“Д.Сумъяабазар иргэдийн төлөө бус намынхаа төлөө ажиллана”

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

“Д.Сумъяабазар иргэдийн төлөө бус намынхаа төлөө ажиллана”

“Д.Сумъяабазар иргэдийн төлөө бус намынхаа төлөө ажиллана”

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр /2020.10.22/ Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн. Энэ үеэр Нийслэлийн ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваагаас сэтгүүлчид зарим зүйлийг тодрууллаа.


-Баянгол дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар МАХН-аас сонгогдсон Э.Магнайбаяртай тохирч, өөрийн намдаа элсүүлсэн нь олон хүний шүүмжлэлийг дагуулаад байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Миний байр суурь бусадтай адил. Энэ бол ёс зүйгүй үйлдэл. Улс төрийн соёл гэж байх ёстой. Хэрвээ олон намын төлөөлөл иргэдийн төлөөлөгчдийн хурал юм уу, парламентад бүрдсэн бол хамтран Засгийн газар, эвслээ байгуулах шийдэл нь хуулийн орчинд бий. Гэтэл иргэдээс санал авч сонгогдсоны дараа зөвхөн хувийн эрх ашгаа бодож, намаа сольж байгаа нь иргэдийн саналыг үнэгүйдүүлж байгаагийн илэрхийлэл гэж харж байна. Маш харамсалтай санагдаж байна. МАХН-ын нэг гишүүн Ардчилсан намтай эсвэл Монгол ардын намтайгаа ч юм уу эвсэж, хамтарсан Засгийн газар байгуулж болно шүү дээ. Энэ бол улс төрийн ёс зүй, соёл. Гэтэл хамгийн соёлгүй нөхөр сонгогдож, өөрөө тийм ёс зүйгүй шийдвэр гаргаж байгаа нь маш харамсалтай. Тэр гишүүнээс илүүтэй МАХН-ын хороо харамсаж байгаа болов уу.

-Монгол Улсын экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж байна. Түүний энэ үйлдлийг ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь гэж харж болох уу?

-Ардчилсан намын үйлчилж буй дүрмийн хүрээнд намаасаа гарсан залуус буцаад элсч орох тохиолдол байгаа. Өнөөдөр хэн ч Ардчилсан намын гишүүнээр элсэхэд бүрэн нээлттэй. Ямар нэгэн сахилгын шийтгэл, дүрмийн зөрчил гаргаж, тодорхой хугацаатайгаар намдаа эргэн орох нөхцөл тавиагүй л  бол гишүүнчлэлээ сэргээх эрх нь нээлттэй байдаг.

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулган маргааш /2020.10.23/ болно. Ардчилсан нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд найман суудал авсан. Хэр хүчтэй сөрөг хүчин байж чадах вэ?

-Нийслэлийн ардчилсан намын төлөөлөгчдийн тоо 11 байснаа найм болж буурсан. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлсөн. Нийслэлийн хэмжээнд нийт 900 орчим мянган сонгогчид байдаг. Үүний 22 хувийн саналыг авсан улс төрийн хүчин маань 100 хувийн эрхийг авч байна гэсэн үг. Нэгдүгээрт, иргэд сонгуульд маш идэвхтэй оролцсонгүй. Хоёрдугаарт, сонгуулийн тухай хуульд эрх баригч нам маш сайн тооцоолол хийж, өөрсдөдөө давуу байдлыг бий болгож байна.

Жишээлбэл, орон нутгийн сонгуулийн дуусах хугацаа оройн 22.00 цаг байсныг 20.00 цаг болгосон, ирцийн 50 хувийг болиулж, хуульд өөрчлөлт орууллаа. Мөн дээрээс нь дүүрэг, нийслэлд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч нь Улсын их хуралд нэр дэвшигчдээс хамаагүй бага мэдээлэл авах эрхтэйгээр хуульчилсан. Тиймээс төр барьж байгаа нам өөрсдөдөө давуу байдлыг үүсгэж, орон нутгийн сонгуулийг намар зохион байгуулсан нь давуу тал болсон гэж харж байна.

-Хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Эрх баригч намаас шинэ хотын даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг нэр дэвшүүллээ. Таны хувьд хотын даргын томилгоог юу гэж харж байна вэ?

-УИХ-ын гишүүн хотын даргын албыг хийх давхар хийх хууль эрх зүйн боломж байхгүй. Хотын даргаар томилогдвол УИХ-ын гишүүнээсээ татгалзах болох байх. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг зохион байгуулах ёстой болно. Иргэд тухайн тойргийнхоо сонгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан өөрсдийнхөө дуу хоолойг хүргэх ёстой. Гэтэл өнөөдөр Монгол Улсад нам төвтэй төр бий болчихжээ.

Та бүхэн санаж байгаа бол 2016 онд МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулж, нийслэлийн нэг ч хүнээс сонгогдоогүй хүнийг хотын даргаар томилж байсан. Түүнтэй адил Д.Сумъяабазар гишүүн Улсын их хуралд сонгогдсон ч орон нутгийн сонгуульд өрсөлдөж, мөрийн хөтөлбөрийн гарц шийдлээ танилцуулаагүй. Монгол Улсад жинхэнэ ардчилал алга. Хуучин коммунизмын тогтолцоотой адилхан намын шийдвэрээр хүмүүс нь томилогдож байна. Өмнө нь Су.Батболд гэж хүнийг МАН-аас Хотын даргаар томилсон. Тэр хүн иргэд рүүгээ ажиллаагүй, намдаа ажилласан. Одоо Д.Сумъяабазар намынхаа Удирдах зөвлөлөөр томилогдоод орж ирвэл иргэдийн төлөө ажиллах хөшүүрэггүй болно.

-Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж чадсангүй. Намын даргын хувьд хариуцлага хүлээх үү?

-Намын дарга, үүрэг гүйцэтгэгч гэж хоёр ялгаатай ойлголт. Манай намын дүрмээр бүх гишүүдээсээ сонгогдсон намын дарга дөрвөн жилийн хугацаатай бүрэн эрхээ  хэрэгжүүлдэг. Миний хувьд хоёр сарын хугацаатай үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Ардчилсан намын их хурал арваннэгдүгээр сарын 16-нд их хурлаа зохион байгуулж, дүрэмдээ өөрчлөлт оруулна. Тэр дүрмээрээ хэрвээ үүрэг гүйцэтгээд муу үр дүн авч ирсэн дарга дахин нэр дэвших эрхгүй гэвэл тэр дүрмээрээ л явна.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж