Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлгийн эрхлэгч Б.Батбаатар (зүүн гар талд)-тай уулзаж, мэс заслын гэрэл хандивлах ёслолыг зохион байгуулав
Тайваньчууд энэ оны эхээр Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын гэрэл хандивлаж, тус эмнэлгийн мэс заслын өрөөг хангалттай, зориулалтын гэрлээр гэрэлтүүлэн, тухайн орон нутгийн эмнэлгийн үйлчилгээний түвшинг ахиулахад хувь нэмрээ оруулсан. Хандивын ёслолын ажиллагаа нь 2020 оны аравдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод болов.
Булган сумын Нэгдсэн эмнэлгийн эрхлэгч Б.Батбаатар хэлэхдээ “Тайванийн хандивласан мэс заслын гэрлийг ашиглаад нэлээд хэдэн сарын хугацаа өнгөрсөн байна. Дээрх хугацаанд нийт 400 гаруй хүнд, хөнгөн хэлбэрийн мэс заслыг тус гэрлийн тусламжтайгаар амжилттай хийж гүйцэтгэсэн. Иргэдэд үзүүлэх оношлогоо эмчилгээний хүчин чадал нэмэгдсэн болохоор хөрш зэргэлдээ сумын иргэд ч ирж үйлчлүүлэх болсон тул энэхүү мэс заслын гэрэл маш чухал үр нөлөөтэй болсон. Тайваньчуудын хайр энэрэлд туйлын их талархаж байна” гэлээ.
Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Булган сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын өрөө нь зориулалтын гэрэл гэрэлтүүлэг байхгүйн улмаас эмч нар мэс заслынхаа үеэр уурхайчдын гэрэлтэй малгай өмсөж ажилладаг байсныг дурдаад “харин одоо мэргэжлийн гэрэлтэй болсон нь эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн мэргэжлийн үйлчилгээг илүү өндөр үр дүнтэй үзүүлэхэд нь дэмжлэг болж, ард иргэдийг улам аюулгүй мэс заслын үйлчилгээгээр хангаж байна” хэмээлээ.
Өнгөрсөн жил Тайвань нь эмнэлгийн 100 гаруй орыг Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэг (Баруун бүсийн бүсийн оношлогоо эмчилгээний төв), Булган сумын Нэгдсэн эмнэлэг зэрэг хэд хэдэн сумын эмнэлэгт хандивлаж, тэдгээр эмнэлгийн эмчлүүлэгч, өвчтөнүүдэд илүү тохитой орчинд эмчилгээ оношилгоо хийлгэх боломжийг олгожээ. Энэ удаагийн мэс заслын гэрэл хандивлах хандивын үйл ажиллагаа нь Монгол улсын баруун бүсийн Ховд аймагт үзүүлж буй тайваньчуудын хайр энэрлийн илэрхийлэл юм.
Холбоотой мэдээ