“Defacto” нэвтрүүлгийг гаргахгүй гэсэн

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

“Defacto” нэвтрүүлгийг гаргахгүй гэсэн

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Амарсанааг урьж ярилцлага авснаас болоод эдийн засагч Д.Жаргалсайханы хөтлөн явуулдаг нэвтрүүлгийг МҮОНТВ-ээр цаашид дахин гаргах боломжгүй гэдгээ телевизийн удирдлагууд мэдэгджээ. Энэ тухайгаа эдийн засагч твиттер хуудсаараа жиргэсэн бөгөөд өөрөөс нь юу болсныг тодруулсан юм.

-Та твиттер хуудсаараа нэвтрүүлгээ хаагдсан болохыг зарлалаа. Ж.Амарсанааг урьж оролцуулсан нь нэвтрүүлгийг хаах үндэслэл болов уу, эсвэл өөр шалтгаан байв уу?

-Ямар нэг шалтгаан байхгүй. Уржигдар Үндэсний телевизийн дарга Ц.Мөнхтөр над руу утасдаад нэвтрүүлгийг чинь цаашид гаргах ямар ч боломжгүй гэдгээ мэдэгдсэн.  Өөрөөр хэлбэл, МҮОНТВ-тэй хийсэн гэрээ цуцлагдсан болохыг дуулгасан.

-Гэрээгээ цуцлах болсон шалтгаанаа юу гэж тайлбарлаж байгаа вэ?

-Таны нэвтрүүлэг манай бодлоготой уялдахгүй байна.  Та тэнцвэртэй үзэл бодол гаргаагүй гэсэн.

-Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Амарсанаагаас ярилцлага авсан нь тэнцвэртэй үзэл бодол биш юм уу?

-Бүх чөлөөт хэвлэлийн үндсэн зорилго бол тэнцвэртэй мэдээ мэдээллээр хангах. Энэ зорилгоор Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Амарсанааг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан.  Мэдээж, УИХ-ын болон цэцийн аль аль талын байр суурийг сонсох ёстой. Ингэж байж л тэнцвэртэй мэдээлэл болно.  Гэтэл Ж.Амарсанааг нэвтрүүлэгтээ оролцуулсан гэдгээр шалтаглан гэрээг цуцална гэж мэдэгдсэн Үндсэн телевизийн олон нийтэд тэнцвэртэй мэдээ, мэдээллээр хангах зарчим хаана байгааг ойлгохгүй байна.

-Та ингээд нэвтрүүлгээ зогсоохгүй юм байгаа биз дээ. Аль нэг телевизээр ярилцлагаа хөтөлнө биз дээ?

-Тэгнэ. Зарим нэг телевизтэй ярьж байгаа.

 Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж