Хятадад бэлэглэсэн 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Хятадад бэлэглэсэн 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ёслол боллоо

Хятадад бэлэглэсэн 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ёслол боллоо

Хятадын Засгийн газарт 30 мянган хонийг бүрэн хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр (2020.10.22) Дорноговь аймгийн Замын-Үүд суманд боллоо.

Өмнөд хөршид шинэ коронавирусийн халдвар ид дэгдэж байх үед буюу өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж, 30 мянган хонь "бэлэглэж" байгаагаа мэдэгдсэн юм.

Хятадын талаас 30 мянган хонийг намраас амьдаар нь авах хүсэлт тавьсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг 2020 оны наймдугаар сарын 5-ны өдөр байгуулсан бөгөөд ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн сайд З.Мэндсайхан ажилласан.

Хятадын Засгийн газарт хандиваар хүлээлгэн өгөх 30 мянган хонийг Дорноговь аймгийн Сайншанд хотод төвлөрүүлэн, хорио цээрийн дэглэмийг сахисан юм.  Хонь нэг бүрийг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, бүх шатанд хяналт тавьж баталгаажуулан дэлгэрэнгүй бүртгэл үйлдэж хүлээлгэн өгсөн байна.

Уг арга хэмжээний үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Монгол Улсаас өгч буй хандив БНХАУ-ын ард түмэн цаг үеийн хүндрэлийг даван туулахад бодитой дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Энэ ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад дэмжиж тусалсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, иргэд, малчид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монголын ард түмний сэтгэлийн хандив 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг амжилттай зохион байгууллаа.Хоёр орны ард түмнүүдийн найрсаг харилцаа батжин хөгжих болтугай” гэв.

Энэхүү арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, УИХ дахь Монгол-Хятадын найрамдлын бүлгийн гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй болон орон нутаг, малчдын төлөөлөл оролцлоо. БНХАУ-д хүлээлгэн өгсөн 30 мянган толгой хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдаас худалдан авч бүрдүүлжээ.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж