Одоогоос 20 жилийн өмнө “Шинэ үсгийн багш” хэмээх уран сайхны кино дэлгэцнээ гарч, үзэгчдийг байлдан дагуулсан. Одоо ч энэ киног үзэх дуртай үзэгч олон бий. Хөгтэй, хөөртэй энэ киноны Дунд голын Дунжидмаа хүүхний дүрийг санаж буй биз. Ард түмнийхээ сэтгэлд олон сайхан дүрээр хоногшсон жүжигчин Батсүхийн Болормааг “Мартагдашгүй танил” булангийнхаа зочноор урьж ярилцлаа.
ДУНД СУРГУУЛИА ТӨГСӨӨД МОСКВАД ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦЖЭЭ
Анх арван жилийн сургуулиа төгсдөг жил нь театраас уран бүтээлчид очиж, хуучнаар ЗХУ-д жүжигчний сургуульд сурах хүүхдүүдийг шалгаруулжээ. Тухайн үед Зургадугаар арван жилийн сургуулиас гурван сурагчийг сонгосны нэг нь Б.Болормаа байв. Тэрбээр энэ тухай дурсан ярихдаа “Манай ангиас үзэгчдийн сайн таних “Харц” нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Ургамал бид хоёрыг сонгосон бол нөгөө ангиудаас н.Цогт-Очир гэж хүүг сонгож байлаа. Бид Драмын театр дээр шалгалт өгч тэнцээд, 15-уулаа Эрхүүгийн бэлтгэлд очиж, тэндээсээ Москвагийн театр урлагийн дээд сургуульд явсан. Тэнд ЗХУ-ын ардын жүжигчин А.Д.Папанов гэдэг хүний удирдлага дор таван жил суралцаж төгсчээ. Одоо театрт ажиллаж байгаа уран бүтээлчдээс Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар байгаа” хэмээн дурсав.
Тэрбээр багаасаа л урлагийн хүн болохыг мөрөөддөг хүүхэд байжээ. Сургуулийн сурагч байхдаа дуу, бүжгийн дугуйланд хамрагдаж, ангийнхаа урлагийн үзлэгийг авч явдаг хүүхэд байсан тухайгаа хэлж байв. Тиймээс ч Москва руу сургуульд явуулах хүүхэд шалгаруулахад бөөн баяр болж, бараг хамгийн түрүүнд л очиж шалгуулсан гэдэг.
АНХ “АЛТАН ШОНХОР” КИНОНЫ АРЛУНГООГИЙН ДҮРД ТОГЛОСОН
Түүний анхны дүр “Алтан шонхор” киноны Арлунгоо ажээ. Тэрбээр Г.Жигжидсүрэн найруулагчийн “Алтан шонхор” киноны Арлунгоогийн дүрд их сургуулийн нэг ангийн Б.Жаргалсайхантай хамт тоглосон байна.
Тэрбээр “Алтан шонхор” уран сайхны киног саяхан үзсэн. Миний зүгээс анхны дүр учир дутагдалтай, сэтгэлд хүрээгүй. Киноны найруулга, зураг авалтын ч талаас дутуу юм харагдаж л байсан. Би бусдыг шүүмжлэх гэсэнгүй. Намайг сонгож, дэлгэцэнд залуу сайхан дүрийг минь улдээсэн найруулагч Г.Жигжидсүрэн ахдаа баярлаж явдгаа хэлэх естой. Тэр кинонд хамтран ажиллаж байсан сайхан уран бүтээлчдийн ихэнх нь л тэнгэрт одож” хэмээн гунигтайхан өгүүлнэ.
Үзэгчдийн сэтгэлд хоногшсон “Шинэ үсгийн багш” киноны Дунд голын Дунжидмаа хүүхний дүрд 33 насандаа тогложээ. Анх энэ кинонд тоглох саналыг киноны зохиолыг бичсэн Б.Жамбалдорж, Урлагийн ажилтны холбооны дарга Б.Тунгалаг нар утсаар ярьж дуулгасан гэдэг. Найруулагч Б.Бадрууган 1998 онд киноны зураг авалтыг Завханы Нөмрөг суманд хийсэн байна.
“ДУНД ГОЛЫН ДУНЖИДМАА ХҮҮХНИЙ ДҮРДЭЭ ХАЙРТАЙ”
Дунжидмаагийн дүрд тоглосон тухайгаа ярихдаа “Шинэ үсгийн багш” киноны Дунжидмаагийн дүрээр ард түмнийхээ сэтгэлд хоногшин үлдсэндээ үгээр илэрхийлэхийн аргагүй баяртай байдаг. Найруулагч юу хүсч байна, жүжигчин дүрээ яаж харж байна гээд тухайн хүний ааш аяг, төрхийг бүтээхэд хамтран тоглогчтойгоо ярилцана. “Би ингэж тоглоод үзэх үү” гэж найруулагчдаа үзүүлнэ. Талийгаач Б.Бадрууган найруулагч үнэхээр мундаг хүн байжээ. Харамсалтай нь дэндүү эрт хорвоог орхисон доо. Би нэг удаа найруулагчид тоглолтын дээлнээс авч ирж өгөөд “Та хувцсаа тайлаад өг. Би угаагаад өгье” гэсэн юм.
Хөөрхий нэрэлхээд л “Хэрэггүй, хэрэггүй” гэж билээ. Би яахав дээ загнах, аргадах хослуулаад л “Та чинь яасан арчаагүй юм бэ. Хүйтэн сэрүүн болж байхад солих дулаан хувцас авчирдаггүй юм уу. Өдөр болгон ганц хувцсаа өмсөөд байх юм. Алив битгий маяглаад бай. Эргээд ирэхэд хувцсаа тайлсан байгаарай” гээд яваад өгсөн. Хөөрхий дараа нь намайг талийгаач Б.Баатар найруулагчид нэг их магтаж ярьсан байсан. Хүний сэтгэлээсээ хэлсэн магтаалаас илүү шагнал гэж юу байхав. Гавьяат жүжигчин С.Сэлэнгэ эгч бид хоёрын муудалцдаг хэсэг дээр найруулагч, зураглаач Л.Шаравдорж ах, хүү Даваахай нар “Энэ хоёрын хэрэлдэж байгаа хэсэгт мөргөлдөж байгаа сарлагийн бух, хоолоо булаацалдаж байгаа нохдын зураг дундуур нь оруулна шүү” гэсэн чинь С.Сэлэнгээ эгч учиргүй инээгээд л “Найруулагчаа Дунжидмаа бид хоёр барьцалдаад авбал яасан юм бэ” гэхэд “Хөөе хөөе тэгж болохгүй. Тан шиг ийм бүдүүн бух шиг хүн Дунжидмааг ганц мөргөвөл шүд чигчлэх яс ч үлдэхгүй” гээд л бөөн инээдэм болж билээ. Хагархай Лхамд тоглодог С.Сэлэнгээ гавьяат маань мундаг жүжигчин байсан даа” хэмээн хуучилсан юм.
“ХҮСЛЭЭР БОЛДОГГҮЙ ХОРВОО КИНО ДЭЛГЭЦНЭЭ ГАРЧ ЧАДААГҮЙ”
Жүжигчин Б.Болормаа зохиолч Д.Маамын бүтээлээр хийсэн М.Нямгаваа найруулагчийн “Газар шороо” киноны Дагдангийн эхнэр Долгорын дүр, “Зүрхэнд шивнэсэн үг” кинонд цэргийн хүний гэргийн дүр болон “Нүцгэн уулын бэлд”, “Хүслээр болдоггүй хорвоо” зэрэг дэлгэцийн 20 гаруй бүтээлд тоглосон гэнэ. Хамгийн сүүлд “Огцом эргэлт” телевизийн олон ангит кинонд тогложээ.
Эдгээр дүрээс эрэл хайгуул хийж, дүрээ гүнзгий судалсан нь “Хүслээр болдоггүй хорвоо” кино байв. Харамсалтай нь тэр кино дэлгэцэнд гарч чадаагүй юм. Энэ талаар “Тухайн үед 1995 он хавьцаа байсан санагдана. Найруулагч Л.Шаравдоржийн “Хүслээр болдоггүй хорвоо” гэж арван жилийн хүүхдүүдийн тухай кинонд тоглож байлаа. Би тэр кинонд хэлгүй хүүхний дүрд тоглосон юм. Тэр дүрд тоглохын тулд их ч судалгаа хийж байсан.
Харамсалтай нь 32 мм-ийн хальсны аппаратаар хийсэн энэ киноны хальсны хагас нь Монгол кино үйлдвэрээс алга болчихсон. Зураг авалтын үеэр Л.Шаравдорж найруулагч маань хэнгэнэтэл уйлж байсан нь санаанаас ер гардаггуй юм. Ямар сайхан сэтгэлтэй зөөлөн өрөвч хун байгаа вэ. Дам сонсоход, хэн нэгэн киноны хальсны дундаас нь хулгай хийгээд устгачихсан л гэдэг юм шиг байна лээ. Сайн бүтээлд атаархсан улс байсан ч юм уу, санаандгүй хийсэн үйлдэл ч юм уу бүү мэд” хэмээн Б.Болормаа хуучилсан юм.
“ДРАМЫН ТЕАТРЫН ТАЙЗНАА 40 ГАРУЙ ЖҮЖИГТ ТОГЛОСОН”
Харин тэрбээр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа анх БЛхагвасүрэн зохиол “Тамгагүй төр” жүжигт тоглож байжээ. “Москвагийн Театр урлагийн их сургуулийг 1987 онд төгсч ирээд театртаа ажиллаж эхэлсэн. Тухайн үед өөрчлөн байгуулалтын дуулиан дэгдэж, улс орон үймж эхэлсэн. Театр үзэгчгүй болчихсон байсан үе. Энэ жүжгийг 1998 онд Ч.Найдандорж найруулагч тавихдаа жүжигчдийн дунд уралдаан зарлахад Цэцэр хатан, Өргөл хатан хоёрын дүрд тэнцэж, хоёр дүрд тоглож байсан. Цэцэрийг бүтээхэд тэнгэрлиг сэтгэхүйд автаж байсан” гэж ярьдаг. Жүжигчин Б.Болормаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа том, жижиг нийлсэн 40 гаруй уран бүтээлд тоглосон байна.
Одоо тэрбээр шүлэг, яруу найраг "дурлаж", роман бичиж байгаа аж. Түүний номыг зохиолч Д.Төрбат редакторлаж, тун удахгүй уншигчдын хүртээл болгох гэнэ.
ДУНЖИДМАА ОДОО ХААНА ЯВНА ВЭ?
Авьяаслаг жүжигчин Б.Болормаа амьдралын шаардлагаар театраасаа хөндийрч, есөн жил АНУ-д амьдарчээ. Тэгээд 2011 онд эх орондоо ирж, эзэмшсэн мэргэжлээрээ Улсын драмын эрдмийн театрт ажиллаж эхэлсэн ч 2015 онд эрүүл мэндийн шалтгаанаар дахин АНУ-ыг зорьжээ. Тэрбээр охин, хүү хоёртойгоо амьдардаг бөгөөд тун удахгүй эмээ болох гэж байгаагаа дуулгасан юм. “Удахгүй эмээ болох гэж байгаа. Эмэгтэй хүн болж төрсний хамгийн сайхан жаргал ээж болох байдаг. Хүмүүн ёсны тэр жаргалыг эдлэх гэж тэсэн ядан хүлээж байна” хэмээн ярьсан юм.
Холбоотой мэдээ