Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс сүр дуулиантай шалгаж эхэлсэн билээ. Хууль, хяналтын байгууллагын тусгай ажиллагааны үр дүнд өндөр хүчин чадал бүхий 1000 орчим комьпютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн тансаг зэрэглэлийн автомашинууд хураан авсан байдаг.
БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа гэгч энэ зохион байгуулалттай бүлэглэлийг байгуулж, удирдсан хэрэгт холбогдоод буй. Хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.
Улмаар гол зохион байгуулагч болох 15 орчим хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, үлдсэн хүмүүсийг 2019 оны арваннэгдүгээр сарын 2-нд нутаг буцаасан билээ. Хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийг шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэх саналаа 2020 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Улмаар тус хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 12-ны даваа гаригаас эхлэн ажлын долоон өдөр хэлэлцсэний эцэст өчигдөр /2020.10.21/ дараах шийтгэх тогтоолыг гаргажээ.
Тодруулбал, шүүгдэгч Лью Тин Хуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон бол бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэх шийтгэх тогтоол гаргасан байна.
Мөн дээрх 15 хүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утсууд зэрэг эд зүйлсийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн аж. Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валют хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагаа явуулж байсан. Улмаар тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдсон байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ