“Насанд хүрэгчид өөрсдөө морио унаж уралд”

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

“Насанд хүрэгчид өөрсдөө морио унаж уралд”

Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 28-нд Төв аймагт хурдан морины “Дүнжингарав” хаврын уралдааныг явуулах болсон. Энэ шийдвэрийг Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбоо эсэргүүцэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

Жил бүр болдог энэ уралдаан хүүхдийн эрхийг зөрчдөг учраас хориглох ёстой энэ байгууллага үздэг. “Энэ уралдаан бол түүхэн уламжлалаасаа гэхээсээ илүүү зугаа цэнгэлийн шинжтэй болсон. Харин энэ зугаа цэнгэлийн гол хохирогч нь хүүхэд болсон байна. Өвлийн хүйтэн жавар арилаагүй хатуу ширүүн энэ цаг үед хамгаалалтын хэрэгсэл, даатгалын асуудал бүрэн шийдэгдээгүй ийм нөхцөлд бага насны хүүхдийг хоёр цаг гаран хүйтэн агаарт давхиулна гэдэг бол хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг. Баяр наадмын хуулинд долдугаар сард болдог баярын уралдааныг зохицуулсан хэдий ч бусад үед болж байгаа уралдааны хувьд зохицуулаагүй. Шаардлагатай бол хүүхэд биш насанд хүрэгчид нь өөрсдөө уралдах хэрэгтэй. Дэлхий дээр манай улс шиг бага насны хүүхдээр морь унуулж уралдуулдаг орон өөр байхгүй. Тийм ч учраас бид үүнийг эсэргүүцэж Засгийн газарт шаардлага хүргүүлж байна” гэж Хүүхдийн төлөө үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Авирмэд сэтгүүлчдэд мэдэгдлээ.

2013 онд хурдан морины уралдааны үеэр 950 хүүхэд хөнгөн, дөрвөн хүүхэд хүнд гэмтэн, зургаан хүүхэд амиа алдаж байжээ.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж