Тэртээх ертөнцийн элсэнд "шингэсэн" нууц

Хуучирсан мэдээ: 2020.10.23-нд нийтлэгдсэн

Тэртээх ертөнцийн элсэнд "шингэсэн" нууц

Тэртээх ертөнцийн элсэнд "шингэсэн" нууц

Тэртээх ертөнцийн нууц элс шорооны ширхэг бүрт нуугдаж өнөөг хүрсэн гэвэл та итгэх үү?

Нүдэнд үл үзэгдэх тоосонцор, эртний ургамлын үр олон сая жил газрын хөрсөнд нуугдаж тайлагдашгүй олон нууцын “түлхүүр” нь болсоор байна. Одоогоос 120 орчим сая жилийн өмнө манай орон чийглэг, халуун дулаан уур амьсгалтай байж. Элсэн манхан тал хаванна арал шиг байсныг,  бидний мэдэх нүүрс, занар, нефть зэрэг ашигт малтмал агааргүй орчинд дарагдсан эртний ургамлын ул мөр аж. Монголд нүүрсний орд газар олон байдаг нь ийм учиртай гэнэ. Тухайлбал, Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайн нүүрс Карбоны галавын буюу 300 гаруй сая жилийн өмнөх ургамлаас гаралтай бол Налайхынх Цэрдийн үеийнх. Мөн Тавантолгойн нүүрсний ордоос өмнө нь хаанаас ч илэрч байгаагүй ургамлын үр олдож байсан нь дэлхийн  нээлт болж, гадныхны анхаарлыг татаж байсан нь саяхан.

Тодруулбал, 20-30 метр өндөр шилмүүст төрлийн хаванна аралд ургадаг мод байсныг гэрчлэх аж. Энэ мэтчилэн Монголоос одоогийн байдлаар 59 төрлийн 169 зүйлийн эртний ургамлын үр, тоосонцор олджээ.  

Үлэг гүрвэл, эртний аварга биетүүдээс ялгаатай нь газрын хөрсөнд 300 сая жилийн тэртээх эртний ургамлын үр, тоосонцор өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн ч нүдэнд харагдаж, гарт баригдахгүй. Ердөө 200 мгм жинтэй эртний ургамлын үр, тоосонцорыг судлах явцад хамгийн наад зах нь эртний ургамлын үр, тоосонцрын хоёр, навчит ургамлын гурав, усны ургамлын судалгааны үр дүнд тухайн нутагт олон сая жилийн өмнө ой тайга, тал хээр, хангай, говийн бүсийн аль нь зонхилж байсныг тодорхойлдог.

Газрын хөрсөнд өнөөдөр ч 300 сая жилийн эртний ургамлын үр тоосонцор бидэнд анзаарагдахгүй хадгалагдаж үлдсэн байдаг ч нүдэнд харагдахгүй. Ийм тоосонцор  нарийн ширхэгтэй, шаварлаг, гол төлөв хар саарал өнгийн хурдаст үр, тоосонцор их хуримтлагддаг гэнэ. Нүдэнд харагдахгүй боловч тоосонцорыг химийн шүлтийн тусламжтайгаар тогтоож, судалсны үр дүнд хүн төрөлхтөн үүсч хөгжихөөс өмнөх түүхийн нууцад нэвтэрдэг хүмүүс бол палеонтологийн салбарынхан. Зөвхөн үлэг гүрвэл судлал бус палеоботаникийн салбар ч бас дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлжээ. Эл салбар нь цаг уурыг тодорхойлохоос гадна хурдсын үе давхаргын насыг мэдэж, геологийн зураг зохиоход нөлөөлдөг байна. Энэ талаар ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэн Н.Ичинноровтой ярилцлаа.

ЭРТНИЙ УРГАМАЛ НҮҮРСНИЙ ОРДУУДАД ИХ ХУРИМТЛАГДДАГ

-Эртний ургамлын үр, тоосонцроос  тухайн үеийн цаг уурыг мэдэж болох онцлогтой. Таны судалснаар манай орны цаг уур ямар байв?

-Палеонтологи гэхээр хүмүүсийн санаанд хамгийн түрүүнд үлэг гүрвэл буудаг ч энэ нь 4.5 тэрбум жилийн өмнө дэлхий үүссэн цагаас оршин байсан амьд биет бүхнийг судалдаг шинжлэх ухаан юм. Хурдас чулуулагт хуримтлагдсан эртний ургамлын үр, тоосонцор ч багтана. Ургамал өөрөө маш нарийн мэдээлэл агуулдаг учраас аль бүсэд ургаснаас шалтгаалан цаг уур, экологийг  мэдэж болдгоороо маш чухал ач холбогдолтой шинжлэх ухаан юм. Хүний нүдэнд үзэгдэхгүй эртний ургамлын үр, тоосонцрын судалгааг миний бие 1987 оноос хойш хийж байна. Нэн ялангуяа үлэг гүрвэлийн үед холбогдох юрийн болон цэрдийн галавын үед судалгаа явуулдаг.

Ургамлаар тухайн орчин эртний цаг уурыг нарийн тодорхойлж болдгоороо онцлог. Эртний ургамлын үр, судалгааны үр дүнгээс харахад Юрийн галавын үед Монгол оронд чийглэг дулаан, хуурай уур амьсгал ээлжилж байсан нь ажиглагддаг. Харин Цэрдийн галавын үед дулаан чийглэг уур амьсгалтай байсныг заадаг. Юрийн, Цэрдийн галавын үед ихэвчлэн шилмүүс мод ургаж байсан  хаванна арал шиг орчинтой байж.

Мөн шивэл, шивэлээ буюу бутны төрлийн ургамал ч ургаж байсан. Юрийн, Цэрдийн үед одоогийн говь нутаг шилмүүс мод, нуураар хүрээлэгдсэн орчин байсан. Хаванна арал шиг байсан нутаг одоогийн говь тал болчихоод байна. Үүнээс харахад асар их өөрчлөлт явагдсан гэсэн үг.

-Үлэг гүрвэлийн судлал эртний ургамлын үр, тоосонцортой салшгүй холбоотой юу?

-Байгаль бол тайлагдашгүй нууц. Түүний нэгээхэн хэсгийг судалж байгаадаа би мэргэжлээрээ бахархдаг. Тухайн цаг үед амьдарч байсан үлэг гүрвэл гэхэд амьдарч байсан орчинтой нь салшгүй холбоотой. Өвсөн идэшт үлэг гүрвэлүүд тухайн үед ургаж байсан шилмүүст моддоор хооллодог байсан. Хэрэв шилмүүст модод,  навчит ургамал байгаагүй бол өвсөн тэжээлт үлэг гүрвэл оршин тогтнох, амьдрах үндэслэл байхгүй.

-Үлэг гүрвэлийн олдвороор манай улс дэлхий нийтийн анхаарлыг татдаг. Аль ч тивээс олдож байгаагүй эртний ургамлын үр, тоосонцор манай улсаас хэр их олддог вэ?

– Монгол, Америкийн хамтарсан судалгааны баг 2015-2017 онд Тэвшийн говийн нүүрсний уурхайд судалгаа хийж, урьд өмнө хаанаас ч олдоогүй, ургамлын дөрвөн төрлийн үр, зургаан зүйл  илрүүлж байсан. Мөн үлэг гүрвэл үүсч бий болохоос ч өмнө 300 сая жилийн тэртээ модлог 20-30 метрийн өндөр ой модтой байсныг нотлох эртний ургамлын үр, тоосонцор Тавантолгой нүүрсний ордоос олдож байсан. Энэ жил бид мөн шинэ төрлийн ургамал илрүүлснээ судалж, олон улсын хэвлэлд нийтлүүлэхээр бэлдээд байна. Тэгэхээр тун удахгүй дэлхийд шинэ нээлт хийх болов уу. Энэ нь, Цэрдийн үед хамаарах шилмүүст модны үр юм.

Ер нь 500 сая жилийн тэртээх эртний ургамлын үр, тоосонцор монгол орны нутагт өнөөг хүртэл хадгалагдсан байдаг. Энэ цаг үед далайгаар хүрээлэгдсэн байсан бол 300, 100 сая жилд далайн ус татарсаар хуурай газар үүссэн байдаг.

-Нүдэнд харагдахгүй атал өнөөг хүртэл газрын хөрсөн хадгалагдаж ирсэн эртний ургамлын үр, тоосонцорыг судална гэхээр их сонирхолтой санагдаж байна. Ялангуяа эртний үр, ургамлын тоосонцорын судалгаанаас тухайн үеийн цаг уур, экологийг мэдэж болно гэдгээрээ их онцлог юм?

Орчин үеийн ургамлын үр, тоосонцорыг судална гэвэл хүмүүс тийм ч их гайхахгүй. Харин эртний 100 гаруй сая жилийн тэртээ чулуулагт хадгалагдсан эртний ургамлын үр, тоосонцорыг судалдаг гэхэд их хүмүүс их сонирхдог. Лабораторийн орчинд химийн хүчил, шүлтээр тухайн эртний ургамлын үр, тоосонцорыг угаахад яг л орчин үеийн ургамлын үр, тоосонцортой адил байдаг. Монгол орны хэмжээнд өнөөдрийн байдлаар 169 зүйлийн эртний ургамлын үр, тоосонцорыг судлаад байна. Ургамал бол эртнийх байсан ч өөртөө нарийн мэдээлэл агуулдаг тул хүнтэй зүйрлэвэл “ярьдаг”. Тухайн цаг уур, экологийн орчныг ургамлаас мэдэж болдгоороо онцлог. Ингэхдээ процентоор тухайн ургамлын үр, тоосонцорын төрөл хэр их давамгайлахаас шалтгаалж цаг уурын нөхцөлийг мэдэж болно.

Доод, дунд юрийн үед хамаарах одоогийн нүүрсний ордуудад судалгаа явуулахад Монгол орон эрт үед нэлээн чийглэг уур амьсгалтай байсныг илтгэдэг. Хэрэв дээд юрийн үед хамаарвал нэлээн хуурай уур амьсгалыг заана. Ер нь Цэрдийн үед хамаарах хүрэн нүүрсний ордууд болох Шивээ-овоо, Тэвшийн говь, Адуун чулуунаас эртний ургамлын үр, тоосонцорыг судалгааг явуулахад Монгол орон чийглэг дулаан уур амьсгалтай байж.

-Нүүрс нь эртний ургамал байсан гэдэг утгаараа нүүрсний ордуудад  ургамлын үр, тоосонцор их хуримтлагддаг гэсэн үг үү?

-Эртний ургамлын үр, тоосонцор нарийн ширхэгтэй шаварлаг, гол төлөв хар саарал өнгийн хурдаст үр, тоосонцор их хуримтлагддаг бол хуурай элс хайргаас олдохгүй. Агааргүй, хүчилтөрөгчгүй орчинд ургамал дарагдаж нүүрс үүссэн шүү дээ. Тиймдээ ч нүүрсний ордуудаас ихэвчлэн судалгааг явуулдаг. Сүүлийн үед Японы багтай хамтарч нуурийн ёроолоос эртний ургамлын үр, тоосонцорын судалгааг явуулж байна. Судалгааны үр дүн тун удахгүй гарах болов уу.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж