Бэлчээр хамгаалах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг Г.Тэмүүлэн гишүүн ахална

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Бэлчээр хамгаалах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг Г.Тэмүүлэн гишүүн ахална

Өчигдөр УИХ-ын байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Бэлчээр хамгаалах асуудлаар Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх”үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.

Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, харин гишүүдээр нь Т.Аубакир, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Н.Ганибал, Ц.Туваан, Ц.Цэрэнпунцаг, Г.Мөнхцэцэг нарын гишүүд ажиллах юм.

Энэхүү Зөвлөлдөх санал асуулгыг баг, сум, аймаг бүрд мэдээлэл хүргэн, хэлэлцүүлэг зохин байгуулж саналууд авах, дараа нь Үндэсний статистикийн хороотой хамтран иргэдийн оролцоог хангасан Зөвлөлдөх санал асуулга явуулж, эцэст нь түүврийн аргаар аймаг, сум бүрийн төлөөллийг Улаанбаатар хотноо цуглуулан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байгаа аж.

БОХХААБХ-ны хуралдаан (2020.10.20)дээр Бүх нийтийн оролцоог хангаж, талуудын оролцоог эрх тэгш зохион байгуулсны үндсэн дээр иргэдийн саналд үндэслэн бэлчээрийн асуудлаар тодорхой шийдэлд хүрэх шаардлага бий гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн тэмдэглэв.

Төр, засгаас яаралтай бодлого чиглэл гаргаж, эрх зүйн зохицуулалт хийхийг шаардаж буй асуудал бол яах аргагүй бэлчээрийн асуудал билээ. Бэлчээрийн даац 2-3 хувиар хэтэрсэн гэдэг судалгааг Ус цаг уур, байгаль орчны хүрээлэнгээс гаргасан.  Малын тоо өсөх нь сайн мэдээ хэдий ч үүний дагаад бэлчээрийн чанар муудаж, ашиглах боломжгүй болтлоо доройтож байна. Ингэснээр малын чанарт шууд сөрөг нөлөө үзүүлж, мал аж ахуйн салбарын хүндрэл жилээс жилд нэмэгдсээр байна.

Тиймээс яаралтай "Бэлчээрийн тухай хууль"-ийг, хэлэлцэн батлах, ингэхдээ малчдын санаа бодлыг тусгах нь хамгийн чухал хэмээн УИХ үзэж байгаа юм.

УИХ-ын гишүүн болсон цагаасаа “Бэлчээрийн бие даасан хуультай болох шаардлагатай” хэмээн ярьж, хөөцөлдөж яваа хүн бол УИХ-ын гишүүн  Г.Тэмүүлэн. Тэрээр хөдөө аж ахуй салбарт өнөөг хүртэл барьж ирсэн бодлогыг өөрчлөж, шинэлэг бодлого, шийдлийг тодорхойлж гаргах зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Тиймээс энэ салбарын хууль, бодлогод гол анхаарлаа хандуулан ажилладаг.

2017 оноос Г.Тэмүүлэн гишүүн “Бэлчээрийг зүй зохистойгоор эдэлбэр газарт ашиглах тухай” гэсэн хуулийн төслийг санаачлан боловсруулан ажиллаж байна.

2020 оны хоёрдугаар сард болсон “Монгол орны бэлчээрийн үндэсний форум” дээр Г.Тэмүүлэн гишүүн өөрийн боловсруулж буй хуулийн төслийнхөө талаарх дараах тайлбарыг хэлсэн байдаг.

 “Миний боловсруулсан хуулийн төсөл дээр өнөөгийн нөхцөлд ямар нэгэн татвар байх шаардлага байхгүй. Учир нь нэгд, үндсэн шалтгаан нь мал аж ахуйн салбар маань өнөөдөр хөл дээрээ босоогүй байна. Дээрээс нь өнгөрсөн онд хийсэн форумаас гаргасан хуулийн төсөл дээр Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ жил идэвхийлэн анхаарч, Бэлчээр хамгаалах хуулийн төслийн  Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Засгийн газрын зүгээс арай өөр байр суурьтай буюу татварын асуудлыг ярьж байгаа. Тиймээс энэ хоёр хуулийн төслийг УИХ-д оруулаад нэгтгээд, аймаг орон нутгаас, иргэдээс саналыг нь аваад тухайн баг суманд хэрэгжүүлж болох хуулийн төслийг батлах нь хамгийн чухал юм” гэсэн байр суурийг хэлсэн.

 АЛЬ Ч АЙМАГ, СУМ БАГТ ЯВААД ОЧСОН БЭЛЧЭЭРИЙН МАРГААНГҮЙ ГАЗАР НУТАГ ГЭДЭГ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ БОЛСОН БАЙНА.

Түүнчлэн тус форумыг нээж хэлсэн үгэндээ, “Цаашид малынхаа ашиг шимийг дээшлүүлэх, тухайн малаас авах нэгж бүтээгдэхүүний чанар, гарцыг нэмэгдүүлье гэвэл бэлчээр нутагтаа зүй зохистой хандах хэрэгтэй юм. Тиймээс бэлчээрт хандах хандлагыг өөрчлөхөд тодорхой хуулийн хүрээнд зохицуулах шаардлага байна. Нөгөө талаасаа байгаль экологийнхоо талаас авч үзвэл Монгол улсын нийт бэлчээр нутгийн 57 орчим хувь нь өнөөдөр бэлчээрийн доройтолд өртсөн байна. Аль ч аймаг, сум багт яваад очсон бэлчээрийн маргаангүй газар нутаг гэдэг ойлголт байхгүй болсон байна. Тэгэхээр цаашид бэлчээрийн асуудлыг зүй зохистой шийдвэрлэх, малчдын дунд үүсэж болох тухайн маргааныг хуулийн хэлбэрт оруулах нь ирээдүйн хөгжлийн гарц гэж үзэж байна” хэмээн онцолсон.


Мал аж ахуй, малчдын асуудал тэр дундаа бэлчээрийн даац, хамгааллын асуудлаар хамгийн ихээр байр суурь илэрхийлж, ажилладаг гишүүнийг хувьд “Бэлчээр хамгаалах асуудлаар Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг ийнхүү Г.Тэмүүлэн гишүүнээр ахлуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж