НЭМЭЛТ: 19:50 цаг
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Батхүүг гэм буруутайд тооцож найман жилийн хорих ял эдлүүлэх, бусдад учруулсан 137.9 тэрбум төгрөгийн хохирлыг Ш.Батхүүгийн өмч хөрөнгөөр нөхөн барагдуулахаар шийдвэрлэлээ. Харин Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Г.Алтан, Э.Сүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна. Шүүхийн шийдвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш /2020.10.23/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өгөх аж.Шүүх хуралдаан 18.51 цагт дуусчээ.
НЭМЭЛТ: 08: 32 цаг
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Ш.Батхүү, Ч.Ганзориг, Г. Амарбат, Б.Мөнхжаргал нарыг гэм буруутайд тооцож, Г.Алтан, Э.Сүрэн нарын хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, шүүхийн ял оногдуулах шүүх хуралдаан үргэлжилж байна.
“Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр (2020.10.2) 09.30 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13 дахь өдрөө үргэлжилж байна. Тус шүүх хуралдаанаар өчигдөр гэм буруугийн дүгнэлтийн шат дуусч, шүүх хуралдаан завсарласан юм. Тэгэхээр шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийтгэх тогтоолоо танилцуулж магадгүй аж.
"Жаст" группын захирал асан Ш.Батхүү нь "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй юм.
Мөн Олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйварт тухайн үеийн Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл", “Олон овоот" ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүж буй нь энэ юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ