Кесон аж үйлдвэрийн цогцолборыг хааснаас Өмнөд Солонгост сурагчдын дүрэмт хувцасны хомсдол үүссэн байна. Хоёр Солонгосын хамтарсан Кесон аж үйлдвэрийн цогцолборт сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэдэг байсан аж.
Хоёр Солонгосын хамтарсан аж үйлдвэрийн цогцолборыг энэ хоёрдугаар сарын эхээр хаасан юм. Пхеньяны талаас Кесон дахь Өмнөд Солонгосын компаниудын бүх хөрөнгийг царцаасан тул сурагчдын бэлэн болсон дүрэмт хувцас болон материалууд тэнд үлджээ. Өмнөд Солонгосын нэг компани гэхэд л 80 мянга гаруй дүрэмт хувцсыг Кесоны үйлдвэрт орхисон аж. Кесонд Өмнөд Солонгосын 250 орчим компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байжээ.
Үүний зэрэгцээ ирэх долоо хоногт /III.2/ дунд сургуулийн хичээл эхлэх тул Өмнөд Солонгос дахь дүрэмт хувцас үйлдвэрлэгч компаниуд илүү цагаар ажиллахад хүрсэн байна. Өмнөд Солонгосын боловсролын яамнаас дүрэмт хувцсыг хангалттай хэмжээнд үйлдвэрлэх хүртэл сурагчдыг энгийн хувцас өмсөхийг зөвшөөрөхийг сургуулиудад сануулжээ.
Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн туршилт хийж, дараа нь энэ сарын эхээр хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөснөөр Сөүлтэй харилцаа муудсан юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС