МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн төлөөлөл өчигдөр /2020.10.21/ телевизийн байрандаа хэвлэлийн бага хурал хийж, олон нийтийн сүлжээнд цацсан. Энэ хурлаар МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж, 250 гаруй уран бүтээлчид гарын үсгээ зурсан гэдгээ мэдэгдэж, холбогдох баримтуудыг дэлгээд буй. Энэ асуудлаар хоёр талын байр суурийг хүргэж байна.
“МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ЗАХИРАЛ Л.НИНЖЖАМЦЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАСАН”
МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, ажилтан албан хаагч, уран бүтээлчдийн төлөөлөл болсон ажлын хэсгийнхэн: Үндэсний зөвлөлд гурван шаардлага хүргүүлж байгаа. Нэгдүгээрт, ерөнхий захирал Л.Нинжжамцын дур зоргоороо дургиж байгаа ёс бус, хууль зөрчсөн үйлдлүүдийг зогсоож, хөдөлмөрийн гэрээг цуцлахыг шаардсан. Хоёрдугаарт, энэ хууль бус үйлдлийг хамтран явуулж, МҮОНРТ-ийн үйл ажиллагааг доголдолд хүргэсэн гүйцэтгэх удирдлагыг багаар нь татан буулгах болон уран бүтээлчдийн хараат бус байдлыг хангах шаардлагыг эртнээс тавьж, хэдэнтээ уулзсан. Одоо зөвхөн шаардлагын хариугаа хүлээж байгаа. Уг шаардлага шийдэгдэхгүй байгаа учраас хэвлэлийн бага хурал хийж, Үндэсний зөвлөлтэй уулзсан талаар танилцуулга, баримтыг дэлгэсэн юм. Яагаад гэвэл МҮОНРТ бол олон нийтийнх. Нийтлэл нэвтрүүлэг, мэдээ мэдээллүүд олон түмний өмч байдаг. Тийм учраас энэ бүх хууль бус үйлдэл олон нийтийн мэдэх эрхийг зөрчиж байна.
Бид Үндэсний зөвлөлтэй өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт /2020.10.13/ анх удаа уулзсан. Анхны уулзалтаар Б.Энхмандах дарга тэргүүтэй хүмүүс ирсэн ч уран бүтээлчдийн төлөөллийг хүлээж авах сонирхолгүй, хөөгдөж гарах дөхсөн. Гэхдээ ажлын хэсэг байгуулж, энэ асуудлыг шалгах үүргийн дагуу ажлын хэсэг Ням гаригт /2020.10.18/ бидэнтэй уулзсан. Ажлын хэсэг өчигдөр /2020.10.21/ хариу өгөх ёстой байсан ч одоо хүртэл хариугаа өгөхгүй байна. Ерөнхий захирал Л.Нинжжамц бидний дэлгэсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэж байгаа. Гэхдээ бүгд баримтаар нотлогдож байгаа учраас бидэнд хамаагүй. “Манай байгууллагад ямар асуудал байна вэ” гээд санал асуулга авахад 256 хүн саналаа хэлсэн. Тэр санал асуулгаар маш олон асуудал гарч, ажлын байрны дарамт, удирдлагын ёс бус харилцаа, хэвлэлийн хараат бус байдал, ажилчдыг тагнаж чагнах асуудлууд гарсан.
Тухайлбал, МҮОНРТ-ийн оргил цагаар гардаг “Цаг үе үзэл бодол” нэвтрүүлэг гэхэд уран бүтээлийн бодлогоор бус дарга нарын хүслээр цацагдаж байдаг. Мэдээний “Цагийн хүрд” нэвтрүүлгээр хэн, ямар мэдээ оруулахыг дарга нар баталдаг. Уран бүтээлчдийн ажлын санал санаачлагыг дэмждэггүй. Энэ асуудал анх уран бүтээлчдийнхээ цалинд халдсанаар эхэлсэн. Энэ оны есдүгээр сарын 2-нд ерөнхий захирлын А/1 тушаалаар бүх ажилтан, албан хаагчдын цалингаас 20 хувь хассан. Манай байгууллага нийт 700 гаруй ажилчинтай. Удирдлагаасаа учрыг асуухад “Цар тахалтай үе таарсан. Хоёрдугаарт, бид Засгийн газраас урьдчилсан санхүүжилтээ авч чадаагүй” гэж тайлбарласан. Гэтэл бид судлаад үзэхэд манай байгууллага тартагтаа тулаагүй байсан. Учир нь, манай байгууллагын ажилчдын 50-60 хувь нь гуравдугаар сараас долдугаар сард цалингүй амарсан. Тэр хүмүүсийн цалин 70 хувиараа хуримтлагдсан. Тэгсэн өөрсдийнх нь цалин нэмэгдсэн байсан. Жишээлбэл, дөрөвдүгээр сараас эхлэн 720 мянган төгрөгийн цалинтай Үндэсний зөвлөлийн гишүүд шууд 1.2 сая төгрөгийн цалинтай болсон. Ажилчдын хуримтлагдсан цалинг үр ашигтай ажилласан гэж Үндэсний зөвлөл үзэн захирал Л.Нинжжамцыг зургадугаар сард 30 сая төгрөгөөр шагнасан байсан. Үүнээс татвараа төлж, гар дээрээ 21 сая төгрөгийг авсан баримтыг дэлгэсэн.
“ТАВАН ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ АСУУДЛЫГ ШАЛГАЖ БАЙНА”
Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Нарантуяа: Ажлын хэсэг МҮОНРТ-ийн хамт олны Үйлдвэрчний эвлэл болон гүйцэтгэх удирдлагын өгсөн баримт материалуудыг шалгах, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Бид өчигдөр /2020.10.21/ шөнийн 23.00 цаг хүртэл хуралдсан. Уг хурлаар гарсан дүгнэлтээ Үндэсний зөвлөлийн хурлаараа хэлэлцэж, эцсийн тогтоол шийдвэр гарна. Тэрний дараагаар олон нийтэд мэдээлэл өгч болно. Одоогоор ажлын хэсэг хуралдсаар байгаа. Хоёр талаас маш их баримт материал цугларсан учраас эцсийн дүгнэлт гарах хараахан болоогүй байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсан даруйд Үндэсний зөвлөл ойрын хугацаанд хуралдаж, авч хэлэлцэнэ. Үндэсний зөвлөл долоо хоногийн мягмар, пүрэв гаригийн аль нэгэнд хуралддаг. Гэхдээ яаралтай тохиолдолд ямар ч үед хуралдаж болно. Үндэсний зөвлөлийн хууль тогтоомжийн дагуу улиралдаа нэг удаа хуралдах ёстой байдаг юм. Одоогийн байдлаар 2020 он гарснаас хойш зургаан удаа хуралдаж, 16 тогтоол шийдвэр гаргаад байна. Үндэсний зөвлөлөөс томилсон ажлын хэсгийн ахлагчаар Б.Батсүх, гишүүнээр Ж.Соёл-Эрдэнэ, н.Оюун-Эрдэнэ, В.Бат-Эрдэнэ, З.Энхболд нар ажиллаж байгаа” гэдгийг хэлсэн юм.
Хуулиараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн арван таван гишүүнийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай, ингэхдээ тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог нь Улсын Их Хурлаас, дөрвийг нь Засгийн газраас нэр дэвшүүлж томилдог.
Холбоотой мэдээ