлтийг нь МҮБХ-ны тэргүүлэгчид хүлээн авч, тэргүүлэгч, улсын гарьд И.Доржсамбууг МҮБХ-ны гүйцэтгэх захирлын албыг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Тэрбээр ирэх Их Эе хурал хүртэл МҮБХ-ны гүйцэтгэх захирлын албыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах болно.
Ирэх Их Эе хурлаар МҮБХ-ны холбооны дараагийн тэргүүн, удирдлагуудыг сонгох болно. Сүүлийн үед гарсан мэдээллээр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнэ гэгдэж байсан Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат аймгийн заан Р.Сэддорж өрсөлдөх бодолгүй байгаа аж. Ямартай ч маргааш/2020.10.24/ Цэцдийн зөвлөлийн хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, ирэх Их Эе хурлын товыг тогтоно.
Холбоотой мэдээ