&#34Гандан уулын цэцэг&#34 номын баяр болов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

&#34Гандан уулын цэцэг&#34 номын баяр болов

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

&#34Гандан уулын цэцэг&#34 номын баяр болов

Өнөөдөр /2016.02.24/ “Аз Хур” номын их дэлгүүрт яруу найрагч Ш.Уянгын 50 насны төрсөн өдөр, "Гандан уулын цэцэг" номынх баярыг хамтатган тэмдэглэсэн сайхан үйл явдал боллоо. 1966 оны энэ өдөр хорвоод мэндэлсэн дүүгийнхээ яруу найраг, найраглал, нийтлэл, ярилцлага, орчуулга болон түүний тухай найз нөхөд, номын садангуудын бичсэн дурсамж тэргүүтнийг эгч Ш.Энэрэл нь эмхэтгэн хэвлүүлжээ. Номын баярт Ардын уран зохиолч Т.Галсан, төрийг шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Г.Мэнд-Ооёо, До.Цэнджав, Нацагдоржийн шагналт Д.Энхболд, А.Эрдэнэ-Очир, Л.Мягмарсүрэн, яруу найрагч М.Амархүү, Д.Чинзориг, Д.Ган-Очир, М.Саруулдалай, Ө.Бат-Эрдэнэ, Т.Эрдэнэцогт, Л.Батцэнгэл нарын зэрэг Ш.Уянга агсаны номын садан, найз нөхөд нь өргөнөөр цугларчээ.

Шагдарын Уянга хэмээх нэрийг Монголын яруу найргийн ертөнцөд сонсоогүй хүн байхгүй бизээ. Хэдийгээр энэ хорвоог эрт орхисон ч түүний бичсэн шүлэг зохиол, орчуулга, нийтлэлүүд нь уран зохиолын өв болон үлджээ. Гучин таван насны тойрогт тэрбээр яруу найраг бичиж, орчуулж, жүжиг балет туурвин, олон арван нийтлэл бичиж хэвлүүлсэн ч ном бүтээлээ хэвлүүлж амжилгүй тэнгэрт оджээ. 2002 онд яруу найргийг нь найз Д.Сүхбаатарын хамт цуглуулан анхны номыг нь хэвлүүлсэн түүхтэй ажээ.

Ш.Уянга нь 1966 онд Төв аймгийн Номтын ам гэдэг газар төрсөн. Москва хотын Агаарын геодези-зураг зүйн сургууль төгссөн. Инженерийн мэргэжилтэй. МУИС-ийн физикийн ангийг төгсөж, инженер мэргэжил тус тус эзэмшсэн байна. Тэрбээр “Үнэн”, “Бодлын солбицол”, “Улаанбаатар” сонинд ажиллаж, нөхдийн хамт “Капитал”, “Монгол тамга”, “Коментарий” сонинуудыг санаачлан эрхэлж, хэвлэл мэдээлийн цаг нартай уралдсан их ажлын дундуур хэд хэдэн дуурийн цомнол, драмын болон бүжгийн жүжгийн цомнол туурвин, кинонд нэрт яруу найрагч Р.Чойномын дүрийг бүтээсэн байдаг.

Уг номыг Аз хур болон Интерном их дэлгүүрээр борлуулах аж.

Д.ЦЭЭЛ


 

ЭХ ХЭЛ

Гэрийн бүслүүр чивчиртэл намайг чарлаж мэндлэхэд

Гэзэгнээсээ таслан хүйг минь боосон саахалтын буурал эмээ

“Төрийн минь сүлд өршөө! Хүү төрлөө!” гэж уулга алдсан

Төгөлдөр тансаг эх хэлтэйгээ тэгэхэд би анх учирсан

Эдүгээ хүртэл эх хэл Таныхаа өлгийд би нялхаараа

Эртний мэргэн үгсийн сангаас тань хөхөж бойжсон хэвээрээ

Гайхамшигт соёлоо цаг хугацааны гүн рүү би тээсээр

Газар шороо минь ертөнцийн мэдрэмж надад хайрласаар…

1985

 

ГАНДАН УУЛЫН ЦЭЦЭГ

Н.Батгэрэлдээ

Урьхан хавартаа дэлгэрдэг цэцэглэдэг нь

Уяхан замбативийн Гандан уулын цэцэг ээ

Уянга миний сэтгэлд дэлгэрдэг дэлбээлдэг нь

Уяхан зүрхний хайр Батгэрэл гэдэг цэцэг ээ

Үзсэн хүн шагшмаар тэр сайхан цэцэг

Үлгэрийн юм шиг ганцхан Гандан ууланд л ургадаг

Үхсэн ч үлдэх миний амь үр цэцэг

Үнэн зүрхний хайр Батгэрэлээс л дэлгэрдэг ээ

Сайхан энэ цэцгийн үнэр ялдамд хоргодовч

Сархад хэмээх хорны охинд би мансуурдаг

Сартай саруул шөнөөр Батгэрэлийн дэргэд биш

Салхивч нь хагас онгорхой гэрийнхээ гадаа хүлээдэг ээ.

Заяа тавилан хэмээх замаа л би дагадаг

Замиланд ганцхан хань чамайгаа ямагт санадаг

Зайдуу холыг зорьж дэмийрч тэнэхээс урьтаж

Завхарч мансуурч явахдаа ч гэрээ л бараадахыг боддог оо.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!