С.Амарсайхан: Гадны банк гэхээр мангас харсан юм шиг байж болохгүй

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

LiveС.Амарсайхан: Гадны банк гэхээр мангас харсан юм шиг байж болохгүй

 

 

18 : 27
2020-10-22

С.Амарсайхан: Гадны банк гэхээр мангас харсан юм шиг байж болохгүй

УИХ-ын чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжлээ. 

    Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Монгол Улсын банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалах зорилгоор банкны хяналт, шалгалтыг сайжруулж, олон улсын стандарт, зарчмыг үе шаттай нэвтрүүлэх чиглэлээр банкны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох шинэчлэлийн цогц бодлогыг төрөөс баримталж байгаа юм.

2020 оны есдүгээр сарын 30-ны байдлаар банкны салбарын нийт 35.2 их наяд төгрөгийн активын 90 орчим хувийг олон нийтийн хөрөнгө бүрдүүлж байгаа бол 10 орчим хувийг банкны хувьцаа эзэмшигчид хамаарах өөрийн хөрөнгө бүрдүүлж байгааг тэрбээр төслийн танилцуулгынхаа үеэр дурдав. Гэтэл энэ 10 орчим хувь нь олон нийтийн хяналтаас харьцангуй ангид байдлаар банкны удирдлагыг дангаар хэрэгжүүлдэг, Монгол Улсын банкны салбарын сул, эмзэг тал болж байгааг онол практикын олон тооны судалгаа харуулдаг байна. Уг байдал нь банкны хувьцаа эзэмшлийг хэт төвлөрсөн байдлаар даамжирч, цаашлаад банкны төлбөрийн чадварт нөлөөлөн, төрөөс их хэмжээний зардлаар шийдэхүйц хямралд ч хүрэх эрсдэлтэй тул Улсын Их Хурлаас онцгой анхаарч, холбогдох бодлогын баримт бичгүүдийг гаргасан. Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкны шийдвэрийг цөөн тооны этгээдээс хамааралгүй болгох, мэдээлэл нээлттэй байж зах зээлийн дохиоллын зарчмыг нэвтрүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

    Банкны тухай хуульд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүнд тавигдах шалгуурыг тодорхойлж аливаа этгээд хоёр банкинд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон зохицуулалтыг тусгасан боловч банкны хувьцаа эзэмшигчийн эзэмшиж болох хувьцааны хэмжээ болон банк үүсгэн байгуулах хэлбэрт шаардлага тогтоогоогүй байна. Банкны тухай хуульд банк нь зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байх тухай, аливаа этгээд банкны саналын эрхтэй хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглох тухай, банкны жижиг хувьцаа эзэмшигч, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн эрхийг нэхэмжлэлийн дараалалд өөрчлөлт оруулж хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар банкинд өмчлөл, удирдлагын хэт төвлөрсөн байдал арилж, банкны үйл ажиллагаа нээлттэй, ил тод болж, зах зээлийн оролцогчдод мэдээлэл тэгш хүртээмжтэй болж хөрөнгийн зах зээлийн хөгжилд дэмжлэг болохоос гадна зах зээлээс банкыг үнэлэх хөшүүрэг болно гэж үзсэн гэлээ.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

Өөрийн хөрөнгийн зохистой шалгуурыг хангаагүй хэчнээн банк байна вэ? Өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал шийдвэр яагаад хэрэгжээгүй юм бэ. Энэ хууль гарснаар банкны салбартаа хэзээ үр дүн өгнө гэж үзэж байна вэ. Өнөөдрийн зах зээл дэх санхүүгийн эх үүсвэрүүд ямар хэмжээгээр нэмэгдэх үү. Энэ нь банкны хүү бууралтад хэрхэн нөлөөлөх юм. Хөсөр хаягдсан хөрөнгийн бирж ямар үүрэг гүйцэтгэх юм бэ? Банкуудыг ХК болгоход энэ бирж ямар үүрэг гүйцэтгэх вэ? Мөн гаднын банкуудыг оруулж ирэхэд юунаас нь айгаад байдаг юм. Бид өөрсдийн хууль дүрэмтэй, төртэй, тусгаар тогтносон улс. Өөрсдийн хөрөнгөө гадагшаа гаргах гээд байгаа юм биш. Гадны банкуудыг оруулж ирээд бид хяналт, шалгалтаа тавьдаг, эзэн шиг байж чадвал өгөөжийг нь хүртэнэ. Гадны банк гэхээр мангас харсан юм шиг ойлголт бүх шатанд бий болчихлоо. Гадны банкуудыг оруулж ирж ард иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлж, чөлөөт өрсөлдөөнийг бий болгоно. Өнөөдрийн байдлаар хэчнээн банк ХК болох боломжтой вэ.

Монголбанкны Бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын дарга н.Ариунбат:

12 банк үйл ажиллагаа явуулж байгаагаас өөрийн хөрөнгийн зохистой шалгуурыг хангаагүй хоёр жижиг банк бий. Хэдийгээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн яаж нэмэгдүүлсэн бэ гэдэг эх үүсвэрээ нотолж чадаагүй учраас Монголбанкнаас хянагч томилсон. Энэ хоёр банк тогтворжуулалтын төлөвлөгөөгөө ирүүлсэн.

СЗХ-ны Үнэт цаасны  газрын дарга С.Цэрэндаш:

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.6 их наяд төгрөг байна. Өдрийн дундаж арилжаа 219 сая төгрөгийн дүнтэй. Өндөр хувьцаа болон арилжааны дүн цөөн хэдэн компанид төвлөрсөн. Банкууд нээлттэй компани болсноор хөрөнгийн зах зээлд эерэг нөлөөллүүдийг бий болгоно. Мөн хөрөнгө оруулагчдыг татна. Банкны өөрийн хөрөнгө 3.7 их наяд төгрөгийн дүнтэй байгаа. Нээллтэй ХК болсноор хөрөнгийн зах зээлд хоёр дахин их үнэлэгдэж , 7.4 их наяд төгрөгөөр хөрөнгийн зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлнэ.

Ийнхүү гишүүд үг хэлж дууссанаар өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа.

16 : 24
2020-10-22

Банкны нэг хувьцаа эзэмшигчийн хувь эзэмших дээд хэмжээг 20 хувиар тогтооно

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Монгол Улсын банкны салбар, санхүүгийн салбарын 95 хувийг тус бүр банкны салбар эзэлж байгаа бөгөөд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс үзүүлж байгаа үйлчилгээний ихэнх хэсгийг банк, үйлчилгээ авч байгаа этгээдийн дийлэнх хэсгийг банкны харилцагч нар бүрдүүлж байгаа аж. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйлчилгээ авч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор дээрх хуулийг 1995 онд баталсан ба хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд уг харилцаанд холбогдох бусад хууль тогтоомж шинэчлэгдсэн гэдгийг танилцуулгад дурдлаа. 

Мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийн агуулга, түүнд тавих доод шаардлагыг зохицуулагч байгууллагаас баталж,  баталсан  ерөнхий нөхцөлд нийцүүлэн банк, эрх бүхий хуулийн этгээдээс өөрийн үзүүлж байгаа мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд баримтлах ерөнхий нөхцөлийг батлах талаар төсөлд тусгажээ. Мөн Банкны тухай хуульд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүнд тавигдах шалгуурыг тодорхойлж аливаа этгээд хоёр банкинд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон зохицуулалтыг тусгасан боловч банкны хувьцаа эзэмшигчийн эзэмшиж болох хувьцааны хэмжээ болон банк үүсгэн байгуулах хэлбэрт шаардлага тогтоогоогүй байна. Банкны тухай хуульд банк нь зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байх тухай, аливаа этгээд банкны саналын эрхтэй хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглох тухай, банкны жижиг хувьцаа эзэмшигч, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн эрхийг нэхэмжлэлийн дараалалд өөрчлөлт оруулж хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. 

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Зээлийн хүү хэт өндөр байгаа учраас гаднын банкуудыг оруулж ирэх асуудал яригдаад удаж байна. Ер нь гадны банкыг оруулах боломжтой юу?

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Зээлийн хүү өндөр байгаа нь ханш болон инфляц тогтворгүй байгаатай холбоотой. Төгрөг ам.долларын эсрэг 4.4 хувиар суларсан. Жилийн сулралт ойролцоогоор 6 орчим, эдийн засгийн уналтын үед 12 хүртэл хувиар унаж байсан үзүүлэлттэй байсан. Энэ жилийн хувьд харьцангүй тогтвортой байгаа. Төв банкны бодлого гаднын хөрөнгө оруулалттай банкуудыг оруулахад татгалзах зүйлгүй. Ялангуяа төрийн өмчит бус гаднын банкуудыг орж ирэхэд татгалзахгүй.

Гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад хуулийн төслийг хэлэлцэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

14 : 29
2020-10-22

Л.Энх-Амгалан: Зэс, нүүрсний үнээс хэтэрдэггүй өрөвдөлтэй эдийн засагтай

Пүрэв гаригийн үдээс хойших чуулган эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Гишүүдийн олонх нь Малын тоо толгойн албан татвар авахыг дэмжиж байгаагаа хэлж буй.

Ингээд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 57.4 хувиар дэмжлээ.

Үргэлжүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Төсвийн төсөөллийн тухай хуулиа баталчихаад дараа нь төсвөө оруулж ирэхдээ тоог нь өөрчлөөд оруулаад ирдэг муу зантай. ДНБ-ний өсөлт ирэх жилүүдэд хүндхэн байна байх. ДНБ-ний өсөлтийг цөөхөн хүрээнд авч үзээд удлаа. Уг нь хэд хэдэн хувилбартайгаар төсвийн төсөөллийг боловсруулдаг баймаар байна. Эдийн засгаа өсгөх томоохон бодлого явуулахгүйгээр зүгээр нэг зэс, нүүрсний үнэ ярьдгаа болъё. Өрөвдөлтэй эдийн засаг ярьдаг. Нэг тоог нөгөөгөөр нь сольдог. Тавантолгой Гашуунгсухайтын төмөр зам ирэх онд ашиглалтад орчихвол нүүрсний экспорт одоогийнхоо гурав дахин өснө гэж харж байна.1 тонн нүүрсийг одоо 34 ам.доллараар тээвэрлэж байгааг 8 ам.доллараар тээвэрлэдэг болно.Ингэснээр төсвийн орлого нэмэгдэнэ. Ирэх жилүүдэд мөн Оюутолгойн гүнийн уурхай үр дүнгээ өгөөд эхэлнэ. Том төслүүдийн эдийн засагт үзүүлэх өгөөжийг нь хэрхэн тооцоолж байна вэ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

42 сая тонн нүүрс гаргана гээд төлөвлөчихсөн. Гэтэл түүхэндээ 36 сая тонноос хэтэрч байгаагүй. Экспортын бүтээгдэхүүний үнийг арай л өндрөөр авсан юм биш үү. Бодит зах зээлдээ хүрч чадах уу. Өнөөдөр НДЕГ, Татварын ерөнхий газар нэг ажлыг хоёулаа хийж, ААН-үүдийг дарамталж хааж, боодог.Энэ мэт төрийн давхардсан албадын давхардлыг арилгах тал дээр хэрхэн ажиллах вэ. Төсвийн гадуурх хөрөнгө оруулалтууд мөн зээл, тусламж төсөвт ордоггүй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Бүгдийг төр хийж хүчрэхгүй. Төсвөөс бүх бүтээн байгуулалтыг хийх гэж оролдох нь буруу хандлага. Өдөрт 1500 машин гарснаар 42 сая тонн нүүрс гаргах боломжтой.

 

11 : 20
2020-10-22

Д.Тогтохсүрэн: Малын тоо толгойн татвараар малчдын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ

Д.Тогтохсүрэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслүүдийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар хуралдаанд танилцууллаа.

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, October 21, 2020

Тухайлбал, Малын тоо толгойн албан татварыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, малчдын саналд үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зарцуулахаар тусгасан юм. Малын тоо толгойн албан татварын дээд хэмжээг 2000 төгрөг байхаар тогтоожээ.

Монгол Улсад 2019 оны эцсээр 70.9 сая толгой мал тоологдсон бөгөөд 2000 мянган төгрөгөөр тооцвол 142 тэрбум, 1000 төгрөгөөр тооцвол 71 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Мөн мал аж ахуйн болон тариалангийн бүс нутгуудийг зааглаж татварын хэмжээг өөрчлөх боломж байгаа гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн бүс нутагт 2000 төгрөг хүртэл, Сэлэнгэ, Дархан зэрэг тариалангийн бүс нутагт 5000 төгрөг хүртэл байхаар зохицуулжээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Малын тоо толгойн албан татварын тухай хууль маш чухал. Сүүлийн үед мал аж ахуйн салбарт хүндрэл бий болсон. Бид бэлчээрээ яаж дордох уу гэхээсээ илүүтэй малынхаа тоо толгойг яаж өсгөх үү гээд уралддаг болсон. Үүнээс болж мал аж ахуйн салбарт олон хүндрэл дагуулсан. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталснаар хэд хэдэн ач холбогдолтой гэж харж байгаа. Нэгдүгээрт, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, малдчын санаачилгыг бий болгоно. Одоо бол орон нутагт татварын араас хөөцөлдөх гэхээс илүүтэй яаж  ахиу төсөв авах уу гэсэн чиглэл рүү орчихсон. Тиймээс энэ байдал өөрчлөгдөх сайн талтай. Хоёрдугаарт мал аж ахуйн салбарт үүссэн хүндрэл бэрхшээлийг энэ хуулиар даван туулах боломж бүрдэнэ. Мөн орон нутагт ажлын байр бий болгоход энэ хууль чухал ач холбогдолтой. Хуулийн төсөл гарснаар татварын орлого Орон нутгийнхаа хөгжлийн санд орж байгаа нь маш зөв. Зөвхөн мал аж ахуйн салбарт нь сангийн мөнгийг зориулах үүднээс  Орон нутгийнхаа хөгжлийн сангийн журамд нь тусгайлан оруулж өгөх хэрэгтэй. Ингэснээр зориулалт нь илүү тодорхой болно.

УИХын гишүүн Ц.Даваасүрэн:

Хөдөө аж ахуйд жижиг дунд үйлдвэрийг боловсруулах нь илүү давуу талтай байна. Бидний гаргасан алдаа бол үүнийг орхиод хавтгайдаа жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх гэсэн ч өнөөдөр үр дүнгүй байгаа асуудал юм. Мал аж ахуй дээр энэ байж болно. Эцэг, эхийг нь байнгын ажлын байр, тогтмол орлоготой байлгахад л анхаарах хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэрийг бид барьж өгвөл Улаанбаатарт байгаа иргэд тийшээ яваад өгнө. Адаглаад хонины арьсыг сайхан боловсруулаад суудлын бүрээс хийхэд доод тал нь 140.000 төгрөг болно. Хониноосоо үнэтэй байна. Ингэж байж хөдөө аж ахуйг өөд нь татах боломжтой.

2.6 сая иргэн 2.4 их наяад төгрөгийн халамж авч байна. Бид ядуурлаас гаргаж чадахгүй амьтай голтой байлгаад байна. Хэрвээ ажлын байртай болгочихвол захаасаа аваад ядуурлаас гараад явна. Хөдөө аж ахуй дээр эдийн засаг, санхүүгийн боломжийг олгох талаар эхний алхам хийж байгаа нь зөв юм. Тэнд үйлдвэрлэл эрхлэх боломж нь илүү байгаа юм. Манай эдийн засаг уул уурхайгаас хамаарч байна. Эдийн засгийн орлогын 60-70 хувь нь зөвхөн нүүрс байна. Энэ тал дээр ээ  их эмзэг байна. Нүүрс сайн гарч байгаа учраас л эдийн засаг гайгүй байгаа юм.

УИХын гишүүн Л.Мөнхбаатар

Малчид малын хөлийн татвартай болох ёстой гэж ярьдаг. малын тоо толгойг чухалчилснаас болж бэлчээр талхалагддаг. Малчид бэлчээрээ булаацалдсанаас болж биенийхээ аминд хүрсэн хэрэг ч гарсан. Малчид татвартай болох нь зүйтэй гэдэг асуудлаа өөрсдөө хэрэгтэй гэж үзэж байгаа учраас бодлогын хувьд хуулиа гаргаад явах нь зүйтэй гэж үзэж байна. 

Орон нутгийн төсвийг бэхжүүлэх чиг үүрэг байхаас гадна үүний цаана малын ашиг шим, чанар үүлдэр угсааг сайжруулах бодлого явж байгаа. татвар авсанаар усан хангамж, бэлчээр ашиглалт, цөлжилтийн асуудлаа орон нутаг өөрсдөө шийдэх сайн тал бий. Гэхдээ энэ төслөөр нэг малын тоо толгойд тухайн татварын жилд 0-2000 байна гэж заасан. Үүнийг ИТХ тогтооно гэсэн байна. Үүнд тодорхой шалгуур нөхцөл байх ёстой. Учир нь ямар нөхцөлд 0 төгрөг байх, ямар нөхцөлд 2000 төгрөг байх юм бэ гэдгийг тодорхойлохгүй бол зэргэлдээ 2 сум байхад нэг нь 200 нөгөө нь 2000 төгрөгөөр тогтоочихвол 200 метрийн зайд байгаа 2 малчин 2 өөр татвар төлөх нь. Тиймээс энийг анхаараарай.  Татварын орлого төсвийг бүрдүүлэх чиглэлд орлогоо бодоод өндөр татвар тогтоох эрсдэлтэйг анхаараарай. Авсан татварын орлогыг хэрхэн зарцуулах хүрээ хязгаарыг зааж өгөх нь зүйтэй. Малын үүлдэр угсаа, хашаа саравч янзлахад зарцуулах уу өөр зардалд оруулах уу гэдгийг тодорхой болгоорой.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

 Нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд нэлээд өндөр хувиар бууруулах төсөл оруулж ирж байгаа юм байна. Үүнээс хэдэн төгрөгийн зөрүү гарах вэ? Сан дээр хүндрэл үүсэх үү. Малын хөлийн татварыг авах нь зөв. Малын тоо толгой маш их ихэссэн. Үүнтэй холбоотойгоор бэлчээр цөлжсөн, зуншлага муудсан. Одоо маш их отор нүүдэл явж байна. Малын толгой дээр татвартай болгож түүнийг нь орон нутгийн санд нь үлдээж байгаа нь зөв гэж дэмжиж байна.  Бэлчээрийн тухай хууль дээр зөвлөлдөх санал асуулгыг 11 сард зохион байгуулаад түүний дараа хууль руугаа оръё гэж байгааг дэмжиж байна. Малын хөлийн татварыг тэр үед  нь уялдуулж гаргах байх. Энэ татвар нь бүсчилсэн байдлаар, малын төрлөөс хамаарсан байдлаас гээд олон хувилбартай явах байх гэж бодож байна.Хөдөө орон нутгийн малчдын малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг яах вэ гэдэг тал дээр санаа зовж байна. Энэ хөрөнгөний тодорхой хувийг түүхий эдийн анх шатны суман дээр байгуулах агент, хөдөө аж ахуйн биржийн салбар байгуулах тал дээр оруулж өгвөл ач холбогдолтой болох байх. 

Удахгүй улсын аварга, улсын сайн малчдын шалгаруулалт дээр оны эцсээс эхлэн материалаа авч эхэлнэ. Үүн дээр малын тоо толгой гэхээсээ малын чанарыг оруулдаг шалгаруулалтыг оруулаад явбал зүгээр байх. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Мал аж ахуйн татвар орж ирснээр тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж байгаа явдал биш юм. Уг татварын тухай хууль орж ирхээс өмнө мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг ямар үнэтэй болгох, малчдын орлогыг яаж дэмжих, малчдын удмын санг яаж дэмжих, эрүүл мэндийг нь яаж хамгаалах гээд цогц мал аж ахуйн талаар баримтлах бодлогоо Засгийн газар оруулж ирэх шаардлагатай байна гэж би өмнө нь ярьж байсан. Малчдын 18 хувь нь нийгмийн даатгал шимтгэл төлж байдаг. Тийм учраас өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх эрхийг нээж өгөх ёстой гэсэн саналтай байна. 

Малчид тогтмол орлого олдоггүй учраас татвараа жилд хоёр удаа төлөх юм байна. Татварын байцаагчтай хувиараа графикаар тогтчихвол сар, улиралаар төлөх эрхийг нь нээж өгөх нь зүйтэй юм. Мал аж ахуйн татварыг сумдаа төлөх эрхийг нь нээж өгч байгаа. Үүнээс хамаараад ирэх жилийн төсөв батлахдаа орон нутгуудад өгдөг санхүүжилтийн хэмжээг хасаад ороод ирэх вий гэсэн болгоомжлол байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Төрийн бодлого хэрэгжүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй байна. Малыг малчдын өөрийнх нь өмч гээд хаяснаас өөрийнхөө өмчийг захиран зарцуулалт дээр өөрсдөө мэднэ гэж хаяснаас мал сүрэг замбараагүй өссөн, бэлчээрийн даац хэтэрсэн, малын гоц халдварт өвчнүүд гардаг болсон гэх мэтийн тулгамдсан асуудлууд үүссэн нь эргээд төрдөө том ачаа дарамт болж байна. Үүнийг шийдэхийн тулд төсвийн төлөвлөлт тал дээр бодлогыг төлөвлөх ёстой.

Одоо оруулж ирж байгаа малын хөлийн татвар авна гэж байгааг малчид дэмжиж байгаа зөв. Гэхдээ малын хөлийн татварыг аваад тухайн сум орон нутагтаа өөрсдөө хуримтлуулаад тэндээ өөрсдөө зарцуул гэж байгаа нь зөв, дэмжиж байна. Гэхдээ үүнд төрийн бодлого чиглүүлэг байхгүй бол эргээд үр дүнгээ өгөхгүй юм. Төрийн бодлогоо тодорхойлоод үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж, яаж үр дүнг өгөх тал дээр төсвөөрөө дамжуулж бодитой хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

УИХын гишүүн Ц.МөнхОргил:

Малын тоо толгойн татварыг гишүүд дэмжиж байгаа нь харагдлаа. Орон нутгийн  санд нь төвлөрүүлээд зориулалтыг нь оновчтой болгох нь зөв. Ядаж өөрсдөө машин авдаггүй л баймаар байна. Байшин саваа засаад, машинаа сольчихдог. Татварын мөнгө цэвэр малчдад зориулагдана гэж заахад л болно шүү дээ. 2021 оны төсвийг дагалдаж орж ирсэн хуулиудад эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн реформ хийгдэж байгаа. Энэ асуудлыг аль 2000 оноос хойш ярьж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сан 50 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Шинэ тогтолцоонд орсноор үлдэгдэл байтугай том ангархайг гарна  гэж харж байгаа. Гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр алдагдал гарна.Үүнийг тооцсон уу. Боловсролын зээлийн санд хэдэн төгрөг төсөвт суулгасан бэ. 2019 оны хэрэгжилт нь ямар байгаа вэ. Тойргийн эцэг эхчүүд утасдаж их асууж байна. Өгөхгүй бол өгөхгүйгээ хэлчих хэрэгтэй. Мөнгийг нь өгөхгүй хоёрын хооронд гацаачих юм. Хоршоодыг хөгжүүлэх чиглэлд ирэх оны төсөвт хэрхэн анхаарсан бэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлт хэрхэн явагдах уу гэдэг нь Эрүүл мэндийн даатгалын санг цаашид яаж авч явах вэ гэдгээс шууд хамаарна. Ирэх жилээс эхлээд алдагдал үүсээд эхэлбэл энэ салбарын реформ унана. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сан дандаа үлдэгдэлтэй явж эхэлсэн.Өмнө нь Нийгмийн даатгалын сантайгаа хамт үлдэгдэл маягаар зарцуулагдаж байсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг  2-3 хүн мэддэг байхад энэ салбарын хөгжлийн талаар ярих ч боломжгүй байсан. Харин шинэчлэлт хийснээр энэ мөнгөө алдагдал үүсгэхгүйгээр бүрэн хэмжээнд нь ашиглана гэж үзэж байгаа. Олон хүн ЭМД-ын ач холбогдлыг ойлгоно. Төлсөн ЭМД-ын мөнгө нь эргээд өөрсдөд нь зориулагдаад эхлэхээр хандлага өөрчлөгдөнө.

Боловсролын сангийн зээлийг хамгийн үр ашигтай болгох ёстой. Гадны сургуульд сурах нэг оюутан гэхэд ихээхэн хэмжээний мөнгө авдаг. Тиймээс Засгийн газар топ 10 сургуулийн оюутнуудад боловсролын сангийн зээлийг олгоно.

10 : 24
2020-10-22

Н.Алтанхуяг: Сөрөг хүчний гишүүдийг хөөж гаргах хууль батлах нь

Алтанхуяг УИХ-ын анхдугаар чуулган (68)

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уг хуулийн төслийг Байнгын хороонд буцааж анхны хэлэлцүүлэг явуулах шаардлагатай гэж санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн юм. Тиймээс дараагийн хэлэлцэх асуудалдаа орлоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын долоон гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай танилцах боломжийг гишүүдэд олгох үүднээс чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 9.00 цагаас эхлүүлж 10 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн хууль санаачлагч дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж, уг захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглабар баталж, мөрдөхөөр тусгажээ.

Түүнчлэн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасахаар тусгасан байна. Хэрэв хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж байна.

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, October 21, 2020

УИХ-ын гишүүн Г.Мөнхбаатар: 

Хуулийн төсөлд мэтгэлцээн гэдэг ойлголтыг оруулж ирсэн нь сайшаалтай. Гэхдээ тодорхой болгох хэд хэдэн асуулт байна. Асуулт асууж, хариулт, хариулж байгааг мэтгэлцээн гэж ойлгохгүй нь тодорхой. Маш тодорхой оруулах хэрэгтэй. Ямар журам, дэгээр мэтгэлцээнийг явуулах вэ.  Хуулийн төслөөр мэтгэлцээн явуулна гэсэн байна, бодлогын шинжтэй асуудлуудаар ч явуулдаг болгох гэж оруулах шаардлагатай. Хоёрдугаарт, УИХ-ын дэг зөрчсөн гишүүнд хариуцлагын асуудал нэлээд хатуу биш үү. Хуралдааны дэг зөрчсөн гишүүнийг гурван удаагийн хуралдаанд оруулахгүй байх гэсэн нь хатуудана. Тойргийн иргэдээ төлөөлж байгаа гишүүд шүү дээ. Өмнөх шигээ нэг удаагийн чуулганд оруулахгүй байх гэсэн зохицуулалтаараа явсан нь зөв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Оруулж ирсэн асуудлынхаа хүрээнд сайд нь хариулт өгдөг байх дэгтэй болно. Хуучин бол яамны аль нэг газрын дарга нь гишүүдийн асуултад хариулт өгдөг байсан. Хувь хүний нууц, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд хуралдааныг хаалттай явуулна. Өмнө нь чуулганы дэг зөрчсөн гишүүнд сануулга өгөхгүйгээр чуулган, байнгын хорооны хуралдаанд суух эрхийг нь нэг удаа хасдаг байсан бол энэ хуулиар эхлээд сануулах зэрэг дөрвөн  үе шаттай байна. Үндсэн хуулийн цэц зөв гэж үзсэн шийдвэр гаргасан үед гишүүд асуулт асуухгүй байх зохицуулалтыг дэмжихгүй ээ. Хуучнаар нь үлдээх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

Энэ хууль чинь АН, МАХН, бие даагч гээд 14 нөхөрт зориулаад л хөөж гаргана, та нар аятайхан бай гээд л хөөж гаргах талаар яриад байгаа юм шиг санагдаад байх юм. Надад эсвэл тэгж санагдаад байна уу. Хөөж гаргаж яах нь вэ. Хэдүүлэхнээ байж. 14 амьтныг хөөж гаргаж яах нь вэ. Та нараас бол хөөгдөнө гэж байхгүй байх. Хуралдааны цагийг 09 байсныг 10 болгоод тэгж байгаад 11 цаг болдог юм. Цагийг өөрчлөөд хэрээггүй байх аа. Сонгогчдынхоо өмнө бид сайн ажиллана, ард түмний төлөө алаад өгье гэж орж ирчихээд цагаа бариад л хуралдаа сууж байя. Цагийг 10 болговол сулрахын шинж шүү.  Ерөнхий сайдын мэдээллээ өөрөө хийдэг байх ёстой. Ерөнхий сайдаар заавал өөрөөр нь хийлгэх ёстой. Цэц зөв гээд үзчихсэн байхад яагаад зөв гэж үзсэн юм гээд гишүүд дахин асуулт асуух нь зохисгүй гэж үзсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 Гишүүнийг танхимаас гаргах заалт өмнө нь байсан. Гэхдээ хэт ерөнхий байсныг уян хатан болгож зөөллөсөн гэж ойлгох хэрэгтэй.  Хэт хатуу, модон байсан. Ерөнхий сайдын ажилтай байх үед холбогдох сайд нь илүү мэдээлэл өгөх боломжтой  гэсэн зохицуулалт оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

Хуралдааны дэг зөрчвөл ямар хариуцлага хүлээх талаар өмнө нь байсан заалт . Бусад улсуудын  зохицуулалтын судалгааг хийсэн,  танилцаж болно. Өмнө нь ч гишүүнийг үг хэлж байхад чиний хэлж байгаа үг таалагдахгүй байна, чи үг хэлэхгүй гээд үгийг нь хаадаг л байсан шүү дээ. Харин үүнийг шат дараатай болгож илүү зөөллөсөн. Сануулаад эхлээд үг хэлэх эрхийг нь хасах гэх мэтээр шат дараатай болгосон. Нэг гишүүний асуудал биш, парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэсэн ийм л хууль. УИХ-ын онцгой бүрэн эрхэд хэн ч халдах ёсгүйг та бүхэн ч өөрсдөө сайн мэдэж байгаа.

УИХын гишүүн Б.БатЭрдэнэ:

Хуралдаа ирдэггүй, хүний кноп дардаг, хүний картыг авдаг, цаашилбал ашиг сонирхлын зөрчилтэй юманд оролцдог. Өөрсдийн хувийн компанид зориулсан хууль бодлого гаргадаг. Төр ард түмний нэр барьж авсан зээл бондоос авдаг. Энэ хууль  хяналтын байгууллагаар орж явдаг. Ийм зүйлсээс больчихвол энд их ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн төрийн эрхийг барина. Иргэдийнхээ их мандатыг аваад энд ажиллаж байгаа бол ажлаа л хийвэл бид ямар ч асуудал гаргахгүй. Нэгэнт өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа хариуцлагатай явуулах хэрэгтэй. Өнөөдөр бид 9 цагтаа хурлаа хийж чадаж байна. Хурлаа цаг хугацаандаа чанартай хийж эхэлбэл цаашлаад авилгал хээл хахууль, ашиг сонирхол, элдвийн хувийн сонирхолтой зүйлсээс ангид байж чадна гэсэн үг.

УИХын гишүүн Б.Пүрэвдорж:

Надад зориулж ийм хууль батлах гэж байгаа юм уу. Өнөөдөр та нар цөөнхийн төлөөллөө хуралдаанаас хөөх, үгийг нь хэлүүлэхгүй байх  ийм л хууль батлах гэж байна. Гэхдээ цаг эргэдэг юм шүү.Ан олонх болохоороо энэ хуулийг чинь хамгийн түрүүнд хүчингүй болгоно. Харин ч цөөнхийн төлөөллийн үг хэлэх хугацааг зургаан минут болгож нэмнэ. Албан тушаалтан бүр цөөнхийн төлөөллийн асуултад бүрэн дүүрэн хариулдаг байх тэр зохицуулалтыг хийнэ. Цөөнхийн эрх хамгаалагдсан тэр цаг ардчиллын эрх баталгааждаг. Гэтэл та бүхэн 14 гишүүний эрхийг боох гэж байна. Цөөнхийн эрхийг хааж ЖДҮ, тендер хулгайлах гэж байгаа биз дээ. Л.Оюун-Эрдэнэ 2 тэрбум төгрөгөөр  хөшөө барина гэчихээд түүнийгээ 800 саяар барьж, үлдсэнийг нь хулгайлсан түүнд ямар хариуцлага тооцох юм бэ. Даргын зөвлөл хэлэлцэх асуудлыг баталдаг. УИХ-ын даргаас гуйлга гуйж байж хэлэлцэх асуудалдаа оруулж өгөхийг хүсдэг.

УИХын гишүүн С.Бямбацогт:

Гишүүд маань бага улстөржиж, асуудлыг бага мушги гэж хүсч байна. Өнөөдөр гэнэт оруулж ирсэн заалт биш ээ. Гишүүдэд хариуцлага тооцох асуудал 2012 онд ч байсан. Бүх улсын парламентад үйлчилдэг заалт. Харин ч энэ удаагийн өөрчлөлтөөр цөөнхөө хүндэтгэж, үг хэлэх боломжийг нь илүү олгож байгаа. АН-д эрх барьж байхдаа 25 гишүүнтэй МАН-ыг бүлэггүй, байнгын хороонд хүртэл оруулж байгаагүй.Харин ч бид энэ бүх алдааг чинь засч байна. Түүхээ эргэж харсан нь дээр байх.

Үүгээр гишүүд үг хэлж дууссанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн оронх үзсэн тул анхны хэлэцлүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн  Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.

09 : 36
2020-10-22

УИХ-ын чуулган эхэллээ

Намрын чуулган (4)

Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж