Д.Сумъяабазар, Ж.Батбаясгалан нарыг томилохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар, Ж.Батбаясгалан нарыг томилохыг дэмжлээ

Д.Сумъяабазар, Ж.Батбаясгалан нарыг томилохыг дэмжлээ

"УДИРДАХ ЗӨВЛӨЛ ДӨРВӨН АЙМАГ, ХОТЫН ДАРГЫГ ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ"

НЭМЭЛТ: 14.30 

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хотын даргаар Д.Сумъяабазар, НИТХ-ын даргаар Ж.Батяасгалан нарыг томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Тиймээс маргааш хуралдах, НИТХ-ын анхдугаар хуралдаанаар тэднийг томилох юм. Удирдах зөвлөлийн хурлын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН:

-Удирдах зөвлөлийн хуралдаанаар дөрвөн аймаг болон Хотын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцлээ. Парламентын сонгуульд намын дарга Ерөнхий сайд байх заалттай бөгөөд анхан, дунд шатанд хэрэгжих ёстой гэж үзсэн үүднээс Засаг дарга нарыг томилсон. Намын дотоод ардчилал, эрх тэгш байх үүднээс шийдвэр гаргадаг. Нийслэлийн Засаг даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгалан нарыг томилохыг дэмжсэн. Д.Сумъяабазар гишүүн гурав дахь удаагаа сонгогдоод, гишүүнээсээ татгалзаад хотын дарга болгох шийдвэр гаргахад амаргүй байсан. Намын удирдлагын зүгээс нийслэлийн сонгогчид 1,4 сая оршин суугч, 1,1 сая сонгогчийн итгэлийг хариуцлагатай үүрэхийн төлөө амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд, улс төрийн шийдвэр гаргасан. Орон нутгийн сонгууль болсноос хойш цаг алдаж, албан тушаал даргын суудал ярьж хугацаа алдахгүй гэдэг байр сууринаас асуудалд хандсан. Мэдээж хувь хүний хувьд гишүүнээсээ татгалзаж, хотын дарга болно гэдэг шийдвэр гаргах нь амаргүй байсан. Улс төрийн намын гишүүн улс төрийн бодлого, шийдвэрээ дагаж явах үүрэгтэй. Ялангуяа тухайн шатанд намыг удирдаж байгаа дарга улс төрийн шийдвэрээ нэгт тавих ёстой гэдэг зарчмаа барьсан.

Мөн Удирдах зөвлөлийн хуралдаанаар дөрвөн аймгийн Засаг даргыг томилохыг дэмжсэн байна. Тодруулбал,

  • Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Ш.Оргил,
  • Дархан-Уул аймгийн Засаг даргаар Б.Азжаргал
  • Хэнтий аймгийн Засаг даргаар Ц.Идэрбат
  • Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Мөнхсайхан

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

НЭМЭЛТ: 13.30

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж эхэллээ. Хуралдаанаар нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаанаас гаргасан хотын даргаар Д.Сумъяабазарыг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нарыг томилуулах саналыг хэлэлцэх юм.

Хэрэв Удирдах зөвлөлөөс Д.Сумъяабазар, Ж.Батбаясгалан нарыг дэмжвэл маргааш хуралдах НИТХ-ын анхдугаар хуралдаанаар тэднийг батламжлах юм. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын даргаар томилогдвол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж, нөхөн сонгууль зохион байгуулах уу, эсвэл гэдэг асуудлыг тодорхой болгох юм. Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилохыг УЗ-өөс 100 хувь дэмжлээ.

 


ХОТЫН ДАРГАД Д.СУМЪЯАБАЗАР, НИТХ-ЫН ДАРГАД Ж.БАТБАЯСГАЛАН НАРЫГ ДЭВШҮҮЛЭВ

НЭМЭЛТ: 12.20

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурал дөнгөж сая өндөрлөж, нийслэлийн МАН-ын V хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгалан нарыг дэвшүүлэхээр санал оруулж байгааг МАН-ын генсек Д.Амарбаясгалан танилцуулж, үг хэллээ.

МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН:

-УИХ-ын гишүүнээсээ татгалзах улстөрчийн хувьд хүнд шийдвэр. Гэхдээ намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлээн авч байгаа Д.Сумъяабазар даргадаа талархаж байгаагаа илэрхийлье. Бидний өмнө сонгуулиар итгэлээ өгсөн нийслэлчүүдийн итгэлийг ажил хэрэг болгон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чухал хариуцлага хүлээж байна. Бидэнд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж байсан гашуун түүх бий. Биднийг намын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн маш том 2 үйл явдал ирэх жилд хүлээж байна. Иймээс Д.Сумъяабазар даргыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна гэв. Хотын дарга УИХ, Засгийн газарт хүртэл ажиллаж чадах зангарагтай чадвартай хүн байх ёстой. Улс төрийн туршлага, мэдлэг чадварыг нь ашиглах гэж бид өөрөөр нь энэ хүнд шийдвэрийг гаргуулсан гэдгийг та бүхэн ойлгоорой.

 


НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 11.15

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурал дөнгөж сая эхэллээ. Намын удирдлагын зүгээс хотын даргад нийслэлийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Д.Батбаясгалан нарыг нэр дэвшүүлсэн гэх албан бус мэдээлэл байна.

Гэхдээ тэргүүлэгчдийн зүгээс хотын дарга, НИТХ-ын дарга нарт хэнийг дэвшүүлэх вэ гэдгийг сонгосны дараа нийслэлийн МАН хуралдах юм. Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд болно.


МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ 12.00 ЦАГТ ХУРАЛДАНА

Монгол ардын нам /МАН/-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2020.10.22/ 12.00 цагт хуралдахаар товложээ. Удирдах зөвлөл өчигдөр хуралдана гэсэн мэдээлэл байсан ч Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, хотын дарга, НИТХ-ын даргад хэнийг дэвшүүлэх талаар ярилцсан гэнэ.

Тиймээс өнөөдөр Удирдах зөвлөл хуралдахын өмнө 11.00 цагт Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид, түүний дараа нийслэлийн МАН-ын хурал болох юм байна. Тус хурлаар хотын дарга, НИТХ-ын даргад хэнийг дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгох аж. Учир нь НИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 23-ны өдөр буюу маргааш хуралдах бөгөөд энэ хуралдаанаар НИТХ-ын даргыг томилох, хотын даргын нэрийг дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлогдоод байгаа юм.

Сонирхуулахад, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын зүгээс Хотын даргад хэд хэдэн хүний нэрийг дэвшүүлсэн ч Ерөнхий сайд дэмжээгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, нийслэлийг дөрвөн жил удирдах хүн нь улс төрийн хувьд, намдаа ч хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой гэж үзэж байгаа учраас Д.Сумъяабазарыг хотын даргад дэвшүүлнэ гэх яриа ч Тусгаар тогтнолын ордонд гарах болжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж