Лондонгийн металлын бирж дээр Лхагва гаригийн /2020.10.21/ үдээс хойш зэсийн үнэ тонн нь 7,034 ам.долларт хүрсэн байна. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу 2018 оны зургадугаар сараас хойш байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Агааржуулагч төхөөрөмжөөс эхлээд автомашин, цахилгаан сүлжээ хүртэл бүхий л салбарт ашиглагддаг аж үйлдвэрийн амин чухал түүхий эдийн ханш энэ жил 14 орчим хувиар өсөөд байна.
Хятад улс коронавирусийн цар тахлын хямралаас хурдан сэргэж байгаагаас гадна тус улс 2060 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислээс бүрэн ангижирч, ирэх таван жилийн төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчний асуудалд анхаарлаа хандуулна гэж зарласан зэрэг нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. “Хятадын энэхүү алхам нь "асар том суурь өөрчлөлт" болох юм. Энэ нь ойрын хоёроос таван жилийн хугацаанд зэсийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, Хятадын цахилгаан эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой өсөлт болно.
Автомашин болон эрчим хүчний салбарын зэсийн хэрэглээ ойрын таван жилд 2.3 сая тонноор өсөх төлөвтэй байгаа нь дэлхийн нийт эрэлтийн бараг дөрөвний гуравтай тэнцэж байна” гэж “Citigroup”-ийн шинжээч Макс Лэйтон ярьжээ. Цахилгаан автомашинд энгийн дотоод шаталтат хөдөлгүүртэй машинаас гурав дахин их зэс агуулагддаг. Зэсийг мөн салхин цахилгаан үүсгүүр, сэргээгдэх эрчим хүчний салбарт өргөн ашигладаг. Өсөн нэмэгдэж буй эрэлтийг угтан дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч Хятад улс энэ жил металлын нөөцөө нөөцөлж байгаа гэж “Macquarie”-ийн шинжээчид мэдээлэв. Тус банкны шинжээч Вивьен Ллойд импорт ба үйлдвэрлэлийг нь тооцоод үзвэл Хятад улс 800 мянган тонн металлын нөөцлөх боломжтой гэж тооцоолжээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр их наяд ам.долларын ногоон эрчим хүч, дэд бүтцийн төлөвлөгөөг амлаад буй Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден ялбал зэсийн үнийг дахин өсгөнө гэж таамаглаж байна. Түүнчлэн уул уурхайн компаниуд “Covid-19” цар тахлаас болж үйл ажиллагаа нь доголдсоноос нийлүүлэлт тасалдсан нь зэсийн үнэ нэмэгдэх бас нэгэн шалтгаан болжээ. Тухайлбал, Чилийн зэс олборлогч ”Antofagasta” компанийн хувьд гуравдугаар улирлын олборлолт есдүгээр сарын сүүл хүртэл гурван сарын хугацаанд өмнөх улирлаас 4,6 хувиар буурсан байна. Чили бол дэлхийн зэс үйлдвэрлэгч хамгийн том орон юм. Энэ улсад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулга болж байгаа бөгөөд энэхүү санал асуулгын дүн ч мөн зөсийн зах зээлд нөлөөлж болзошгүй байна. Учир нь Чили улс Үндсэн хуулиа шинэчлэн найруулбал уул уурхайн салбарын татварын хэмжээг өндөрсөх, усны хэрэглээний тухай хяналт чангарах төлөвтэй байна.
Эх сурвалж: FT
Холбоотой мэдээ