Сурвалжлага: Нийслэлчүүд шувуу харах дуртай болсон

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Нийслэлчүүд шувуу харах дуртай болсон

Сурвалжлага: Нийслэлчүүд шувуу харах дуртай болсон

Нийслэлийн Байгаль орчны газраас /НБОГ/ Улаанбаатар хотын шувуудын нягтрал хамгийн их байдаг  хоёр байршил болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Хун нуур, Сонсголонгийн  намаг газарт шувуу ажиглах цэгийг байгуулсан. Тус цэгүүд дээр түгээмэл тархацтай шувуудийн мэдээлэл болон зургийг, шувуу ажиглах зөвлөмжийн хамт байршуулсан байв.

Монгол Улсад  235 төрөл, 69 овог, 22 багт хамаарагдах 513 зүйлийн шувуу албан ёсоор бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатар хотын орчимд одоогийн байдлаар нийт 121 төрөл, 40 овог 16  багт хамаарах 227 зүйл  шувууд ирж, буцаж, өвөлждөг аж. Эдийн засаг хямарч, экспортын орлого буурсан үед элдвийн бүтээн байгуулалт, хэмнэж болох зардлуудаа төр, засгийн байгууллага аль болохоор танах хэрэгтэйг эдийн засагчид сануулах болсон.  Шувуу ажигларх цэг ч нэн яаралтай байгуулах бүтээн байгуулалт биш. Гэхдээ дээрх цэгүүдийг хэдэн төгрөгөөр санхүүжүүлснийг албаны хүмүүс нууцлав. Харин төсвийн хөрөнгөөр биш аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр барьж байгааг онцолсон.  Шуваа ажиглах цэгийг байгуулах нь байгаль хамгаалал, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой болохыг НБОГ-ын мэргэжилтэн Ц.Цолмонбаатар тайлбарласан юм.

ШУВУУ ХАРАХ ЦЭГ ДЭЭРЭЭС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ХИЧЭЭЛ ЗААХ ХҮСЭЛТ ТАВЬЖ БАЙНА

НБОГ-ын амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.ЦОЛМОНБААТАР:

Тэрбээр "Шувууд нь ялаа, шумуул, шавж, мэрэгчдийн тоо толгойг зохицуулж, ургамал, ой моддыг өвчнөөс хамгаалан өсөлтийг дэмжиж, сэг зэм, хог хаягдлаас үүсэх аливаа халдварт өвчин гарахаас сэргийлж байдаг экосистемийн тэнцвэрийг хангагч юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд  Монголын шувуу хамгаалах төвтэй хамтран Улаанбаатар хотын орчимд өвөлжиж байнгын  байршдаг шувуу хэд байгаа талаарх  тоон судалгааг  хийсэн.

Судалгаагаар Улаанбаатар хот орчимд байдаг  41 зүйлийн шувуу  нь өвөл болохоор Оросоос, Сибирээс ирж өвөлждөг.  Туул голын хөндий, Засгийн газрын ордны арын цэцэрлэгт хүрээлэн, Төв цэвэрлэх байгууламж орчмын карьерээс үүссэн нууруудад шувууд цугладаг гэсэн судалгаа гарсан

Сүүлийн жилүүдэд шувуу ажиглах, шувууны зураг авах сонирхолтой хүмүүс их болсон учраас НБОГ-аас 2020  онд Сонгинохайрхан дүүрэг  дэх түгэмээлэл тархацтай ашигт малтмал олборлодог таван аж ахуйн нэгжийн байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах хөрөнгөөр Улаанбаатар хотод анх удаагаа шувуу ажиглах цэгийг байгуулсан. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр болон  Сонсголонгийн  намаг газарт дээрх хоёр шувуу ажиглах цэг бий.  Шувуу сонирхогч, судлаачид Хун нуурыг сайн мэднэ.

Нүүдлийн шувууд нь  гурван сарын сүүлээс есдүгээр сар хүртэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст гарч өндөглөн зусч үр төлөө бойжуулаад өвлийн улиралд дэлхийн бөмбөрцгийн өмнө хагаст өвөлждөг.

Сүүлийн жилүүдэд алаг шунгаач, зэрлэг нугас, отгот шунгуур,  хондан ангир зэрэг  нүүдлийн шувууд  Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир ус нь гол мөрний ус шиг хөлддөггүй учраас өвөлжиж үлдэх болсон.

Өөрөөр хэлбэл, тус байршилд идэш тэжээл болон бусад байгальд үлдэх таатай нөхцөл нь бүрдсэн гэсэн үг.  Одоогийн байдлаар  зарим нүүдлийн шувуудийн ихэнх нь буцсан учраас шувуу ажиглах цэг орчимд усны шувууд болон тухайн орчмын модны жижиг шувуудыг харах бүрэн боломжтой. Тус цэг нь  байгаль хамгаалал, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой. Хавар дулаан орохоор нүүдлийн шувууд ирэх үед шувуу харах цэг дээрээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсролын хичээл орох хүсэлтийг эхнээсээ  тавьж байна.  Цаашдаа шувуу ажиглах цэгийг өөр цэгүүдэд нэмж  байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэв.

Судалгаанаас үзэхэд дээрх хоёр байршил дахь шувуудыг ажиглагчид 2008 оноос хойш идэвхтэй бүртгэж байгаа гэнэ.  Одоогоор 13 баг, 40 овгийн 187 зүйлийн шувуу бүртгэгдсэн байна. Энэхүү шувуудыг оршин амьдрах хэлбэрээр нь ангилан үзвэл дайран өнгөрдөг 56 хувь, нүүдлийн өндөглөдөг 21 хувь, суурин 17 хувь, өвөлждөг зургаан  хувь байна. Үүнээс 22 зүйлийн шувуу нь Монгол улсын улаан ном, бүс нутгийн болон олон улсын улаан дансанд устаж байгаа, устаж болзошгүй, эмзэг, ховордож болзошгүй гэсэн зэрэглэлд багтдаг.

ШУВУУГ  ОРЧИН ҮЕД ХОТЫН ИРГЭД СОНИРХОН АЖИГЛАХ ДУРТАЙ БОЛСОН

Сонгинохайрхан дүүргийн  нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагч, НБОГ-ын улсын  байцаагч  Н.Дорж “Шувуу ажиглах нь орчин үед хотын иргэдийн дунд өргөн дэлгэрч буй нэг төрлийн сонирхол юм. Тиймээс амьтдын амьдрах орчныг  судлах бүрэн боломжтой. Сүүлийн өдрүүдэд хүйтэрч байгаа учраас хүмүүс ирэх нь багассан. Хүмүүс ирэхээрээ ихэвчлэн гэр бүлээрээ ирдэг. Шувууны  зураг авах сонирхолтой гэрэл зурагчид бас ирдэг. Тэдгээр хүмүүс дунд туршлагатай шувуу ажиглагч нар ч байна. Шувууны бие, хошуу, сүүлний хэлбэр ба хэмжээ, нүүр, толгой орчмын онцгой  шинж тэмдгүүдээр  нь хараад шууд л таньдаг. Зарим нэг нь шувууны  амьдрах орчныг судлахгүйгээр энд  ирээд говь цөлийн шувуу  асууж байх жишээний. Говь, цөлийн шувууд ойд байх боломжгүй. Иргэдэд зөвлөхөд, шувуу ажиглах цэгтэй хэт ойрхон  машинаа авчрахаар шувууд үргэж нуурын нөгөө захад гарчихдаг учраас машинаа аль болох шувуу ажиглах цэгээс хол тавихыг зөвлөж байна” гэлээ.

Мөн сүүлийн жилүүдэд  нүүдлийн шувууд гэмтэж бэртэж хоргодох нь ихэссэн нь нийслэлд баригдсан  өндөр шилэн барилгуудтай холбоотой аж. Учир нь нисч яваа шувуунд цаад тал нь нэвт харагддаг учраас нүүдлийн шувууд ирж буцах замдаа шилэн барилгыг мөргөж гэмтэж бэртэх хорогдох тохиолдлууд гарах болсон байна.

Тиймээс НБОГ-аас  хотын өндөр шилэн барилгуудад махчин шувууны хэлбэртэй наалт наах ажлыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар зургаан барилга дээр байршуулсан бөгөөд нүүдэлж яваа шувууд махчин шувууг харахааар чиглэлээ өөрчилөх бүрэн боломжтой гэнэ.  Мөн шувууд ихээр хоргодож байгаа сөрөг хүчин зүйл нь 6,10,15 кватын өндөр хүчдэлийн шугамуудад махчин шувууд сууж байгаад тогонд цохиулж хоргодох тохиолдууд их гарах болжээ. Энэ талаарх нарийн тоон судалгааг НБОГ-аас хийж байгаа юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж