Иргэд угаартах нь ҮАБЗ-ийн гишүүдэд хамаагүй юу?

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Иргэд угаартах нь ҮАБЗ-ийн гишүүдэд хамаагүй юу?

Иргэд угаартах нь ҮАБЗ-ийн гишүүдэд хамаагүй юу?

Нийслэлчүүд дахин нэг өвлийг айдастай өнгөрүүлэх нь ээ.  Галлагаа эхэлсэн үеэс гэр хорооллын иргэд түлшиндээ угаартсан дуудлага эрс нэмэгдсэний зэрэгцээ хүний амь ч эрсэдсээр байна.

Тодруулбал, есдүгээр сарын 16-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд угаарын хийнд хордсоноос 485 хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бол урьд шөнө Чингэлтэй дүүрэгт  нэг гэр бүлийн дөрвөн иргэн угаартсанаас 54 настай О нас барж, хоёр нь комд, маш хүнд эмчлүүлж буй.

Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул Цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Энэ хэрэг явдлаас өмнө буюу аравдугаар сарын 7-нд 60 орчим насны ахмад,  8 настай ач хүүгийнхээ хамтаар угаартаж, амиа алдсан харамсалтай явдал гарсан. Хардлага төрүүлж буй нэг асуудал нь албаныхны тайлбараар угаартсан иргэд нь яндангаа буулгаад өрхөө битүүлээд унтсанаас амь насаа эрсдэлд оруулсан бол одоо согтууруулах ундаа хэрэглэсэн гэх “зүйл” нэмэгдэв.

Түүхий нүүрсийг Улаанбаатар хотод хэрэглэхийг хориглосноос хойш “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрээд нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хооронд  түлшиндээ угаартсан иргэдийн тоо хэдэн зуугаар яригдаж, амиа алдсан хүний тоо 20 гаруй болж, зөв галлагаа хийж сурахыг сануулсан зөвлөмж, анхааруулгыг телевизүүд өдөр алгасалгүй цацаж байхад яндангаа буулгаад өрхөө битүүлээд унтах юм гэж үү?.  Амиа хорлохыг хүсээгүй л бол хэн ч яндангаа буулгаад өрхөө битүүлэхгүй.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ асуудалд Үндэсний аюулгүй зөвлөлийн гишүүдээсээ эхлээд хот нь ч Нийслэлийн Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/нь ч анхаарал тавьсангүй, сонгуульдсаар аравдугаар сарыг ардаа хийж байна. Уг нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гуравт өглөө бүр хүрдэг мэдээний нэг нь угаартай холбоотой асуудал багтаж  байх ёстой.  Гэвч тэднээс өнөөдрийг хүртэл хэн нь ч үг унагаагүйгээс харахад гэр хорооллынхон угаартаж, эрүүл мэндээрээ хохирох бол асуудал биш юм байна. Улаанбаатар хотын гэр хороололд өнөөдөр 220 мянга гаруй өрх амьдарч байна. Нэг өрх дунджаар 3 ам бүлтэй гэж тооцвол хамгийн багадаа 660 мянган иргэн буй.  Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдарч буй иргэдээс бусад нь түлшиндээ угаартах эрсдэл отож байна гэсэн үг.

Уг нь иргэнээ боддог төр байсан бол сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрээд жил гаруйн хугацаа өнгөрч байхад яагаад өнөөдөр ч иргэд хордож амиа алдав гэдэгт анхаарал хандуулж, аюулгүй түлш нийлүүлэгдэж чадаж байгаа юу гэдгийг ахин дахин шалгах ёстой юм. Харамсалтай нь, ийм үйлдэл хийсэнгүй. Харин ч “Иргэд хайхрамжгүйгээсээ угаартсан” гэдэг тайлбараар тархи угаасаар өнөөдрийг хүрэв.

Мөн хэвлэлүүд нийслэлийн аль хороонд ийм золгүй явдал болов,  угаартсан иргэдтэй уулзаж,  аюулаас бусдыг сэрэмжлүүлэх сурвалжлага бэлтгэе гэхэд хаяг өгдөггүй. Ууланд төөрсөн, усанд осолдсон мэдээг бараг детальчлах шахам хоногийн мэдээндээ багтааж, олон нийтэд цацдаг атлаа, угаарын хийнд хордсон иргэдийн хаягийг нууцалдаг. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг харлуулах гэсэнгүй. Гагцхүү агаарын бохирдол бууруулах нэрийн дор монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй юм.

Нөгөөтэйгүүр, албаныхан агаарын бохирдол өмнөх жилийнхээс буурсан тухай ярьж буй ч хоруу чанар нь багассан гэдэгтэй  санал нийлэх нь хэд бол…

Нийслэлийн гэр хороололтой хаяа залган байрлах МҮОНРТ, Гандан, Хориннэгдүгээр хорооллын захад өглөөний 06.00 цагт очиход л түлшний эвгүй үнэр ханхийнэ. Түүхий нүүрсний үнэрээс илүү эвгүй үнэр мэдрэгдэнэ. Энэ үнэр хортой юу, хоргүй юу гэдэг судалгааг Монголын шинжлэх ухааны байгууллагаас хийсэн газар байна уу. Хэрвээ судалгаа хийсэн бол дүгнэлт нь яаж гарсныг иргэддээ танилцуул. Хэрвээ судалгаа  хийгдээгүй бол яаралтай эхлүүлэх шаардлага байна.

Ирэх Баасан гаригт орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ НИТХ-ын анхдугаар хуралдаан болж, даргаа, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилно. Шинээр бүрдэх НИТХ, хотын даргын эхний хийх ажил аюулгүй түлшийг иргэд хэрэглэж байна уу гэдэгт анхаарал хандуулах юм.

Хэрвээ уг асуудалд анхаарал хандуулахгүй бол нэг шуудай сайжруулсан түлш 6500 төгрөгөөр худалдаж аваад түлснийхээ төлөө гэр бүлээрээ угаартхж, амиа алдсан харамсалтай мэдээ тасрахгүй нь.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж