НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “24 цагийн хугацаанд нийслэлийн Түргэн тусламжийн утас 103 дугаар, Хордлогын яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон нэг өрхийн дөрвөн хүний дуудлага ирсэн. Үүнээс хоёр нь насанд хүрсэн бол хоёр нь хүүхэд байна. Есдүгээр сарын 15-аас хойш нийслэлийн хэмжээнд нийт угаарын хийн дуудлага 485 ирж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс 213 нь хүүхэд, 272 нь том хүн юм. “Тавантолгой түлш” компани, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас гэр хорооллын иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, пийшин зуухны аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө, үйлчилгээг тасралтгүй өгч байгаа. Сүүлийн үед дуудлагын тодорхой хувийг хуурамч дуудлага эзэлж байна. Угаарын хийнд бус өөр төрлийн хордлогын илрэлээ угаарын хийн дуудлага гэж мэдээлсээр байна. Өчигдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 54 настай эмэгтэй О, 68 настай эрэгтэй Н, 55 настай эрэгтэй Т нар угаарын хийнд хордлоо гэх дуудлага өгсөн. 54 настай эмэгтэй нас барсан. Үлдсэн хоёр хүн хүнд байдалтай эмнэлэгт байна. Эдгээр хүмүүс тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иймд ирэх долоо хоногт энэ талаарх албан мэдээллийг Цагдаагийн байгууллагаас хийнэ” хэмээв.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Агаарын чанарыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал PM2 өмнө жилээс 19 хувь, PM2.5 нь 8 хувь буурсан үзүүлэлттэй. Цаг агаар өмнө жилийн мөн үеэс 0.2 хэмээр хүйтэн байна. Салхины хурд 0,8м/секундээр багаслаа. Нийслэлийн хэмжээнд 30 нөөцийн агуулахад 72 мянган тонн, 28 хангамжийн бааз ажиллаж байна. 2020 оны 10 дугаар сарын 01-20 хооронд 50 мянган тонн түлш тээвэрлэж 35.800 тонн түлшийг борлуулалтын цэгт хүргэж иргэдэд үйлчиллээ” гэлээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан “Одоогийн байдлаар нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын орны ачаалал 81.9 хувь, хүүхдийн орны ачаалал 68 хувь байна. Энэ нь орны ачаалал хүлээгдэлгүй гэсэн үг юм. Өнгөрсөн долоо хоногт амбулаториор 78 мянган үзлэг хийгдсэн. Үүнээс томуу, томуу төст өвчлөл 3875 буюу нийт үзлэгийнхээ 4.9 хувьд байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 1.9 хувиар нэмэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар нэмэгдэж томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байна. Өвчлөгсдийн 36.8 хувь нь 0-1 насны буюу бага насны хүүхэд, 26.9 хувь нь 2-4 нас, 15.2 хувь нь 5-9 нас гэх мэтчилэн бага насны хүүхдүүд өвчилж байгаа тул эцэг эхчүүд анхааралдаа авна уу. Хүүхдийн түргэн тусламж нийт 891 дуудлага ирснээс 39.1 хувь нь томуу, томуу төсч өвчлөл байна” гэсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ