Мөнгөнд дурласан малчид

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Мөнгөнд дурласан малчид

Өвөл, хаврын хатууд хот орон газрынхан малчдад хаяглан тусламж илгээдэг уламжлалтай. Энэ уламжлал жил бүр давтагдсаар бүр зуршил болжээ. Аж ахуйн нэгж байгууллагууд ч цагийн хатууд малчдад тусалж буй хүмүүсийг дэмжих нэрээр бизнэсээ өргөжүүлдэг болсон. Суудлын бүрээсээ солиод хуучин бүрээсээ элгэвч, нэмнээнд өгвөл урамшуулна гэсэн зар сар шинийн өмнөөс л радиогоор цацагдсан. Өнөөдөр ч явж байна лээ. Зуны сар эхэлтэл энэ зар урсах нь мэдээж. Байгууллага хамт олноороо лаа шүдэнз, өдрийн цалингаа хандивлана. Гадаадын хүмүүнлэгийн байгууллагынхныг  зуд турхнаар айлгаж байгаад багагүй хөрөнгө чирээд ирнэ.

Өдгөө улсын хэмжээнд 18 аймгийн 98 сум цагаан зудтай байгаагийн дээр 20 аймгийн 113 сум зудархуу нөхцөлд хаваржиж буй ажээ. Эдгээр бүс нутгуудад 80 мянган малчин өрх буюу нийт малчин өрхийн 53.4 хувь, 23 сая мал буюу нийт мал сүргийн 42.5 хувь, 5019 жирэмсэн эмэгтэй,  0-5 настай 20847 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 6117, нэн ядуу зэрэглэлийн 4173 өрх байна гэсэн мэдээллийг салбарын яамнаас мэдээлсэн. Завхан, Увс, Дундговь, Сүхбаатар аймгуудын нийт нутгийн 90 хувь нь зудын байдалтай байгаа гэнэ. Энэ бол сэтгэл түгшээсэн тоо.

Гэвч малчдадаа туслах гэж  хотынхон урьдын адил лаа шүдэнз цуглуулаад хэрэггүй нь. Учир нь малчдад ердөө л мөнгө хэрэгтэй гэнэ. Өнгөрсөн намраас эхлэн мах хямд байгаагаас малчид бэлэн мөнгөний гачаалд орсныг Шадар сайд ч хэлж байна. Тэгэхээр малчид бэлэн мөнгөнөөс бусдыг тусламж гэж үзэхгүй байгаа нь тэднээс авсан судалгаа харуулна. Сар шинийн өмнөхөн улсын хэмжээнд зудын байдалтай өвөлжиж хаваржиж буй малчдад 1,8 тэрбум төгрөг шаардлагатай гэж байсан бол хориодхон хоногийн дотор энэ тоо эрс өсчээ. Нийтдээ 6,6 тэрбум төгрөгийг малчдад тусламж болгон хүргэхээр төлөвлөж. Энэ мөнгөний тодорхой хэсгийг эм тариа, тэжээллэг хүнс, өвс тэжээл болгож малчдад илгээнэ гэж байгаа ч малчид бэлэн мөнгө л хэрэгтэй гэсэн хариу өгчээ. Малаа мөнгөөр тэжээхгүйгээс хойш “Өвс биш мөнгө авъя” гээд байгаа  адармаатай араншинг юү гэж ойлгох вэ. Түгээж тараасан бэлэн мөнгө малын тэжээл бус оюутны тэтгэлэг болоод хот  руу буцахгүй гэх баталгаа бий юү.

Малчдын мөнгө, мөнгө гээд байгаагийн цаад шалтгааныг нягтлаагүй ч олон улсын байгууллагууд хүсээд байгаа мөнгийг нь илгээгээд эхэлжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Монголын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбооноос Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгийн 1800 малчин өрхөд 134 сая төгрөгийг бэлнээр тарааж, зургаан нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн олгожээ. Цаашид ч энэ тоо өсөх нь дамжиггүй.  Хүний өгснийг харамлах ч илүүц биз. Харин улсын төсвөөс гарч буй бага биш хөрөнгийг малдаа, малчиндаа  наалдахуйц тусламж болгон хүргээсэй.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж