"Халдварыг дотооддоо алдаагүйд сэтгүүлчдийн хувь нэмэр их"

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

"Халдварыг дотооддоо алдаагүйд сэтгүүлчдийн хувь нэмэр их"

"Халдварыг дотооддоо алдаагүйд сэтгүүлчдийн хувь нэмэр их"

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XI дэх удаагийн форум болж байна. Цахимаар зохион байгуулж буй уг форумыг “Цар тахлын үед сэтгүүлзүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж байгаа юм.

Манай улсын хувьд цар тахлын улмаас өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос хойш хилээ хааж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Нэн ялангуяа хөл хорио тогтоосон онцгой дэглэмийн үед төрийн байгууллагууд сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхийг хязгаарлаж, ил тод нээлттэй байдал хумигдаж эхэлснийг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд хэлж байв. Нөгөө талаас сэтгүүлчид зөвхөн редакцад биш зайнаас ажиллах нь цар тахлын үед шинээр нэвтрүүлсэн туршлага байсан гэнэ.

 ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ЦАР ТАХЛААР ДАЛИМДУУЛЖ МЭДЭЭЛЛЭЭ ХААЛТТАЙ БОЛГОСОН

Өдрийн сонины албаны дарга Я.БАЯРБААТАР: 

-Цар тахлын үед “Өдрийн сонин”-ы редакц нэн тэргүүнд зайнаас ажиллаж эхэлсэн. Бид 3-5 сар хүртэл цахимаар ажилласан. Энэ хугацаанд бид редакцад цуглахгүй онлайнаар ажиллаж болно гэх итгэл үнэмшилтэй боллоо. Бидний хувьд зайнаас ажиллах нь шинэ туршлага байсан. Онлайнаар ажиллахад цар тахлын үед халдварын эрсдэл бага, сэтгүүлчид өөрсдийгөө хөгжүүлэх цаг гарсан, эдийн засгийн хэмнэлттэй ажилласан зэрэг олон давуу тал байсан ч дутагдалтай зүйлс ч бий. Сонины редакцад өглөөний шуурхай хурал бол тухайн өдрийн ажлын 70 хувийг нугалдаг. Гэтэл зайнаас ажиллахад шуурхай хурал шиг амьд харилцаа, амьд мэтгэлцээн байхгүй болсон.

Мөн нүүр тулсан амьд ярилцлагууд хумигдсан гэж харж байна. Ердөө л бэлтгэсэн асуултын дагуу хариулт. Гэтэл нүүр тулсан ярилцлага бол амьд болдог тул уншигчдад илүү хүрдэг. Нөгөө талаас УИХ-ын гишүүд, яам тамгын газар, төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд сэтгүүлчдээс бултаж, сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх хязгаарлагдсан.

Төрийн байгууллагууд цар тахлаар далимдуулж сэтгүүлчдээс зайгаа барьж, мэдээлэл өгөхөөс татгалзах  нь нийтлэг үзэгдэл болсон.

        МЭДЭЭЛЛИЙН ШУУРХАЙ БАЙДАЛ АЛДАГДСАН

МСНЭ-ийн цахим сэтгүүлзүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч О.АРИУНБИЛЭГ: 

-2019 онд Хэвлэлийн хүрээлэнгийн гаргасан судалгаагаар Монгол Улсад 154 сайт үйл ажиллагаа явуулж байна. Мэдээллийн сайтын онцлог нь аливаа асуудлыг  олон эх сурвалжаар баталгаажуулж түргэн шуурхай нийтлэх. Цар тахлын үед хэвлэл мэдээллийн сайтуудад гарсан сөрөг тал нь мэдээллийн шуурхай байдал алдагдсан. Цар тахалтай холбоотойгоор түр хууль, Засгийн газраас гаргасан түр журмуудтай холбоотойгоор мэдээлэл авах ганцхан эх сурвалж байна хэмээн тодорхойлсон.

Зөвхөн үнэн бодит мэдээллийг Засгийн газар эсвэл Эрүүл мэндийн яамнаас нэг шугамаар мэдээлэхээр болсон.  Хэрэв зөвхөн албаны эх сурвалжийн мэдээллийг нэг шугамаар цацдаг бол хэвлэл мэдээллийн үндсэн үүрэг алдагдаж, сэтгүүлчийн үүрэг байхгүй болсон. Зөвхөн албаны эх сурвалжийн нэг шугамаар тарааж буй мэдээллийг хүлээснээр мэдээллийн сайтын шуурхай байдлыг алдагдуулж байгаа юм.

Угтаа бол тухайн мэдээлэл нь олон талын эх сурвалжаар баталгаажсан бол заавал Засгийн газрын мэдээ, Эрүүл мэндийн яамны албан мэдээллийг хүлээх шаардлагагүй. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн сайт өөр эх сурвалжаас авсан мэдээллээ албан ёсны мэдээлэл цацагдахаас өмнө нийтэлж байснаараа буруудсан. Нийгмийн шүүмжлэлд өртөхийн сацуу Засгийн газар буруутгаж байснаараа мэдээллийн ил тод нээлттэй байдал хумигдаж эхэлсэн.

Цар тахлын түр журмаар хэвлэл мэдээллийг дарж авах гэсэн нэг бодлого байв уу гэх хардлага ч байна.  Нөгөө талаас цар тахлын үед мэдээллийн сайтуудад ажиглагдсан эерэг тал бол үнэн бодит мэдээлэл дамжуулдаг болсон.

Энгийн үед зарим хэвлэл мэдээллийн сайтууд бусдаас шуурхай байх гэж  зарим эх сурвалжаа баталгаажуулдаггүй, мэдээлэл нийтлэгдсэний дараа алдаагаа засах шаардлага гардаг нийтлэг үзэгдэл байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн сайтуудын шуурхай байдал алдагдсан ч зөвхөн үнэн бодит мэдээлэл нийтэлдэг болсноороо сайн талтай.

        ХАЛДВАРЫГ ДОТООДДОО АЛДААГҮЙ НЬ СЭТГҮҮЛЧДИЙН ХУВЬ НЭМЭР ИХ  БИЙ

Хэвлэлийн төлөөлөгч асан Т.АМАРЖАРГАЛ: 

-Цар тахлын үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгүүлчид нэгдсэн шугамаар мэдээлэл авдаггүй байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын тухайд хэн нэгнээсээ өрсч мэдээлэл олж авах, нийтлэх гэсэн хандлага ажиглагдаж байсан. Үүнийг  Эрүүл мэндийн яамны сайд асан Д.Сарангэрэл өөрөө сэтгүүлч байсан учраас анзаарч нэгдсэн шугамаар мэдээлэл ил тод нээлттэй өгдөг 11:00 цагийн мэдээллийг санаачилсан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид цар тахлын үед үүргээ маш сайн биелүүлж ажилласан. Тиймдээ ч Монгол Улс халдварыг дотоодод алдахгүй байхад сэтгүүлчдийн хувь нэмэр их байлаа. Эрүүл мэндийн яамны тухайд мэдээлэл ил тод нээлттэй байсан.

ЦАР ТАХЛЫН ҮЕД СЭТГҮҮЛЧИД ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАСАН

УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР

-Цар тахлын үед хариуцлагатай ажилласан сэтгүүлчдэдээ талархал илэрхийлье. Монгол Улс нэгдүгээр сарын 27-ноос хилээ хааж, тусгай нислэгээр анх удаа Ухань хотоос оюутнуудаа татан авахын цаана амаргүй шийдвэр гаргаж, яриа хэлэлцээр өрнүүлж байлаа. Энэ үед сэтгүүлчид асуудлыг өөр тийш нь чиглүүлж сөрөг хандлага гаргалгүй мэдрэмжтэй хариуцлагатай ажилласан. Форумын үеэр Хятадын талд хоёр орны сэтгүүлчдийн солилцоог эргэн сэргээхийг санал болголоо гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж