АНХААР: Гурав хоногт газар тариалангийн ажлаа амжуулаарай

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

АНХААР: Гурав хоногт газар тариалангийн ажлаа амжуулаарай

АНХААР: Гурав хоногт газар тариалангийн ажлаа амжуулаарай

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн инженер О.Оюунчимэгээс ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг тодрууллаа.


-Цаг агаар ойрын хоёр хоногт ихэнх нутгаар хүйтэрч, зарим газраар цасан шуурга шуурсан. Хэчнээн аймагт гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч, цас орсон бол?

-Аравдугаар сарын 19-нд баруун аймгаас эхлэн хүйтэрч, Увс аймгийн Зүүнговь суманд 10 мм цас орсон. Энэ сарын 19-нөөс 20-ныг шилжих шөнө Төвийн аймгийн нутгаар, өчигдөр монгол орныхоо зүүн хагаст цас орж, хүчтэй цасан шуурга шуурсан. Салхины хувьд зарим үед 28-30 метр/секунд хүрч, цаг агаарын аюултай үзэгдэл болсон. Орсон хур тунадасны хэмжээ баруун аймгаар их орсон бол төв болон зүүн аймгийн нутгаар харьцангуй бага, салхи шуурга ихтэй байлаа. Агаарын температурын хувьд зүүн аймгуудаар сэрүүн байгаа ч энэ сарын  22, 23, 24-ний өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаахан байна. Уулархаг нутаг, голуудын хөндийгөөр өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм цаг агаар тогтуун өдрүүд үргэлжилнэ.

Харин аравдугаар сарын 24-нд баруун аймгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Салхи шуурганы  хувьд аравдугаар сарын 24-нд Алтайн салбар уулс, 25-нд Монгол орны зарим газраар, 26-нд говь тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температурын хувьд энэ сарын 22-ноос 24-нд ихэнх нутгаар дулаахан байх боловч 25-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр 26-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

-Намрын ургац хураалтын ажил үргэлжилж байгаа. Газар тариалангийн бүс нутгаар хур тунадас хэр орсон бэ?

-Харьцангуй гайгүй байгаа. Сүүлийн хоёр хоногт орсон цас баруун аймгуудаар орсон ч төвийн аймгуудаар салхи шуурга ихтэй байсан учраас цас тогтож их хэмжээгээр ороогүй. Говийн аймгуудаар хүчтэй салхитай, шороон шуурга болсон. Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх гурав хоногт газар тариалангийн ажлаа амжуулахыг анхааруулъя.

Энэ сарын 25-наас хойш ерөнхийдөө ихэнх нутгаар хүйтрэх юм билээ. Агаарын температурын хувьд -20 хэмээс -30 хэм хүрч хүйтрэхгүй ч уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө хасах 20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3 хэмээс 13 хэм хүйтэн, өдөртөө уулархаг нутгаар хасах хэм рүү шилжих төлөвтэй байна. Бусад нутгаар өдөртөө 1-6 хэм орчим байна. Ихэнх нутгаар 8-10 градусаар хүйтэрнэ.

-Улаанбаатар хотын хувьд цаг агаар ямар байх вэ?

-Нийслэл хотод ойрын гурван өдөрт цаг агаар тогтуун, дулаан байх төлөвтэй. Өчигдрийн хувьд өдөртөө -1 хэм байсан бол өнөөдөр 5-6 хэм, нөгөөдөр 10-11 хэм дулаан байна. Харин аравдугаар сарын 26-нд өдөртөө нэг градус хүрч, хүйтэрнэ.

АРАВДУГААР САРЫН 23-НААС 27-НЫГ

ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Аравдугаар сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө гурван градус дулаанаас хоёр градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 гадус дулаан байна. Энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж