Хар өнгийг хамгийн анх дур булаам болгосон “Гоо” Филип

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Хар өнгийг хамгийн анх дур булаам болгосон “Гоо” Филип

Хар өнгийг хамгийн анх дур булаам болгосон “Гоо” Филип

Хар өнгө бол зөвхөн гашуудлын хувцаснаас илүү өргөн утга, цар хүрээ, гоо сайхан агуулдаг билээ. Хаана ч явлаа гэсэн хар өнгийн хувцас хүч чадлыг мэдрүүлдэг. Хүн төрөлхтөн анх хар өнгийг зөвхөн оршуулган дээр өмсдөг байсан бол өдгөө романтик болзоо, рок тоглолт, албан ёсны бизнес уулзалт гээд бүх салбар, орчинд хар өнгийн хувцас хамгийн гол сонголтуудын нэг болсон байна.

Энэ бол уламжлалыг эвдэн хар өнгөний гоо сайхныг анзаарч, оршуулган дээр биш өдөр тутамдаа өмсөж эхэлсэн Итали, Францын язгууртнууд, тэр дундаа Бургундын жонон “Гоо” хэмээх Филипийн нийгэмд бүтээсэн өөрчлөлт юм. Хүмүүс буландаа энэхүү эрхмийг онцолж байна.

“ГОО” ФИЛИП ГЭЖ ХЭН БЭ?

Филип нь 1419 оноос нас барах хүртлээ Бургундигийн жонон байжээ. Тэрээр Францын 15-р зууны бүх хаадын харьяалагддаг Валуа кадетийн бүлгийн гишүүн байв. Түүний засаглалын үед Бургунд муж улс нь хөгжил цэцэглэлт, нэр хүндийн оргилд хүрч, урлагийн хувьд хамгийн тэргүүний, том төв болжээ. Филип засаг захиргааны шинэчлэл хийж, Жан ван Эйк, Гиллес Бинчойс зэрэг франц хөгжмийн зохиолчдыг ивээн тэтгэж, Жоан Аркийг барьж авснаараа түүхэнд нэрээ тод үлдээсэн билээ. Улс төрийн хувьд тэрээр Англи, Францтай ээлжлэн эвсэлдэж, өөрийн мужийн хөгжлийг бүх боломжоор сайжруулахаар зорьж байсан юм. Тэрээр Фландри, Брабант, Лимбург, Артуа, Хайнавт, Голланд, Люксембург, Зеланд, Фрисланд, Намурын захирагчийн хувьд Бага улсуудын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм.

 

 

ГЭР БҮЛ, БАГА НАС

Филип 1396 онд Дижон хотод “Аймшиггүй” гэгч Жон, “Баварийн” Маргарет нарын хүү болон мэндэлжээ. Харин түүний аав Жон 1404 онд өөрийн эцэг “Тод” хэмээх Филипээс Бургунд муж улсын жононгийн суудлыг залгамжлан авсан аж. Гоо Филип 1405 онд Шаролагийн гүнгээр тодорч, тэр өдрөө буюу найман настайдаа Францын хаан VI Карлын гүнж Мишельтэй сүй тавьж, 1409 онд гэрлэжээ.

Гэвч 1422 онд Мишель нас барсны дараа тэрээр 1424 онд Еугийн гүн Артуагийн Филипийн охин, өөрийн авга ах болох Неверсийн гүн II Филипийн бэлэвсэн эхнэр Боннтой гэрлэсэн гэдэг. Зарим эх сурвалжууд Бонныг Гоо Филипийн авга эгч, Аймшиггүй Жоны эгч Боннтой андуурах тохиолдол байдаг гэнэ.

Түүнээс хойш Гоо Филип түүхэнд тэмдэглэгдсэнээр 24 хүүхнээс дор хаяж 18 хүүхэдтэй болжээ.

УРЛАГТ ДУРЛАСАН НЬ

Гоо Филипийн засаглал Европ дахь хамгийн тааламжтай цаг үе гэж албан ёсоор тооцогддог байжээ. Түүнээс гадна Филип Бургундын тансаг бараа бүтээгдэхүүнийг Европын бусад орнуудад сурталчилж, элитүүдэд түгээх болсноор муж улсынхаа эдийн засагт том нэмэр болж, улмаар тухайн үеийнхээ урлагийн мэдрэмж, хувцас загварын хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болсон юм. Жишээлбэл, түүний засаглалын үед Английн хамгийн баян комиссарууд тэргүүтэй бусад гадаадын худалдан авагчид Англи, Парисын бүтээгдэхүүн хэрэглэхээ аажмаар больж, Нидерландын бараа бүтээгдэхүүнийг илүү сонирхдог болсон байна. Түүнээс гадна Филип өөрөө дюкалийн цуглуулгад зургаан зуун гар бичмэлийг нэмж оруулсан нь түүнийг тухайн үеийн хамгийн чухал соёлын ивээн тэтгэгч болгосон байна. Мөн түүний нарийн бичгийн дарга нарын нэг Жан Миелот олон чухал ном зохиолуудыг франц хэл дээр орчуулж байсан аж.

Филипп мөн бусад урлагийн хувьд асар чухал ивээн тэтгэгч байсан юм. Тэрээр хивсэнд уран зургаас илүү дуртай байсан бөгөөд өөртөө зориулж олон тооны хивс, дархны бүтээл, үнэт эдлэл тэргүүтэй үнэлж барамгүй урлагийн бүтээлүүдийг хийлгэдэг байж. Түүний засаглалын үед Бургунд муж улс сүм хийд, хөгжмийн зохиолч, дуучдын зорьж ирдэг, туршлага солилцдог, мэдлэг түгээдэг Европын хамгийн том хөгжмийн төв болжээ. Жиллес Бинчойс, Роберт Мортон, төдийгүй 15-р зууны хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэг Гийом Дуфай нар бүгд Филипийн ордонд хөгжмийн боловсрол эзэмсэн хүмүүс байв.

1428 онд Жан ван Эйк Гоо Филиптэй гэрлэхийг санал болгохоор I Жон хааны охин Инфанта Изабеллагийн хөргийг зурахаар Португалруу аялжээ. Улмаар Филип Португалийн туршлагатай хөлөг онгоц үйлдвэрлэгчидтэй холбоо тогтоож, Брюгге хотод усан онгоцны үйлдвэр байгуулсан нь Бургундын хувьд чухал алхам болж байсан гэнэ.

ДЭГЖИН АГААД ХҮЧИРХЭГ ХАР ӨНГӨ ЭРЧҮҮДИЙН ЗАГВАРЫН ТҮҮХЭНД ОРЖ ИРСЭН НЬ

Маргаангүй, хар өнгө бол соёлын түүхэнд хамгийн чухал өнгөнүүдийн нэг байсаар ирсэн билээ. Жишээлбэл, уран зургийн түүхэнд хамгийн анх хэрэглэгдсэн цөөхөн өнгөний нэг нь хар байснаас гадна жонон харанхуй, ид шид, нууцлаг байдал, цаашлаад хүч чадал, энгийн бас дэгжин байдлыг илэрхийлсээр байв.

Эртний Ромд хар өнгө бол гар урчууд, уран бүтээлчдийн ажлаа хийхдээ, энгийн иргэдийн гашуудал зарлахдаа өмсдөг хувцас байжээ. Түүхийн эх сурвалжуудаас үзэхэд анх хоёрдугаар зуунаас нас барагсдын араас гашуудахдаа хар хувцас өмсдөг соёл дэлгэрч, зарим улсад нас барсан хүний гэр бүлийнхэн тодорхой хугацаанд хар хувцас өмсөх тухай журам хүртэл батлагдаж байсан аж. Энэ соёл өдгөө ч барууны ихэнх орнуудад хэвээрээ уламжлагдсаар байгаа юм.

Харин XIV зуунд хар өнгөний гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь хувцас загварын ертөнцөд өөрчлөгдөж эхэлсэн юм. Чухам энэ үед өмнө нь яагаад ч гарган авч чаддаггүй байсан тод, жонон хар өнгийн будгууд үйлдвэрлэгдэн зах зээлд нэвтэрч, олон янзын материалыг жонон хар өнгөөр будах боломж анх удаа бүрдсэн гэдэг. Улмаар хар өнгийн хувцас аажим аажмаар нийгэмд түгээмэл болж, зөвхөн гашуудлын хувцас байхаа больж эхэлжээ.

Түүхчдийн үзэж буйгаар хар өнгийн хувцсыг хамгийн анх өдөр тутамдаа Мантуа, Феррара, Римини, Урбино тэргүүтэй Италийн язгууртнууд, Миланы жонон нар өмсөж эхэлсэн хэмээдэг аж. Харин Францад Бургундийн жонон “Гоо” Филип (1396-1467) өдөр тутамдаа үргэлж хар хувцас өмсдөг болсноор хар өнгөний гоо сайхныг бусдад таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрбээр 1419 онд эцэг нь алуулснаас хойш үргэлж зөвхөн хар өнгийн хувцас өмсөж байхаар шийдсэн гэдэг. Харин бусад язгууртнууд тухайн үед төрөл бүрийн тод өнгөтэй ганган хувцасаар гоёдог байсан аж.

Чухам тэр цагаас эхлэн хар өнгө хүч чадлыг хамгийн оновчтой илэрхийлэх сонголт болж, Европын зарим хэсэгт дээд зиндааны язгууртнууд, засгийн газрын эрх баригчид, баян банкирууд болон наймаачдаас бусад хүмүүс хар өнгийн хувцас өмсөхийг хориглосон хууль хүртэл гарч байсан юм. Түүнээс гадна жонон хар будаг хийхэд өндөр өртөгтэй байдаг зэргээс шалтгаалан хар өнгө өмссөн эзнийхээ нийгмийн байр суурь, хөрөнгө чинээ, нэр төрийн баталгаа болж эхэлсэн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж