10 мянган дууг кодолж, оюуны өмчийг баталгаажуулна

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

10 мянган дууг кодолж, оюуны өмчийг баталгаажуулна

Монгол Улс дуу, хөгжим, зохиолч, нийтлэлчдийн эрх ашиг, оюуны өмчийг хамгаалахад нэг шат ахижээ. Учир нь, олон улсын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн холбоо буюу “CISAC”-д гишүүнээр элссэн байна. Улмаар Япон, Өмнөд Солонгос, Австрали, Англи тэргүүтэй 10 гаруй оронтой энэ чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд нэн тэргүүнд 10 мянган дууг кодолж, оюуны өмч болон зохиогчийн эрхийг баталгаажуулахаар болсон байна.

CISAC гэх байгууллага нь 120 орны 230 гаруй гишүүн нийгэмлэгтэй бөгөөд гурван сая гаруй дуу, шүлэг, дуурь, уран зохиол, дүрслэх урлагийн бүтээлчдийг төлөөлдөг. Цаашлаад зохиогчийн эрхийг хамгаалж ажилладаг юм. Энэ удаад Монгол Улстай хамтарч ажиллахаар болжээ. Нэн тэргүүнд Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, дуучдын 10 мянган дууг кодлуулж, олон улсад бүртгэлжүүлэхээр ажиллаж байгаа юм. Цаашдаа 60 мянган дууг бүртгэлжүүлэх төлөвлөгөө гаргажээ.

Ингэхийн тулд нэн тэргүүнд уран бүтээлчид өөрсдөө Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэгтэй гэрээ байгуулах хэрэгтэй. Улмаар өөрийн дуугаа коджуулах учиртай. кодлох уран бүтээлд шаардлага шалгуур тавихгүй. Дууны чанарын асуудлыг ч хөндөхгүй. Гагцхүү тухайн уран бүтээлч Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэгтэй гэрээ байгуулсан л бол шинэ дуу, хөгжмийг нь коджуулах юм байна.

Мөн 1992 оноос өмнөх Алтан үеийн хэмээн нэрлэгддэг уран бүтээл тодорхой эзэнгүй, хүссэн хүн бүр зохиогчийн эрхгүйгээр дуулдаг. Чухам энэ асуудлаас эхлэн шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзжээ. Тиймээс эдгээр Алтан үеийн уран бүтээлүүдийг Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэгт бүртгэлжүүлж, эзэнтэй болгосон байна.

Монголд зохиогчийн эрх, оюуны өмчийг хангаж ажиллахад нийтлэг хэдэн асуудал тулгардаг хэмээн Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар хэлсэн юм. Тухайлбал, зохиогчийн эрх гэж юуг хэлэх вэ гэдэг дээр нэгдсэн ойлголт байхгүй, хоёрдугаарт, дуу, хөгжмийг хэн хамаагүй аваад дуулдаг, түүнийг телевизороор зөвшөөрөлгүй нэвтрүүлсээр ирсэн буруу жишиг, ойлголтыг залруулах гэсэн хүндрэлүүд гардаг байна.

Ямартай ч эхний ээлжид олон улсын байгууллагын гишүүн болсноор уран бүтээлийг коджуулах ажлаас эхлэн цэгцэнд нь оруулна хэмээн тэд үзэж байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж