Ерөнхийлөгч Х.Баттулгад багшилж явсан зураачийн үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Х.Баттулгад багшилж явсан зураачийн үзэсгэлэн нээгдлээ

Ерөнхийлөгч Х.Баттулгад багшилж явсан зураачийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, багш Я.Оюунчимэгийн мэндэлсний 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн өчигдөр/2020.10.21/ Монгол арт галерейд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд зураач Я.Оюунчимэг агсны усан будаг, бар зургийн ховор нандин бүтээлүүд, түүний үе үеийн шавь нарын “Дурсамж” үзэсгэлэн болон дүрслэх урлаг дизайны уралдаанд шалгарсан бүтээлүүдийн үзэсгэлэн олон нийтэд хүрч байна.

Уран бүтээлчийн амьд ахуй цагтаа урласан өнгөт бар, усан будаг, төмөр бар гээд нийт 60 гаруй бүтээл энэ удаагийн үзэсгэлэнгээр олон нийтийн хүртээл болжээ.

Ээжийнхээ мэндэлсний 70 жилийг ойг тэмдэглэж буй зураач, дизайнер Б.Сарнайтай ярилцлаа.

– Өнөөдөр үнэхээр сэтгэл хөдлөж байна. Би энэхүү үзэсгэлэнгээр ээжийнхээ ховор нандин бүтээлүүдийг мөн шавь нарынх нь бүтээлүүдийг болон Я.Оюунчимэг зураачийн нэрэмжит анхдугаар дүрслэх урлаг, дизайны уралдааны бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж байна. Ээжийн минь нэрэмжит анхдугаар дүрслэх урлагийн уралдаанд тавдугаар сараас хойш маш олон хүүхэд, залуучууд бүтээлээ илгээсэн. Үүн дээр Монгол арт галерей, Дүрслэх дизайн урлагийн сургуулийн Ө.Гандулам багш маань хамтарч ажилласан. Эхний шалгаруулалтанд л гэхэд 90 гаруй бүтээл ирсэн. Эдгээр бүтээлүүдээс 35 нь үзэсгэлэнд дэлгэж, зургаан уран бүтээлч шалгарсанд баяртай байна. Хүүхэд, залуучууд энэхүү уралдаанд идэвхитэй оролцсонд маш их баярлаж байгаа. Хүн бүр л хүүхэд байхдаа зураач байдаг шүү.

Ижий маань надад хүн бүр л энэ амьдралд ирээд буцдаг гэдгийг ухааруулсан.Энэ богинохон хугацаандаа хүн бүр хүнлэг, энэрэнгүй байх ёстойг гэдгийг л зааж дээ. Үүнийг л өөрөөрөө үлгэрлэж, намайг хүмүүжүүлсэн.

Я.Оюунчимэг агсны үе үеийн шавь мөн энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн байлаа.

Д.Амгалангийн нэрэмжит дүрслэх дизайн урлагийн сургуулийн дүрслэх урлаг онол түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Байгал: Аравдугаар сарын 21-ний өдөр бол миний багшийн төрсөн өдөр. Өөрөө ч амьд сэрүүн байхдаа төрсөн өдрөөрөө үзэсгэлэн гаргадаг байлаа. Тэнгэрт хальснаас нь хойш гурван жилийн дараа 70 насных нь ойг тохиолдуулан энэхүү үзэсгэлэнг гэр бүл, шавь нар гээд маш олон хүмүүсийн тусламж дэмжлэгтэй нээж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй баримтат кино, багшийн минь амьдрал, уран бүтээлийг нь харуулсан ном, нэрэмжит уралдаан зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Багш маань 1977 онд Рейханы нэрэмжит уран зургийн академийг төгсч ирээд дүрслэхийн сургуульд багшаар орсон. Тэр цагаас л хойш Монголын дүрслэх урлагийн зураасан зургийн үе үеийн төлөөлөгчдийн бэлтгэн гаргасан маш авьяастай, тун даруу хүн байсан. Их зөөлөн хүн. Ерөөсөө хүнийг загнахгүй, уурлахгүй шавь нартаа ээж шиг, эгч шиг байдаг байлаа. Өөрийнхөө бүтээлийг хэзээ ч гоё болчлоо, дуусчлаа гэж боддоггүй тийм л хүн байлаа.

Зураач Я.Булган:Багшийнхаа үзэсгэлэнг олон жилийн дараа ирж үзлээ. Би 1986 оны төгсөгч. Миний А үсгийг заасан анхны минь багш. Өнөөдөр багшийнхаа 70 насны ойд ирээд сэтгэл хөдлөлөө. Бид нарын багшийнхаа дэргэд хийж байсан ажлууд дэлгэгдээд их сайхан байна. Уран бүтээлч хүний нас нь мөнх биш ч гэсэн үйл хэрэг нь мөнх байдаг. Багшийн минь уран бүтээлүүд үе дамжин үргэлжилж, мандах бадрах болтугай. Бид нарыг тэнгэрийн орноос харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Багш маань хэдий дуу цөөтэй боловч бид нар их эмээдэг байсан. Эмээдэг гэдэг нь хүндэлдэг гэсэн үг шүү. Оюунаа багшийн минь хөдөлмөрч зан шавь нарт нь халдсан. Ихэнхи нь одоог хүртэл уран бүтээлээ туурвиж байна.

 МУСГЗ, доктор, профессор Л.Дашням: Я.Оюунчимэгийн 70 насны ойд зориулсан Монгол арт галерейн гурван давхрыг хамарсан үзэсгэлэн их сайхан болж байна. Я.Оюунчимэг бол олон жил багшилсан, Монгол улсын зураасан зургийн нэртэй мастеруудын нэг байлаа. Олон ч сайхан шавь нартай. Амьд сэрүүн байхад нь олж үзээгүй олон зураг дэлгэгдсэн. Их олон жанраар бүтээлээ туурвидаг байсан гайхалтай хүн гэдэг нь энэхүү үзэсгэлэнгээр харагдаж байна.

 

1990 оны төгсөгч, зураач Д.Содбилэг: Багш маань өөрөө Монголын дүрслэх урлагийн томоохон төлөөлөгчдийн нэг гэдгийг энэхүү олон хүмүүсийг хамарсан үзэсгэлэнгээс нь харж болно. Багшийн бүтээлүүдээс үргэлж гэрэлтэй гэгээлэг, эмэгтэй хүний нинжин сайхан сэтгэл, хайр, цэцэгсийн ялдам өнгө зэрэг гээд хүний нүд, сэтгэлийг баясгах зүйлсийг харж болно. Манай ангийнхан, багшийн үе үеийн төгсөгчид нь энэхүү үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож байгаа нь сайхан дурсамж. Сая үзэсгэлэн үзсэн чинь буцаад сургуульдаа, урландаа оччихсон юм шиг л боллоо. Багшийн минь хэлж буй үгс зөөлөн хэдий ч цохиод авсан юм шиг л жинтэй байсан. Миний ээж, багш хоёр маань нэг ангид хамт зурч байсан сонирхолтой. Эхнэр бид хоёр ч багшийн шавь нар. Яг л хүүхдүүд шиг нь байсан даа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл багшийн шавь байлаа шүү дээ.Үнэхээр энэ гайхалтай хүний шавь байснаараа бахархаж байна. Аль болох багшийнхаа бүхий л сайн талуудыг дуурайх гэж хичээсэн дээ.

Үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 28-ыг хүртэл өдөр бүр 10.00-18.00 цагуудад үргэлжилнэ

Я.Оюунчимэг багш нь 1977 оноос эхлэн 2005 он хүртэл СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуульд зураасан зургийн мэргэжлийн багшаар ажиллаж, нийт 8 удаагийн төгсөлтөөр олон зуун зураач бэлтгэн төгсгөсөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж